Автомашины татварыг нэмэгдүүлэх нь түгжрэлийг буруулах нэг арга байж болно

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Автомашины татварыг нэмэгдүүлэх нь түгжрэлийг буруулах нэг арга байж болно

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор (PhD), дэд профессор А.Энхбаттай Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд татвар болон эдийн засгийн ямар хөшүүргийг хэрэглэх боломжтой талаар ярилцлаа.


-Машины татварыг нэмэх нь түгжрэлийг бууруулах арга зам мөн үү?

-Машины түгжрэлийн асуудал дан ганц манай нийслэл хотод бий болж байгаа асуудал биш бөгөөд дэлхийн хүн ам ихтэй бүх хотуудад өдөр тутам, цаг минут бүрд байдаг, түүнийг шийдвэрлэх нь бас л тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэмэх замаар түгжрэлийг бууруулах нь тийм оновчтой арга биш. Хотын хөдөлгөөнд оролцож байгаа суудлын тээврийн хэрэгслийн дор хаяж 30 гаруй хувь нь бидний хэллэгээр халтуурын машинууд байгаа. Үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай. Хэрвээ тухайн иргэн буюу жолооч өөрийн авто тээврийн хэрэгслээ ашиглан орлого олох үйл ажиллагааг албан бусаар буюу такси үйлчилгээ эрхэлж байгаа бол түүний орлогод өнөөдрийн мөрдөж байгаа хууль журмын дагуу албан татвар ногдуулах замаар зохицуулалтыг хийх ёстой. Тухайлбал, өнөөдөр та нийслэлийн хаана ч зам дээр гараад гараа өргөөд стандартын биш ямар нэгэн суудлын тэргээр очих газраа хүргүүлж мөнгө төлж байгаа. Энэ бол нэгдүгээрт, далд эдийн засгийг бий болгож байгаа, хоёрдугаарт хотын түгжрэлийг бий болгоход нөлөөлж байгаа юм. Иймд төрийн холбогдох байгууллагууд ажлаа хийх хэрэгтэй. Тухайлбал НЗДТГ, Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтран жолооч нарын албан бусаар такси үйлчилгээ эрхлэхийг бүрмөсөн зогсоох, ийм үйлдэл гарвал маш өндөр торгууль ногдуулах, жолоодох эрхийг хязгаарлах, нөгөө талаар жолооч нар такси үйлчилгээг эрхлэх тохиолдолд тоолуур болон наад захын стандартыг хангуулах, таних тэмдэг тэмдэглэгээтэй болгон, орлогын албан татварыг төлүүлдэг байлгах, хотын төвийн бүсэд такси үйлчилгээ эрхлэх бол өндөр татвар төлдөг байлгах, нийслэл хотыг тойрог болгон бүсчилж, тойргийн ялгаатай татварын систем бүрдүүлэх хэрэгтэй.

Хүн амын суурьшил нь нийслэлд төвлөрсөн ийм төрлийн татвар, эдийн засгийн агуулгаар нь түгжрэлийг бууруулах гарц байж болно гэж үзэж байна. Нөгөө талаар зоригтойгоор авто тээврийн хэрэгслийн хот, хөдөөгийн дугаарын зааг ялгааг гаргах, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг хязгаарлах хэрэгтэй.

 -Дэлхийн улс орнууд түгжрэлээ бууруулахдаа эдийн засгийн ямар хөшүүргийг ашигладаг вэ?

-Эдийн засаг өсч, иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр автомашины эрэлт нэмэгдэж замын ачаалал ихсэх нь тодорхой. Хөгжиж байгаа маш олон улс, орнуудад авто тээврийг ашиглах өсөлт нь эдийн засгийн өсөлтөөсөө хэд дахин илүү өсч байна. Дэлхийн улс орнууд хотын авто замын түгжрэлийг янз бүрийн менежментийн аргаар шийдвэрлэх гэж оролдож байна, шийдвэрлэж ч байна. Тухайлбал, Сингапур улсын жишээ байна. Газар нутаг нь ердөө 641 км.кв, нэг км.кв талбайд 220 авто машин ногдож, Тайландын дараа (1 км.кв талбайд 260 авто машин) орж байна. Сингапур авто тээврийн хэрэгсэлд өндөр татвар ноогдуулах замаар түгжрэлийн асуудлыг шийдвэрлэж байна. Өнөөдөр дэлхийн улс орнуудын  хотууд менежментийн үндсэн долоон аргаар дамжуулан хотын түгжрэлийг бууруулахаар зохицуулалтыг хийж байна. Тодруулбал, Нэгд,  Шведийн Стокхолм хот Замын цахим үнийн систем. Хоёрт, Испанийн Барселон хот, орон нутгаас  орж ирж байгаа авто машины урсгалыг камерын тусламжтайгаар хянаж түгжрэлийг урьдчилан тооцоолж удирдаж байна. Гуравт, Английн Лондон хот цахим мэдээллийн системийг ашиглаж байна. Дөрөвт, Хонгконг хот, бага оврын микро автобус нийтийн тээвэрт явуулах,  тавдугаарт Данийн Копенхаген хот ухаалаг гар утсаар мэдээлэл хүргэдэг. Зургадугаарт, Хятадын Ханжоу хот улсын дугуйн үйлчилгээний системийг ашиглаж түгжрэлийг сааруулж байгаа бол Англи улс авто тээврийн түгжрэлийг удирдах систем зэрэг шийдлүүдийг ашиглаж байна.

АВТОМАШИНЫ ТАТВАРААС 24 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛДЭГ

Татварын ерөнхий газраас гаргасан судалгаагаар автомашины татвараас 2017 онд 24,6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2018 онд 27 тэрбум төгрөгийг автомашины татвараас төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

2017 онд нийт 982263 тээврийн хэрэгслээс татвар бүрдүүлсэн бол 2018 оны есдүгээр сарын 18-ны байдлаар нийт 381073 автомашинаас 24,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

2014-2018 оны тээврийн хэрэгслээс улсын төсөвт оруулсан татварын хэмжээ /Эх сурвалж: Татварын ерөнхий газар/

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж