Б.Солонго: Транс гэвэл бүгд л биеэ үнэлэгч гэж ойлгодог

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Б.Солонго: Транс гэвэл бүгд л биеэ үнэлэгч гэж ойлгодог

"Транс жендер хүн болсон тэр жил надад үнэхээр хүнд байсан. Миний зорилго би зүгээр л амьд явахын төлөө тэмцэх ёстой болж ирсэн. Одоо транс жендер болоод аль хэдийн таван жилийг ардаа үджээ. Одоо том мөрөөдлийг одоо урдаа тавих болсон"…гэх  нэгэн бүсгүйтэй уулзаж, ярилцсан юм.

Б.Солонго бүсгүйг харахад өндөр нуруулаг, гоё хөлтэй тэр болгон эмэгтэй хүнд байдаггүй биетэй. Зарим энгийн эмэгтэй хүмүүстэй харьцуулахад маш дэгжин бүсгүй байлаа…

Ингээд транс жендер мисс Б.Солонготой ярилцлаа.

-Сүүлд оролцсон транс жендер бүсгүйчүүдийн дунд болдог миссийн тэмцээний талаар хуваалцахгүй юу?

-Ньюс.мн сайтынхаа уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Монголд амьдарч байгаа ЛГБТ хүмүүсийн дунд тэр дундаа транс жендер охидуудын миссийн тэмцээн зохион байгуулагдаад удаж байна. “Miss beauty” тэмцээн энэ жил найм дахь удаагаа болж өнгөрлөө. Миний хувьд 2013 онд есөн эмэгтэйн дунд болсон тэмцээнээс тэргүүн байрын шагнал хүртэж, тухайн ондоо “International Miss Queen” тэмцээнд оролцсон юм. Энэхүү тэмцээн Тайланд улсад зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа 2000 транс жендер эмэгтэйчүүд оролцсон. Эндээс 30 мисс эцсийн шатанд шалгарч би наймдугаар байр эзэлсэн. Монголоос анх удаа “International Miss Queen” тэмцээнд оролцож, өндөр амжилт гаргасандаа сэтгэл өндөр байна.

-Ер нь Монголд болон Олон улсад болж буй тэмцээний ялгаа өөр байх. Зохион байгуулалтын хувьд ажиглагдсан зүйл байна уу?

-Монголд болсон тэмцээнд найз нөхдөөс эхлээд тусладаг хүмүүс олон байдаг учир сандраад байдаггүй. Харин олон улсын тэмцээнд оролцоход надад зааж зөвлөх транс жендер охин байгаагүй. Яагаад гэхээр Монгол улсаас анх удаа оролцож байсан болохоор хүндрэлтэй байсан. Дэлхийн түвшинд зохион байгуулдаг наадам учраас цаг минут, хөтөлбөр бүр нь маш нарийвчлалтай төлөвлөгдсөн байдаг юм байна лээ. Транс жендер охидуудын дунд болж байгаа тэмцээн дэлхийн миссийн тэмцээнтэй адил зохион байгуулагддаг.  “International Miss Queen-2013” тэмцээн Тайланд улсын Батаяа хотод зохион байгуулагдсан. Эл хотод аялал жуулчлал өндөр хөгжсөн учраас тэр хэмжээгээрээ тэмцээнийг сонирхож ирсэн хүмүүс олон байдаг. Ер нь эргээд харахад мартагдахааргүй дурсамж үлдсэн байна. Магадгүй Монгол улсаас ирээдүйд дэлхийн транс жендер мисс төрөхийг үгүйсгэхгүй. Ирээдүйд оролцох охидууддаа гарц болж өгсөндөө баяртай байна.

-Олон улсын тайзан дээр гарсан мэдрэмжээсээ хуваалцахгүй юу. Мэдээж ганцаараа оролцсон учраас айх, сандрах, баярлах мөч давхцсан болов уу?

-Улс үндэстэн бүрийн сайхан бүсгүйчүүдтэй зэрэгцээд зогсож байхад сэтгэл их хөдөлж байлаа. Дэлхийн мисс, дэлхийн шүүлтийн өмнө зогсох амаргүй. Гэхдээ тэмцээний бэлтгэл маш сайн учраас сандрал бага байсан. Харин хувцасны тал дээр хүндрэлтэй байсан тал бий. Олон улсын тэмцээнд оролцоход манайхны дэмжлэг жаахан дутмаг байдаг. Би маш олон загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, монголын миссүүдтэй найз. Тэд маань “Та нарын миссийн тэмцээн гэлтгүй Дэлхийн миссийн тэмцээнд явахад ч хүндрэлтэй байдаг. Туслах байгууллага ховор байдаг юм. 10-14 хоног хувцасаа түрээслүүлэх газар олдох нь ховор” гэж хэлж байна. Харин надад “Монгол костюмс” төвийн “Best tailor”-ын Бэкэ эгч маань туслаж, дэмжсэн. Гэхдээ дэлхийн шүүлтүүрийн өмнө зогсож байхад хувцас маань тодорхой хэмжээнд дутагдалтай байсан.

-Сүүлийн жилүүдэд манай нийгэм транс жендер эмэгтэйчүүдийг харьцангуй их ойлгож хүлээж авдаг болсон юм шиг ээ?

-Тэгэлгүй яахав. Маш сайн ойлгодог болсон. Гэхдээ ойлгож байгаа юм шиг хэрнээ ойлгохгүй, ойлгохгүй хэрнээ ойлгож байгаа юм шиг хүмүүс олон болчихжээ. Транс жендер гэж яг юу юм бэ гэдгийг ойлгох хүмүүсийн мэдээлэл хомс байгаа. Нийгэмд энэ талын сургалт, сурталчилгаа явж байгаа хэрнээ бичиг цаасны хүрээнд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ хүмүүсийн хийж байгааг үгүйсгэхгүй. Анх энэ амьдралын замналыг сонгоогүй байхдаа транс жендер хүмүүс гэж ямар хүмүүс байдаг юм бол гэж боддог байлаа. Одоо харин яг жаргал зовлонг нь амсаж, ийм амьдрал руу ороход бүх зүйлийг маш сайн ойлгож байна. Транс жендер хүмүүсийг ойлгох ёстой гэж шахаж, тулгах эрх надад байхгүй шүү дээ. Тухайн хүмүүс маань ч мөн надад өөрийнхөө үзэл бодлыг тулгах эрхгүй. Миний хувьд аль болох энгийн охидуудтай өдөр тутамдаа сайхан харилцаатай байхыг хичээдэг. Өөрийнхөө хүчийг сорьж, аливаа тэмцээнд оролцож, нээхийг хүсдэг. Транс жендер гэдгээсээ ичиж, айх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, эрүүл мэндийн даатгал зэргээ төлөхийг хичээдэг. Би ялгаагүй л энэ улсын иргэн шүү дээ. Тэр утгаараа хариуцлагаа ухамсарлаж үүргээ хүлээнэ. Гэхдээ шууд нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй талууд нилээд бий. Бичиг баримтаа авах, өгөх гээд аливаа байгууллагуудын оочир, дараалалд зогсохоос эхлээд л асуудал үүснэ. Над шиг хүн олон нийтийн газар дугаарлаж зогсоход түмний анхаарлыг татаад л бие хааг маань хараад гайхаж байгаа хүмүүсийн харцнаас эхлээд л бэрхшээл тулгарна. Гэхдээ одоо үед энэ зүйл харьцангуй сонин байхаа больжээ.

-ЛГБТ хүмүүст хандсан төвүүдийн үйл ажиллагааны хувьд хуваалцахгүй юу. Хэр үр дүнтэй ажилладаг вэ?

-Монголд ЛГБТ хөдөлгөөн үүсч хөгжөөд арав гаруй жилийг үджээ. Төвүүд маань анх үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан гэсэн. Энэ төвүүдийг ажиллуулах гэж тэдгээр хүмүүс эцэг, эх гэр бүлээсээ хагацах үе ч байсан. Өөрийгөө зарлаж төр засаг, хууль эрхзүйн хүрээнд хүрч ажиллана гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Харин энэ чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагаар би “ЛГБТ” төвийг нэрлэнэ. Мөн намайг “International Miss Queen-2013” тэмцээнд оролцоход “Залуус эрүүл мэнд” төв маш дэмжлэг болсон шүү. Энэ төвийн хамт олон намайг дэлхийн транс жендер мисс шалгаруулах наадамд явуулсан юм. Гэхдээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төвүүдийн хоорондын уялдаа холбоо муу юм шиг анзаарагддаг. Наад зах нь шинэ жилээ тэмдэглэх болоход тус тусдаа тэмдэглэнэ. Миссийн тэмцээн чинь манай төвд хамаагүй гэх мэтээр л ханддаг. Уг нь нийгэмд эдгээр байгууллагууд маань нэгдэж цогц байдлаар ажиллаж эхэлбэл илүү үр дүнтэй ажил хийх болов уу гэсэн бодол төрдөг. Эв нэгдэл гэдэг зүйл нийгмийн ямар ч шатны байгууллагад хамаатай юм шүү дээ.

-Транс жендер хүмүүсийн хувьд нийгмээс шахагдах гадуурхагдах, амьдрах орчны хувьд хүндрэлтэй асуудал хэр их байдаг вэ. Та санхүүгийн хувьд хэр биеэ даасан эмэгтэй вэ?

-Транс жендер хүмүүстэй харьцуулахад лесби, гомо, бисексуал хүмүүс харьцангуй ажилд орох, амьдрах боломж өндөртэй. Харагдах байдлаасаа, бичиг баримтны хувьд ер нь бүх л тал дээрээ эрэгтэй, эмэгтэй харагдаж байгаа учраас бүгд л ажилтай. Нийгмийн өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүсийн дунд ч олон хүн бий. Транс жендер охидуудын хувьд илүү ярьмаар санагдаж байна. Транс жендер охидууд маань харагдах байдал талаасаа эрэгтэй байсан хүн эмэгтэй имиж бүрдүүлэхэд хүн бүрт тийм гоё, сайхан харагдаад байхгүй нь ойлгомжтой. Гэтэл энэ хүмүүст ажил олоход маш хүнд байдаг. Ер нь нуулгүй хэлэхэд нийгмийн бүх л шатанд үгүйсгэх хандлагатай. Анх энэ зовлон надад тулгардаг байсан. Одоо харин найз нөхөд, өөрийнхөө авьяасаар тулгарсан асуудлаа давж эхэлж байна. Би make up-ын чиглэлээр ажиллаж, гоо сайхны зөвлөгөө өгдөг. БНХАУ-д make up чиглэлээр сургууль төгссөн. Мөн дэлхийн транс жендер эмэгтэйчүүдийн мисс шалгаруулах наадмын үеэр долоо хоног make up сургалтад суусан. Ер нь дэлхийн алдартай загвар зохион бүтээгч, нүүр хувиргагчид, алдартай фото моделиуд транс жендер хүн байх нь элбэг. Миний бодлоор эдгээр хүмүүс илүү мэдрэмжтэй байдаг юм шиг санагддаг. Миний үндсэн мэргэжил бол рекламны менежер. Гэхдээ энэ чиглэлээр Монголд ажил олоход одоогийн байдлаар хэцүү байгаа. Би гоо сайхан, загварын ертөнцөд их дуртай. Тиймээс өөрийнхөө дуртай зүйлийг хийж ажиллаж байна даа.

Транс жендер охидуудыг маань хүлээн зөвшөөрч ажилд авдаг байгаасай. Эдгээр охидуудын авьяасыг, ажиллах чадварыг нь үнэлдэг байгаасай гэж боддог.

-Таныг харж байхад их өөдрөг үзэлтэй хүн шиг санагдаж байна. Мөрөөдлөө бидэнтэй хуваалцахгүй юу?

-Ер нь анх транс жендер болоогүй байхдаа маш том мөрөөдөлтэй байлаа. Эрэгтэй байхдаа нилээд том мөрөөдлийг зорилгыг өмнөө тавьсан хүүхэд байсан шүү. Гэр бүлийнхээ хувьд  үнэ цэнэтэй хүүхэд байсан даа. Гэр бүлийнхэн маань ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ажил хийдэг байсан учраас тэд надаас өндөр хүлээлт хүсч байсан байх. Транс жендер хүн болсон анхны жилд надад үнэхээр аймар санагдсан. Юун миний зорилго би зүгээр л амьд явахын төлөө тэмцэх ёстой болж ирсэн. Одоо транс жендер болоод аль хэдийнээ таван жилийг ардаа үджээ. Таван жилийн дараа бодож байхад арай өөрөөр ирээдүйгээ төсөөлж байна. Нилээд том мөрөөдлийг урдаа тавих болсон. Гоо сайхан гэдэг зүйл ямар хүчтэй юм бэ. Гоо сайхныг зөв ашиглаж чадвал нийгэмд ямар том сайн үлгэр жишээ болж чаддаг юм бэ гэдгийг л харуулахыг зорьж байна. Хамгийн том мөрөөдлөө хуваалцвал урлагаар дамжуулж ажилладаг студи байгуулахыг зорьж байгаа.

-Бага насны хүүхэд хүйсийн сонирхолоо тодорхойлоогүй хэрнээ буруу сонголт хийж амьдралдаа алдах тохиолдол их байдаг болов уу. Ямар нэгэн байдлаар уруу татагдах, шохоорхлоосоо болоод алдах магадлал хэр өндөр байдаг вэ?

-Хүүхдүүд ямар нийгэмд, ямар орчинд амьдарч байгаагаа эхлээд маш сайн судлах хэрэгтэй. Судлахын тулд боловсролтой байх хэрэгтэй. Намайг эмзэглүүлж байгаа нэг асуудал бий. Транс охидуудын хувьд ярихад 15-22 насны жаахан хүүхдүүд өөрийгөө таниагүй байж хэн нэгэн хүний гоё сайханд татагдаж өсгийтэй гутал өмсөж, хиймэл үс зүүж байгааг хараад эмзэглэдэг. Үнэхээр транс жендер байх  юм бол би аль болох дэмжихийг хичээдэг. Гэр бүлд нь хүлээн зөвшөөрүүлэх, цаашдаа нийгэмд хэрхэн биеэ авч явах талаас нь туслах, нийгэмд байр сууриа эзлэх, ажиллах орчинг нь бий болгохыг хичээнэ. Харин транс жендер охин биш байвал буцаад эрэгтэй болох боломжийг нь чөлөөтэй олгох хэрэгтэй шүү дээ. Би өөрөө транс жендер хүн ямар зовлон амсдаг гэдгийг мэддэг учраас сонирхлоороо явж байгаа хүүхдүүдэд хэлдэг “Та нарын зовлонг би туулж байсан. Гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байх, хүмүүст чичлүүлж, зодуулж байгааг ч би амссан. Заримдаа амиа хорломоор санагдах үе байсан учраас шохоорохлоороо энэ замыг битгий сонгоочээ” гэж хэлдэг. Гэхдээ шулуухан хэлэхэд энэ хүүхдүүд дунд бараг л биеэ үнэлээд амьдрана гэсэн бодолтой хүн ч байна. Энэ бол үнэхээр эмгэнэл шүү дээ. Хүүхдүүддээ хандаж хэлэхэд эхлээд нийгмээ судлах хэрэгтэй. Сонголт хийхээсээ өмнө бие хүн болж төлөвших хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна. Зүгээр шөнийн амьдралаар явах гээд байгаа юм уу, үнэхээр хариуцлагаа ухамсарласан бие хүн болж нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэх гээд байгаа юм уу гэдгээ мэдэхгүй, хариуцлага хүлээх чадваргүй хэрнээ энэ сонголтыг хийнэ гэдэг бол тухайн хүүхэд өөрийнхөө амь насыг 100 хувь хутганы ирэн дээр тавьж өгч байгаа хэрэг шүү л гэж хэлмээр байна даа. Өөр хөгжингүй оронд хүн өөрийгөө транс жендер гээд илэрхийлсэн тохиолдолд тэр хүн бусадтай ялгаагүй энгийн л амьдарч болно. Харин Монголын нийгэмд энэ зүйл маш хүнд шүү дээ. Транс жендер битгий хэл энгийн хүмүүс амьдрахын тулд хүндхэн давааг туулж байхад транс жендер хүн амьдрахад бүр хүнд.

-Хүйс солиулах хагалгаа ер нь хэр үнэтэй байдаг вэ. Миний төсөөллөөр их үнэтэй байдаг юм шиг ээ?

-Тийм ч үнэтэй биш Тайландад хүйс солиулах хагалгаа Монгол мөнгөөр гурван сая төгрөг байдаг.

-Таниас нэг зүйлийг асуумаар санагдлаа. Ер нь өмнөх үеийн транс жендер хүмүүсээр нийгэм транс жендер бүх л охидуудыг төсөөлдөг юм шиг санагддаг. Тодорхой хэлбэл Анужин, Ганбууш, Нараа гэсэн хүмүүсийн түвшинд л ойлгодог болов уу?

-Би энэ зүйлтэй санал нийлдэг. Нийт монголчуудын дунд байдаг нэг ойлголт бол транс гэвэл бүгд л биеэ үнэлэгч гэж ойлгодог. Ерөнхий нэг л сэтгэлгээнд төсөөлж боддог. Тийм учраас энэ төсөөллийг өөрчилж нийгэмд зөв үлгэрлэл үзүүлэхийн тулд өөрийгөө золиосолж амьдарч байгаа хүмүүсийн л нэг би шүү дээ. Надтай таарсан хүмүүс ихэнхдээ л хүний амьдралд байдаг бүсэлхийнээс дооших хэрэгцээний талаар л ярьдаг. Гэтэл тийм биш шүү дээ бид нар бусадтай л адил хайрлаж, дурлана. Дан ганц муу зүйлс байдаггүй юм шүү дээ. Гэхдээ тэр хүмүүсийг үгүйсгэхгүй. Надаас дээших үеийнхэн бол социалист нийгмийн хүмүүс. Тэд нарт амьдрахад ямар хүнд, хэцүү байсан болоод тэр замыг сонгосон байх. Хумигдмал үзэл бодол, нийгмийн сэтгэлгээний хувьд тэлэгдээгүй үед амьдарч байсан учраас биеэ үнэлэгч талаасаа яригдах нь арга ч үгүй биз дээ гэж дотроо боддог. Тэглээ гээд өөртэйгөө адилхан хүмүүсийг үйлдвэрлэж болохгүй. Транс жендер охидуудыгаа би сайхан амьдрах хүмүүсийн нэг юм болов уу гэсэн бодол төрдөг. Учир нь тэд нар чинь маш их золиос, төлөөсийг төлж байгаа хүмүүс шүү дээ. Гэр бүлээс нь эхлээд ойлгохгүй, эрүүл мэнд, сэтгэлзүйн хувьд асар их хохирол амсаж, тэвчээр гаргах хэрэгтэй болно.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж