Удамт бөх Ө.Дүүрэнбаяр Бакугийн татамигаас хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Удамт бөх Ө.Дүүрэнбаяр Бакугийн татамигаас хүрэл медаль хүртлээ

Удамт бөх Ө.Дүүрэнбаяр Бакугийн татамигаас хүрэл медаль хүртлээ

Азербайжан улсын нийслэл Баку хотноо насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж Монгол Улс гурван хүрэл медаль хүртлээ. Монголын багийн сүүлийн медалийг өчигдөр /2018.09.26/эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан Азийн наадмын хошой мөнгө, 2017 оны Парисын их дуулга тэмцээний хүрэл медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр олимп, дэлхийн аварга Чехийн Л.Крпалекыг ялж, хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аваргаас 24 насандаа медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр бол бөхийн удамтай тамирчин юм.

Түүний өвөг эцэг Дашийн Лувсан нь үндэсний бөхийн улсын заан цолтой бөгөөд олноо “тавхай” Д.Лувсан хэмээн хийдэг мэхээрээ алдаршсан байдаг. Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын заан Т.Лувсан 1950 оны улсын наадамд алдарт “урт гарт” хэмээх М.Лхагва арслангаар тав давж улсын начин, 1951 оны улс хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмын 1024 бөхөөс долоо даван улсын заан цол хүртсэн бол 1952 оны улсын наадамд долоо даван их шөвөгт шалгарч улсын заан цолоо баталж улмаар 1953 онд зургаа, 1957 онд тав давж байсан хүчит заан юм. Хожмоо “тавхай” Д.Лувсан зааны хүү Лу.Энхбаяр нь 1990 оны улсын наадамд Ч.Гочоосүрэн заанаар тав давж начин цол хүртсэн бол мөн хүү Л.Өлзийбаяр нь 1996 оны улсын наадамд С.Хүрэлбаатар заанаар тав давж улсын начин цол хүртэж байжээ.

ОУХМ, дэлхийн аваргын хүрэл медальт Дашийн Лувсан зааны ач хүү, улсын начин Л.Өлзийбаярын хүү Ө.Дүүрэнбаяр нь 2018 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж дэлхийд нэрээ цуурайтуулсан бол түүний авга ах улсын начин МУГТ Лу.Энхбаяр нь өдгөөгөөс 33 жилийн тэртээ Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохиогдсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-н жинд мөн хүрэл медаль хүртэж алдар нэрээ мандуулж явсан. Мөн тухайн үеийн олимпийн наадамтай дүйх “Найрамдал-1984” тэмцээнээс чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж байжээ. Ийнхүү улсын заан “тавхай” Д.Лувсангийн удмаас дахин нэгэн хүчит бөх дэлхийд нэрээ мандууллаа.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж