Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаж, өнгөрсөн хавраас хойш сураггүй болсноор олон таамаг, цуурхлыг дэгдээж байна. NEWS агентлаг энэ удаагийн "ХҮМҮҮС" будандаа "ХуанЖу Гэг" киноны Жин Суо шивэгчин, "X men: Days of Future Past" киноны Blink-ийн дүрээрээ алдартай жүжигчин Фан Бинбинийг танилцуулж байна.
БЛИЦ
Нэр: Фан Бинбин
Нас: 37 (1981 оны есдүгээр сарын 16)
Төрсөн газар: Хятадын Циндао хот
Өндөр: 1.68 метр
Жин: 48 кг
Гэр бүл: эрэгтэй дүүтэй мөн Ли Чен гэх залуутай өнгөрсөн онд сүй тавьсан.
Холливудад танигдаж чадсан Хятадын цөөн жүжигчний нэг Фан Бинбин олон сая ам.долларын татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж буй тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр сураггүй болохынхоо өмнө Хятадын тэрбумтан Гуо Венгуй гэгчийн эсрэг АНУ-д шүүхийн зарга үүсгэсэн байжээ. Түүний хэлснээр Фан Бинбин Хятадын дэд ерөнхийлөгчтэй амрагийн харилцаатай байсан аж. Энэ тухай Гуо Венгуй удаа дараа интернетэд видео бичлэг цацсаны дараа Фан Бинбин түүний эсрэг нэр хүндэд халдсан хэргээр шүүхийн зарга үүсгэжээ. Нью-Йорк хотноо 2017 оны долдугаар сард дээрх хэргээр шүүхэд гомдол гаргасныг Фан Бинбиний өмгөөлөгч Эндрю Бреттлер баталсан боловч шүүх ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Фан Бинбин болон түүний агентлагаас сураг дуулаагүй гэж мэдэгдсэн байна.
Жүжигчин бүсгүйтэй нэр холбогдсон Хятадын дэд ерөнхийлөгч Ван Цишань нь өдгөө 70 настай. Ван Цишань бол Хятадын дарга Си Жиньпиний баруун гар бөгөөд Коммунист намын наймдугаар нөлөө бүхий албан тушаалтан юм. Мөн тэрбээр Хятадад өрнөж буй авлигын эсрэг кампанит ажлыг гол гардан гүйцэтгэж буй хүн аж. Тиймээс Фан Бинбиний алга болсон нь татвараас зайлсхийсэн хэрэгтэй хамаагүй харин Коммунист намын өндөр албан тушаалтан түүнийг дуугүй болгохыг хүссэнтэй холбоотой гэж Гуо Венгуй мэдэгджээ.
Харин Хятадын албан ба албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Фан Бинбин татвараас зайлсхийсэн хэргээр гэрийн хорионд байцаагдаж байх магадлалтай гэнэ. Фан Бинбинийг тойрсон дуулиан өнгөрсөн тавдугаар сард Хятадын “CCTV” телевизийн хөтлөгч Цуй Ёнгуань түүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн талаар мэдээлснээс эхтэй. Үүний дараа Хятадын татварын албанаас Фан Бинбинийг шалгаж эхэлсэн юм.
Энэ хооронд Фан Бинбиний Бээжин хот дахь менежментийн баг албан газартаа ажиллахгүй байгаа нь олны анхаарлыг бүр их татаж байна. Фан Бинбин өнгөрсөн есдүгээр сарын 16-нд 37 нас хүрч төрсөн өдөр нь тохиосон боловч ямар ч чимээгүй байв. Хятадын “Weibo” сүлжээнд 62 сая дагагчтай Фан Бинбин өмнө нь төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн талаараа цахим сүлжээнд зураг, сэтгэгдэл бичдэг байв. Тэрбээр цахим хуудсандаа хамгийн сүүлд долдугаар сарын 1-нд Шанхайн эмнэлгийн хандивын үйл ажиллагаанд оролцсон зургаа оруулжээ.
Үүний зэрэгцээ Фан Бинбиний сураггүй болсон нь Хятадын эрх баригчид кино бүтээх зардлын ихэнх хувийг эзэлдэг жүжигчдийн цалин хөлсийг багасгах бодлого барьж эхэлсэнтэй холбоотой гэж үзэх хүн ч байна. Хятадын албаныхны өнгөрсөн зургадугаар сард мэдээлснээр Хятадын телевизийн шоуны зардлын 40 хувь, киноны зардлын 70 хувь нь жүжигчдийн цалин байдаг аж. Хятад улс нь дэлхийн кино урлагийн хоёр дахь том зах зээл юм. Хятадын албаныхан орон нутгийн продакшнууд, жүжигчдийн сонголт, найруулагч, зохиолд хяналт тавьдаг. Хэрэв Фан Бинбин Хятадын албаныхны хөлд тээглэсэн бол түүний карьерыг үгүй хийх нь маш хялбар ажил гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Жинхэнэ хятад гоо үзэсгэлэн гэж тооцогддог Фан Бинбин нь 2013 оноос хойш Форбс сэтгүүлийн гаргасан Хятадын өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсээр ирсэн. Фан Бинбин Шанхайн Сие Жин телевиз, кино урлагийн дээд сургууль болон Шанхайн театрын академийг төгссөн. Тэрбээр 1999 онд “Хуанжу Гэг” киноны Жинсуогийн дүрээр олонд танигдахаасаа өмнө “Хүчирхэг эмэгтэй” телевизийн цувралд туслах дүр бүтээж байжээ. Хожим 2011 оноос Франц, Өмнөд Солонгос зэрэг улсын кинонуудад дүр бүтээж улмаар 2014 он “Икс хүмүүс” цувралд дүр бүтээснээр Холливудад танигдсан билээ.
Холбоотой мэдээ