Сумын эмнэлгийг шүдний эмчтэй болгоё

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Сумын эмнэлгийг шүдний эмчтэй болгоё

Сумын эмнэлгийг шүдний эмчтэй болгоё

Засгийн газар сумын эмнэлгүүдээ шүдний эмчтэй болгоход анхаарах цаг иржээ.

Өнөөдөр арван хүүхэд тутмын ес нь шүдний өвчтэй байгаа нь эрүүл мэндийн салбарт энэ талын үйлчилгээ асар их хэрэгтэйг харуулсан баримт болов уу.

Улаанбаатар хотод өнөөдөр шүдний эмнэлэг олон ч тэр бүгд хувийнх. Мөнгөтэй нь шүдээ эмчлүүлнэ, мөнгөгүй нь өвтгөөд өвчлөлөө улам ужигруулаад л явдаг.

Эрүүл мэндийн даатгал төлсөн бол бүхий л үйлчилгээг үнэ төлбөргүй авна гэдэг ч үнэндээ шүдээ эмчлүүлэх бололцоо ч даатгуулагчид байдаггүй.  Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв нь үйлчлүүлэгчийнхээ ачааллыг дийлдэггүй. Шүдний гажгаа үзүүлэхийн тулд иргэд үүрээр 04.00 цагт тус төвийн гадаа очиж дугаарлан, сарын дараа үзүүлэх  дугаар авч байна. Дүүргүүдэд нь шүдний эмч байдаг ч бас л үйлчлүүлэгчдээ хүрэлцдэггүй.  Хэд хоног тасралтгүй дугаарлан зогсож байж, сая эмчид үзүүлэх боломжтой болж байна.

Сумдын хүн эмнэлэгт шүдний эмч байдаггүй тул  хүүхдийн шүд өвдөхөд эцэг, эхчүүд аймгийн төв рүүгээ дагуулаад явахаас өөр аргагүй. Гэтэл аймгийн төвийнх нь нэгдсэн эмнэлгийн ганц шүдний тасаг нь хүнээ дийлэхгүйгээс долоо хоног хүлээх шаардлага ч гардаг.  Аймгаасаа 200-300 км алсад байдаг сумдын иргэдийн хувьд энэ бүхэн асар хүнд.  Эцэст нь хувийн эмнэлэгт хандана. Гэтэл төлбөр төлж эмчилгээ хийлгэсэн шүд удалгүй өвдөнө, эсвэл тавиулсан ломбо нь сарын хугацаа ч бололгүй унана. Дахиад 200, 300 км газар туулаад эмнэлэгтээ очих уу, яах вэ гээд асуудал үүсдэг.  Социализмын үед  л сумын эмнэлэг шүдний эмчгүйгээс шүд нь өвдсөн хүмүүсээ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулдаг байсан дүр төрх одоо ч өөрчлөгдөөгүй хэвээрээ л байна.

Уг нь 320 гаруй сумынхаа эмнэлгийг шүдний эмчтэй болгож чаддаггүй юм гэхэд  ядаж 150 сумын эмнэлгийг энэ талын мэргэжилтнээр хангачихвал өсвөр үеийнхний дунд газар аваад байгаа шүдний өвчнийг бууруулчихмаар санагдах.

Засгийн газраас саяхан таван жилийн хугацаатай “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, 50 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Нэг жилд 10 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргаад байна. Энэ хөрөнгийг 2-12 насны 725 мянган хүүхдийн шүдийг эмчлэхэд зориулж, хувийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт болгон өгнө.  Чамлахааргүй их мөнгө. Гэвч хувийн эмнэлгүүд нь  Эрүүл мэндийн даатгалын сан царайчлах хүсэл алга. Төлбөрөө бэлнээр аваад үйлчилгээгээ үзүүлэх нь илүү ашигтай тусдаг тул хөтөлбөрт ач холбогдол өгөхгүй байна.

Нөгөөтэйгүүр, хөтөлбөр таван жил үргэлжилнэ. Хугацаа нь дуусаад хөтөлбөр зогсохоор яах вэ?. Дахиад дараагийн Засгийн газар хөтөлбөр хэрэгжүүлэхийг харж, хүлээж суух уу. Эсвэл тойргийнхоо гишүүнийг шүдний эмч залж ирэхийг хүлээцгээх үү?.

Яг үнэндээ өнөөдөр иргэд тойргийнхоо гишүүдийг гадаадаас шүдний эмч авчирч, үзүүлнэ гэхээр бөөн баяр болцгоож байна. Ач зээгээ дагуулсан өвөө эмээ нар “Би яах вэ, хүүхдийнхээ шүдийг л эмчлүүлье” гээд хэдэн зуугаараа дугаарладаг болсон.

Аймаг, сум, дүүргийнх эмнэлэг нь хүндээ хүрч ажиллаж шүдний эмчилгээг үзүүлж чаддаг байсан бол үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлэх гадаад эмч нарыг харж суухгүй л байсан болов уу.

Шүд эрүүл бол бие эрүүл гэж үг бий. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ чихэрлэг ундааг багасгаж, чихрийг нь хорьж, шүдийг нь өглөө, орой тогтмол угаалгадаг ч чанартай эмчилгээг цаг тухайд нь үзүүлж чаддаггүйгээс Монгол Улс энэ төрлийн өвчнөөр дэлхийд тэргүүлэх боллоо. Одоо асуудал болж харагдах ч ирээдүйд учрах гамшиг өнөөдрийнхөөс ч их болох эрсдэл бий.

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж