Дакар Ралли: Монгол залуус хүнд сорилтуудыг давлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Дакар Ралли: Монгол залуус хүнд сорилтуудыг давлаа

Тэсвэр тэвчээр, эр зоригийн шалгуур болсон “Дакар Ралли-2015” тэмцээн Өмнөд Америкт үргэлжилж байна. Суудлын, ачааны машин, мотоцикль гэсэн гурван ангилалд   зохиогдож буй тэмцээн Аргентин, Боливи, Чилийн нутаг дэвсгэрийг дамжин 9200 км замд болж байгаа. Манай улсаас Д.Болдбаатар, Ч.Анар, М.Лхамаа нар Монгол-Унгарын багтай хамтран оролцож байгаа талаар бид мэдээлсэн.

Тэмцээний сүүлийн гурван  өдрийн тойм мэдээллийг хүргэе.

4 дэх өдөр

Энэ өдрийн уралдаан нь Өмнөд Америкийн Андын нурууг давж далайн эргийн Чилийн нутаг руу орж уралдсан нь тамирчдад хүндхэн сорилт боллоо. Уралдаанд  83 дугаартай Д.Болдбаатар WP3 хяналтын цэгийг 53-р бүртгүүллээ.

Харин 117 дугаартай Ч.Анар  Улаанбаатарын цагаар 22 цаг 45 минутад, автомашины ангилалд уралдаж буй  431 дугаартай Н.Лхамаа ахлагчтай, ОУХМ Ө.Бямбадэлгэр, Спортын мастер М Б.Сүрэндорж нарын бүрэлдэхүүнтэй баг 00:18 минутад гараанаасаа гарсан юм.

4 дэх гарааны үеэр оролцогчид Чилийн нутгаар уралдаж далайн төвшнөөс 4 ,800 метрийн өндөр өгсүүр уул руу мацаж эцэс төгсгөлгүй элсэн цөлөөр амжилттай уралдан бариандаа орлоо. Энэ өдөр мотоцикль, автомашин, куад ангилалых нь 315  км замыг туулсан бол ачааны машины ангилал 174 км замыг туулжээ.

5 дахь өдөр

Чилийн Копиабо – Антопагаста хүртэл Дакар раллийгийн 5 дахь өдрийн 697 км замыг тамирчид маань тууллаа. Энэ өдрийн зам бужигнасан сул шороо ихтэй зам байсан учир тамирчдад урдах зам харагдцыг муу болгож уралдааныг хүндрүүлж байв.

Монгол тамирчдын маань хувьд 5 дахь өдөр тун амжилттай болж өндөрлөлөө. Доктор авто сүлжээ компанийн тамирчин ОУХМ Д.Болдбаатар Ази тивээ төлөөлж маш амжилттай уралдаж 53-р байранд орж ниийлбэр дүнгээр 76-д явж байна. Дакар раллид анх удаагаа оролцож буй Ч.Анарын хувьд энэ өдрийн гарааг амжилттай дуусгаж 112-т орсон байна. Автомашин ангилалд уралдаж буй Н.Лхамаагаар ахлуулсан экипаж 70-р байранд орж нийлбэр дүнгээр 67-р байранд явж байна.

Мотоциклийн ангилалд дакар раллийн 4 удаагийн аварга Marc Coma замаа 04 цаг 38 минут 16 сек туулснаар түрүүлсэн бол түүнээс 2 минут 16 секундын хоцрогдолтойгоор нутаг нэгт тамирчин Хоан Баррейда 2-р байранд оржээ. 3-р байранд Чилийн мотоциклчин Pablo Quintanilla тэргүүлэгчээс 2 минут 40 секундын хоцрогдолтойгоор орж ирсэн байна.

Нийт үзүүлэлтээрээ Хонда багийн тамирчин Хоан Баррейда тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 10 минутын хоцрогдолтойгоор 38 настай Marc Coma жагсаж байна.

Манай улсаас оролцож буй ОУХМ Д.Болдбаатар тэргүүлэгчээс 1 цаг 18 минут 40 секундын хоцрогдолтойгоор 53 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 7 цаг 55 минут 01 секундын хоцрогдолтойгоор 76 –р байранд жагсаж байна.

Энэ жил анх удаагаа оролцож буй #117 дугаартай уралдаж байгаа Ч.Анар 5 дах өдрийн уралдаанаа дуусгаж бариандаа амжилттай орсон байна.

Автомашины ангилалын хувьд ОХУ-ын тамирчин Владимир Василиев анхныхаа ялалтыг авчээ. Тэрбээр замаа нийт 4 цаг 19 мин 18 сек туулсан бөгөөд 2-р байранд түүнээс 20 секундын хоцрогдолтойгоор Өмнөд Африкийн тамирчин Yazeed Al-Rajhi орсон байна.

Америкийн Нэгдсэн Улсын тамирчин Робби Гордон 3-р байранд орсон харин тэмцээнийг хошуучлагч Nasser Al-Attiyah 4-р байранд орсон ба 5-р байранд дакар раллийн 11 удаагийн аварга Стефен Петерхансел оржээ.

Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 3 цаг 28 мин 47 секундын хоцрогдолтойгоор 70-р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 67 –р байранд жагсаж байна.

Камаз баг давхар цохилт хийлээ

Оросын тамирчин 2013 оны дакар раллийн аварга Эдуард Николаевийн ахалсан Камаз баг дараалсан 2 дахь гараандаа түрүүллээ. Ингэснээрээ тэд нийт үзүүлэлтээрээ тэмцээнийг хошуучилж эхэлсэн бөгөөд 8 минут 1 секундын зайтайгаар нутаг нэгт тамирчин Аярат Мардеевийн ахалсан Камаз баг жагсаж байна

Stage 6 замын мэдээлэл

Тамирчид  688 км замыг туулж байна. Замын байдал ерөнхийдөө номхон далайн эрэг даган өгсөж Iquigue оржээ. Далайн эрэг даган орших өндөр уулсын хяраар уралдаж, элсэн манхануудыг давах нь мото тамирчдын бас нэгэн шандсыг сорьж байна.

Ч.Анар  4-р хяналтын цэгээр 112-д бүртгэгдлээ. Харин Д.Болдбаатар  8-р хяналтын цэгээр 51-д бүртгэгдлээ. 2009 оноос эхлэн Өмнөд Америкт болж буй “Дакар Ралли” энэ сарын 17-нд шилгүүдээ тодруулна.

Эх сурвалж: www.horom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж