Д.Доржпүрэв: Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Дээд шүүхээс давсан шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Д.Доржпүрэв: Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Дээд шүүхээс давсан шийдвэр гаргалаа

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид дахин сонгуульд саад учруулж байна

Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд “нөхөн болон дахин сонгуулийг тухайн жилийн 6 дугаарын сарын сүүлийн долоо хоног, 10 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр явуулна” гэж заасан байдаг. Орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг хэлнэ гэж тус хуулийн 8 дугаар зүйлд заасан байдаг. Харин зарим аймагт дахин сонгуулийг явуулах эсэх асуудал маргаан дагуулж эхлээд байгаа аж. Тухайлбал Орхон аймгийн хувьд нэр бүхий 28 хүний “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж дахин сонгууль зохион байгуулж явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны  захиргааны хэргийн шүүхээс энэ сарын 20-нд шийдвэрлэжээ. Гэтэл Орхон аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвлхагва  “Орхон аймгийн ИТХ-ын дахин сонгуулийг зохион байгуулах Аймгийн сонгуулийн хороо татан буугдсан, аймгийн ИТХ-ын бүрэн эрх хүчин төгөлдөр үйлчилж байгаа, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Сонгуулийн хороог дахин байгуулахгүй” гэсэн үндэслэлүүдээр “Орхон аймгийн ИТХ-ын дахин сонгууль явагдахгүй болно” гэсэн албан бичгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд явуулсан байх юм. Эрхэм хүндэт Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид үүгээрээ Дээд шүүхийн шийдвэрээс давсан шийдвэр гаргасан нь илт харагдаж байна. Энэ асуудалтай холбогдуулан Орхон аймгийн ИТХ-д нэр дэвшигч Д.Доржпүрэвтэй ярилцлаа.

-Та 2016 оны сонгуулиар Орхон аймгийн ИТХ-д нэр дэвшин өрсөлдөхөөр хүсэлтээ гаргахад аймгийн сонгуулийн хороо бүртгэж аваагүйн улмаас шүүхэд хандсан юм байна. Удахгүй дахин сонгууль явагдах бололтой. Аймгийн сонгуулийн хороо товоо зарласан уу?

-Бидний 29 хүн хасагдсанаас нэг нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Ингээд 28 хүн Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж дахин сонгууль зохион байгуулж явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дахин сонгууль товлож, зарлан явуулахыг хүсч, хууль бусаар алдагдсан эрхээ олж авахаар шүүхэд хандсан. Шат шатны шүүхээр хэлэлцэгдэж, мөн Ерөнхий шүүгчид хандсанаар аймгийн Сонгуулийн хороог буруу шийдвэр гаргасан гэж үзэж  дахин сонгуульд оролцуулахаар шийдвэр гарсан. Үүнийг үндэслээд дахин сонгуулиа зарлаач гээд эрх бүхий шүүхийн шийдвэрүүд, хуулийн заалтуудыг сануулахад аймгийн Сонгуулийн хороо товоо зарлаагүй. Тэгэхээр нь бид дахин сонгууль явуулах, тов зарлахыг хүссэн нэхэмжлэхээ шүүхэд гаргасан. Дахиад гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдэж дээрх 28 хүн хуулийн дагуу Сонгуулийн хороонд бүртгэж сонгуулийн товыг зарлах, сонгуулийг зохион байгуул гэсэн ийм хоёр шийдвэр тус бүр гурван шатнаас гарсан гэсэн үг.

-Ямар хугацаанд тов зарлах ёстой вэ. Мөн яагаад 28 нэр дэвшигч гээд байгаа юм бол?

-Хуульд зааснаар шүүхийн шийдвэр гарснаас 30 хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлах ёстой. Гэтэл энэ 28 хүнгүйгээр шинээр бүртгэн сонгууль зохион байгуулж бүрдсэн ИТХ одоо ажиллаж байгаа. ИТХ-ын сонгуульд намуудын, нам бус, бие даагч гээд нийт 100 гаруй нэр дэвшигч байсан. АН-аас 33 нэр дэвшигч байсан, бид нийлээд шүүхэд хандсан. Яагаад 28 болсон бэ гэхээр бусад нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм. Орхон аймгийн ИТХ-ын сонгууль 22 тойрог дээр 33 мандаттай байсан. Үүнээс 28 нь сонгуульд өрсөлдөх эрхээ олж авахаар шүүхэд хандаж шийдвэрээ гаргуулчихаад одоо товыг хүлээж байна. Ингэснээр дахин сонгууль явагдаж ИТХ шинээр бүрдэнэ гэсэн үг.

-Дараагийн сонгууль хүртэл тун бага хугацаа үлдлээ, яагаад өнөөдрийг хүртэл ингэж удав?

-Сонгууль 2016 оны зургадугаар сарын 29- нд болсон шүү дээ. Сонгуулиас өмнө энэ 33 хүнийг бүртгэхгүй гэсэн шийдвэр 2016 оны тавдугаар сарын 17-нд гарчихсан. Ингээд биднийг давж заалдаж байх хооронд сонгууль болдгоороо болоод өнгөрсөн. Өнөөх “сиймхийгээр” буюу шинээр бүртгэгдээд ялалт байгуулаад ИТХ бүрдүүлсний олонх нь МАН-ынх. Гэтэл дараа нь Дээд шүүхийн шийдвэр гарч бидний 28 хүнийг бүртгэх нь зөв гэж шийдвэр гарчихсан. Үүнээс хойш тасралтгүй шүүхдэж, шүүхийн шийдвэр бидний талд гарсан ч дахин сонгуулийн товыг зарлахгүй байна.

-Аймгийн ИТХ-аас сонгуулийн товыг зарлахгүй байгаа шалтгаанаа юу гэж тайлбарладаг юм бэ?

-Олон шалтгаан хэлдэг. Хамгийн сүүлийн шалтгаан гэвэл шинээр бүрдсэн Пүрэвлхагва даргатай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид “Энэ сонгуулийн хороо ажил нь дууссан учраас дахин сонгуультай холбоотой асуудалд Аймгийн сонгуулийн одоогийн хороо хамаагүй” гээд татан буулгах үндэслэлтэй гээд шүүхэд гомдол гаргачихсан байдаг. Тэр нь өнгөрсөн хавраас хойш явсаар байгаад шүүхийн шийдвэр нь Аймгийн сонгуулийн хороог татан буулгах нь зөв гэж үзээд татан буулгачихлаа. Ингээд одоо шүүхийн шийдвэр гарчихсан учраас  аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Аймгийн сонгуулийн хороог шинээр байгуулах ёстой болоод байна. Гэтэл товоо зарлахгүй, сонгуулийн хороогоо байгуулахгүй нэг ёсондоо Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуулиас давсан шийдвэр гаргачихаад цаг хожих гээд суугаад байна. Бид өнөөдрийг хүртэл шүүхээр яваад байгаагийн учир нь юуны өмнө сонгох сонгогдох эрхээ хууль бусаар алдах ёсгүй. Цаг хугацаа давчуу үлдсэн гэж шантарвал буруу жишиг тогтож, орон нутгийн эрх барих байгууллагад хууль бусаар орж ирж эрх мэдэл авч болдог юм байна гэсэн ойлголт цаашид уламжлаад явахыг үгүйсгэхгүй. Ийм учраас хэвлэл мэдээлэлд хандаж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж