Хүүхдэд төрсөн өдрөөс нь эхэлж РД олгоно

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Хүүхдэд төрсөн өдрөөс нь эхэлж РД олгоно

Аравдугаар сарын 1-ний өдрөөс Улаанбаатар хотын хэмжээнд, арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд эмнэлэгт төрсөн хүүхэд бүр эмнэлэг дээр Монгол Улсын иргэний регистрийн дугаарыг авна

Монгол Улсын Их хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт  шилжүүлнэ, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Нэг иргэн-Нэг бүртгэл  хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай  төгөлдөржүүлэх зорилтуудыг  тус тус дэвшүүлсэн байдаг.

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Хамтран ажиллах санамж бичгийн үр дүнд мэдээлэл солилцох дундын өгөгдлийн мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг боловсруулж нийслэлийн хэмжээнд нэвтрүүлж бэлэн болгох юм. Ингэснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрмөгц  Монгол Улсын регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийг бүртгэх, улсын бүртгэлийн байгууллага нь  төрсний болон нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтлөх аж.

Тэгвэл "Нэг иргэн-Нэг бүртгэл" хөтөлбөрийн хүрээнд төрөлт болон нас баралтыг цахимаар бүртгэх системийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.09.27/ The Corporate Hotel & Convention Centre-ын Улаанбаатар танхимд болж өндөрлөлөө.

Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.

ОНЛАЙНААР ПРОГРАММЫН ДАГУУ ТУХАЙН ХҮҮХДЭД РЕГИСТРИЙН ДУГААР ОЛГОНО

-“Нэг иргэн-Нэг бүртгэл" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд төрмөгцөө шууд регистрийн дугаар авах юм байна гэж ойлголоо.

-Эмнэлэгт эх төрөх гээд очлоо гэхэд тухайн эхийн регистрийн дугаараар улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хайхаар хувийн мэдээлэл нь гарч ирнэ. Ингээд хүүхэд төрмөгц  төрсөн он, сар, өдөр минутыг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлэхэд тухайн хүүхдэд регистрийн дугаар олгоно.

Өөрөөр хэлбэл, одоо явж байгаа процесс эцэг эхчүүд хүүхдэдээ 30 хоногийн дараа регистрийн дугаар авдаг байсан бол аравдугаар сарын 1-ний өдрөөс Улаанбаатар хотын хэмжээнд, арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд эмнэлэгт төрсөн хүүхэд бүр эмнэлэг  дээр Монгол Улсын иргэний регистрийн дугаарыг авна гэсэн үг. Онлайнаар программын  дагуу тухайн хүүхдэд регистрийн дугаар олгоно. Эцэст нь эцэг эх харилцан тохиролцож хүүхдэдээ  нэр өгснөөр төрсний бүртгэлд оруулах юм.

-Тэгвэл “Нэг иргэн-Нэг бүртгэл" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ямар, ямар давуу талтай вэ?

  • Ингэснээр  дээрх гурван байгууллагын статистик мэдээ хоорондоо зөрүүгүй олон улсын чиг хандлагад нийцсэн болно.
  • Монгол Улс  хүн амын тоо мэдээ үнэн зөв гарна.
  • Төрийн байгууллагуудын мэдээлэл үнэн зөв чанартай болно.
  • Иргэдэд төрийн үйлчилгээ чирэгдэлгүй шуурхай хүрнэ.

Харин нас барсны бүртгэлийг мөн л цахим хэлбэрт шилжүүлснээр эрүүл мэндийн  мэдээллийн сан үнэн зөв мэдээлэлтэй болж байна гэсэн үг. Бүртгэлийн байгууллага нас баралтыг бүртгэж авна ингэхээр Монгол Улсын хэмжээнд төрөлт нас баралтын тоон мэдээлэл ямар нэгэн зөрүүгүй болно. Мөн оны эцэст ямар нэгэн тайлан мэдээ гаргалаа гэхэд төрөөд бүртгүүлээгүй хүүхдийн судалгаатай болчихно. Хамгийн гол нь нийгмийн даатгалаар нас барсан хүний тэтгэвэр тэтгэмж авч байна гэдэг асуудал байхгүй болно гэсэн үг юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮҮХЭД ТУС БҮР ДЭЭР БҮРТГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг “Мэдээж төрөлт, нас баралтыг өмнө нь бүртгэдэг байсан. Энэ тогтолцоог илүү боловсронгуй болгож цаг хугацаа алдалгүй төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг нээж  байгаа. Үндсэн агуулгаар ойлгох юм бол төрөх эмнэлэгт төрсөн эх тухайн эмнэлгээс хүүхдэд нь регистрийн дугаарыг нь олгох  шинэ тогтолцоо юм. Өмнө нь  төрсөн эх  сарын хугацаанд төрснийхөө гэрчилгээг аваад улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан бол шууд төрсөн өдөр нь  регистрийн дугаар олгоно гэсэн үг.

Төрсөн өдрөөсөө эхэлж  тухайн хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж байгаа юм.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхэд тус бүр дээр бүртгэх боломжтой болж байна. Өмнө нь хоёр ихэр хүүхэд төрлөө гэж  бодоход хоёр хүүхдийн аль дээр нь ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гэдэг нь мэдэх бололцоогүй байсан. Одоо бол хүүхэд тус бүр дээр бүртгэлтэй болчихоор эмчилгээний талаарх мэдээллийг харах боломжтой болж байгаа”  гэв.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж