Ургац хураалтын ажил хойшилж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Ургац хураалтын ажил хойшилж болзошгүй

Ургац хураалтын ажил хойшилж болзошгүй

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг онцолж байна.

Цаг агаар нөхцөл байдал есдүгээр сарын 20-ноос эхлэн хүйтэрч эхэлсэн. Орон нутагт цас орж, шөнөдөө хасах градустай хонож байгаа нь тариаланчдад багахан хүндрэл учруулж байгаа аж. Тэгвэл цаашид ч цас орж, шөнөдөө 0-5 градустай хонохыг цаг уурчид сануулж байна.

Ирэх өдрүүдэд тариалангийн бүс нутгаар нойтон цас орно

Зүүн аймгуудын нутгаар:  27-29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-29нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.  Тариалан бүхий зарим нутгаар нойтон цас ахиухан орж, тариа, ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй үзэгдлээс нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдыг сэрэмжлүүлж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалтын ажил тодорхой хугацаагаар хойшилж болзошгүй бөгөөд үр тариа налсан байдалтай байна. Энэ үед комбайндаа нэмэлтээр иш өргөгч суурилуулах, нэг талаас нь сөргүүлж хураах зэрэг налсан тариаг хурааж авах хэд хэдэн аргыг хэрэглэж байгаа аж.

Цаг агаар таагүй байгаа ч ургац хураалтын ажил жигдэрчээ

2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм. Энэ нь улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц үзүүлэлт аж.

Есдүгээр сарын 25-ны байдлаар 26 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 15.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 66.2-68.9 хувийн явцтай, ургац хураалтын ажил жигдэрсэн гэж Ургацын штабаас мэдээлэв.

Энэ онд 1 сая ба түүнээс дээш тонн хадлан бэлтгэх боломжтой

Есдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн гарц сайн байгаа бөгөөд ихэнх нутагт нэг га-гаас 6 центр, зарим нутгаар 6,1-16 центр өвс бэлтгэх боломжтой гэдгийг судалгааны дүн харуулж байгаа юм. Бэлчээрийн гарцаас хамаарч 2018 онд 1 сая ба түүнээс дээш тонн хадлан бэлтгэх боломжтой байна. Одоогийн байдлаар орон нутгаас ирүүлсэн мэдээллээр малчид нийт 606.5 мянган тонн өвс, 31.7 тонн сүрэл, 1.7 мянган тонн ногоон тэжээл, 309.3 тонн үйлдвэрийн тэжээл, 16.9 мянган тонн гар тэжээл, 522 тонн дарш, 10.8 мянган тонн хужир шүү, аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2.7 мянган тонн өвс, 1000 тонн тэжээлийг тус тус бэлтгээд байна.

Т.НОМИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж