Аюулгүйн зөвлөлийн хурлаар Трамп шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Аюулгүйн зөвлөлийн хурлаар Трамп шүүмжлэлд өртөв

Аюулгүйн зөвлөлийн хурлаар Трамп шүүмжлэлд өртөв

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг буруутгав. Учир нь тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох Конгрессын дунд хугацааны сонгуульд БНХАУ хөндлөнгөөс оролцохын завдсан хэмээн буруутгасан байна.

“Миний засаглалын эсрэг БНХАУ манай улсын 2018 оны сонгуулийг бусниулахыг оролдож байна. Тэд намайг болон биднийг ялаасай хэмээн хүсэхгүй байна. Би л БНХАУ-тай худалдааны дайн зарласан анхны ерөнхийлөгч, бид ялж байна, бүхий л хэсэгт ялж байгаа. Бидний Конгрессын дунд шатны сонгуульд битгий хөндлөнгөөс оролцож саад хийгээсэй гэж хүсэж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын аюулгүй зөвлөлийн хурлаар хэлжээ.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Трампын хэлсэн үгийг үгүйсгэж, Трамп ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэж байна. Бидэнд АНУ-ын Конгрессын ирэх сонгууль огт хамаагүй гэдгээ мэдэгдсэн юм.

“БНХАУ-ын он удаан жил мөрдөж буй гадаад бодлого бол гаднын улс орнуудын дотоод асуудалд оролцохгүй байх. Бид хэзээ ч аливаа нэг улс орны дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцож байгаагүй. БНХАУ энэ нотлох баримтгүй гүтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн НҮБ-ын зүгээс тавигдсан үүргийн дагуу ажиглах эрхтэй болохоос оролцох ёсгүй” хэмээн Ван И хэлжээ.

Тэрбээр үргэжлүүлэн 2015 оны Ираны цөмийн зэвсгийн гэрээг хамгаалж, олон талт хэлэлцээрийн үр дүн гэж сайшаасан. Ван И Иран улсыг гэрээнд заагдсан үүргээ үргэлжлүүлэн биелүүлж бусад улс орнууд Ирантай худалдааны гэрээ байгуулах боломжтой хэмээн онцолсон. Түүнчлэн, Ван И Солонгосын Хойгт гарсан уулзалтын үр дүнг сайшааж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Хойд Солонгосыг бүрэн цөмийн зэвсэггүй болгоход бүх талаар тусалж дэмжихийг уриалсан.

Тэгвэл Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес АНУ-ын Засгийн газраас барьж буй бодлого болон Ерөнхийлөгч Дональд Трампыг хурцаар шүүмжилжээ.

“АНУ-ын Засгийн газар олон талт хамтын ажиллагааг үл хүндэтгэж, ардчиллын үнэ цэнийг эрхэмлэхийг хүсэхгүй байна. АНУ бусад улс орнуудад бослого гаргахад хөрөнгө оруулж, диктатуруудыг дэмжиж эсвэл айлгадаг. Үүний тод жишээ бол Венесуэл. Мөн хүний эрх болон шударга ёсыг АНУ эрхэмлэхээ мартсан” хэмээн хэрхэн дүрвэгсдийн хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж хорьсон тухай Эво Моралес ярьжээ.

Энэхүү мэдэгдэлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй ажээ.

НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хурал ийнхүү ширүүхэн уур амьсгалтай болж өндөрлөсөн юм. Улс орны удирдагчид олон талт хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчлан үзэж байхад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америк хамгийн түрүүнд” бодлого дор эх оронч сэтгэлгээ нь түүнийг тал талаас шүүмжлэгдэхэд хүргэсэн билээ. Дэлхийн улс орнуудыг дайснаа болгосон Трампын засаглал дайн болон энхийн замналын алийг нь сонгох бол.

ЭХ СУРВАЛЖ: UN LIVE
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж