Татвар төлөгчид Татварын ерөнхий газрын Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаарт холбогдож, е-баримт, татварын хууль тогтоомж болон НӨАТ-ын урамшууллын системийн талаарх мэдээллийг байнга авдаг билээ. Тус төвийн дуудлага хүлээн авдаг байцаагч нар тасралтгүй холбогдох татвар төлөгчдийн асуултад хариулт өгч ажиллаж ирсэн.
Тодруулбал, татвар төлөгч иргэн та Татварын албаны 1800-1288 дугаар утсанд хандаж, мэргэжлийн зөвлөгөө авахдаа автомат хариулагчаас мэдээлэл авах бол “1”, мэдээлэл үлдээх бол “2”, НӨАТ-ын урамшууллын систем, е-баримтын талаар зөвлөгөө авах бол “3”, НӨАТ-ын тухай хууль, урамшууллын систем, е-баримтын талаар байцаагчтай холбогдож мэдээлэл авах бол “4”, Татварын хууль, тогтоомжууд, цахим тайлангийн системийн талаар зөвлөгөө авах бол “0” товч дээр дарахад л хангалттай.
“Автомат хариулагч” буюу “1” товчийг дарснаар та татвар төлөгчөөр бүртгүүлэх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, татварын цахим тайлангийн программ ашиглах, Давхар татварын гэрээний талаарх мэдээлэл болон татвар төлөх данс, Татварын албаны холбогдох утсыг авах боломжтой.
Мөн ажлын бус цагаар 1800-1288 тусгай дугаарт холбогдож асуух асуултаа “2” товчийг дарж дохио дуугарсны дараа бичлэг болгон үлдээх боломжтой бөгөөд тус төвийн байцаагч ажлын цагаар тантай эргэн холбогдож асуултад хариулж байна.
Харин “3” товчийг дарснаар www.ebarimt.mn сайтад нэвтрэх хэрэглэгчийн код, нууц үгээ мартсан, шинээр бүртгүүлэх, сугалаанд азтан болсон иргэд хүсэлтээ хэрхэн баталгаажуулах, хонжворын мөнгө дансанд орох хугацааны талаар мэдээлэл авч болно.
“4” товчийг дарснаар Татварын үйлчилгээний төвийн татварын улсын байцаагчтай холбогдох бөгөөд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, НӨАТ-ын тухай хууль, хуультай холбоотой дүрэм, журам, заавар аргачлал, цахим төлбөрийн баримтын систем буюу www.ebarimt.mn сайтын мэдээлэл, цахим төлбөрийн системийн хэрэглээ /хувь хүн, хуулийн этгээд/, 131313 тусгай дугаарын талаарх хэрэглээ, цахим тайлангийн систем /e-tax.mta.mn/ талаарх хариултыг авч болно. Түүнчлэн “0” товчийг дарснаар Татварын хууль, татвартай холбоотой бусад хууль тогтоомжууд, заавар, аргачлал, дүрэм журам, татварын бүртгэл, бүртгэлийн өөрчлөлт зэрэг мэдээллийг татварын улсын байцаагчаас тодруулж болох юм.
Үүнээс гадна tcc@mta.mn хаягаар илгээсэн таны и-мэйлийг холбогдох мэргэжилтэн хүлээн авч, асуултын тань хариуг тус хаягаас буцаан илгээнэ. Мөн та татварын албанд албан бичгээр хандан бичгээр хариугаа авах боломжтой гэдгийг дуулгая.
Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаарт өдөрт дунджаар 1500-2100 гаруй иргэн, татвар төлөгч ханддаг бөгөөд үүнээс 700-800 нь НӨАТ-ын урамшуулал, е-баримт, апп-д нэвтрэх нэр, нууц үгээ мартсан талаар зөвлөгөө, мэдээлэл авдаг байна. Тиймээс тус төвийнхөн татвар төлөгчдөд мэдээлэл хүргэх сувгийг нэмэгдүүлэх зорилгоор түгээмэл таван төрлийн асуултын хариултыг автомат хариулагчаас авах боломжийг олгож байна. Та Татварын хууль тогтоомжтой холбоотой бүхий л төрлийн мэдээллийг 1800-1288 дугаараас аваарай.
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ