Оюутолгойд давуу эрх олгосон гэх хуулийн төсөл чуулганаар орно

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Оюутолгойд давуу эрх олгосон гэх хуулийн төсөл чуулганаар орно

Оюутолгойд давуу эрх олгосон гэх хуулийн төсөл чуулганаар орно

Өнгөрсөн хаврын чуулганаар  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн ч УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир чуулганы танхимд “бүдэрсэн” юм.

ААНОАТ-ын тухай хуульд:

  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно,
  • X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,
  • Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

УИХ-ын гишүүдийн хувьд “Татварын хөнгөлөлтөд гадаад, дотоодын бизнесүүдээ ялгаагүйгээс Оюутолгой хүртэл хөнгөлөлт эдлэхээр ойлгогдож байна” гэж үзсэн учир эргэн харахыг сануулсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Улаан “Дотоодынхоо үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхийн тулд татварын таатай орчин бүрдүүлэх нь зүйтэй. Татварын хуульд оруулсан заалтуудыг судалж үзэхээр алдаатай зүйлүүд нэлээд байсан. Ялангуяа татварын хууль бол бүх аж ахуй эрхлэгчдэд үйлчилнэ. Дотоод, гадаадын гэж зааглахгүй. Гэтэл бид дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжье гээд татварынхаа ачааллыг багасгаад дэмжлэг үзүүлээд ирэхээр манайд хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа томоохон хөрөнгө оруулагчид ч адил хамрагдах болно. Хөрөнгө оруулагчдад бид татварын нэлээд таатай орчин бүрдүүлээд өгчихсөн байгаа. Тиймээс дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг хэрхэн зааглах гэдэг нь тодорхойгүй байна. Орж ирсэн хуулийн агуулгаар үзвэл Оюутолгой компани татварын хөнгөлөлтөд хамрагдана. Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын талаар тусгагдсан асуудлуудын гуравны нэг нь хамрагдахаар байгаа. Үүнд чамгүй хэмжээний татварын хөнгөлөлт эдлэхээр байгаа юм. Тодорхойгүй заалтууд ч байгаа. Тухайлбал, зардлаа нотлоогүй байсан ч татварт оногдуулах орлогоос хасч тооцно гэсэн заалт байх жишээтэй. Гэтэл бид Оюутолгой дээр санхүүгийн баримтыг үзэж, зардал гүйлгээг нь баталгаажуулсан. Эндээс илэрсэн зөрчлийг л одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй байгаа байгууллага. Гэтэл зардлаа баталгаажуулахгүйгээр хасалт хийгээд явахаар юу болох вэ. Энэ мэт алдаатай зүйлүүд байгаа учраас нэлээд ажиллах шаардлагатай хуулийн төсөл гэж үзсэн” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Харин ААНОАТ-ын хуулийг хууль санаачлагчид нь буцаасантай холбогдуулан МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргасан.

Тус мэдэгдэлд “ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын  татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжлэг авсан юм” гэж байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд тус хуулийн төслийг  дахин УИХ-д өргөн мэдүүлсэн. Бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт үүсгэж, УИХ-ын гишүүд болгоомжлон буцааж байсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн учир  намрын чуулганаар дахин хэлэлцэж батална. Бүдэрсэн хуулийн төслийн заалт хэрхэн өөрчлөгдөв.

Хуулийн танилцуулгад: 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдүүлэх, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг харгалзан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Одоогийн хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж, олон улсын бизнесийн харилцаанд улам бүр татагдан орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхэжсэн. Иймд хурдацтай өөрчлөгдөн байгаа орчин нөхцөлтэй уялдуулан орлого, зарлага тооцох зарчим, алдагдал шилжүүлэх хугацаа, үнэ шилжилтийн журам, эх үүсвэртэй орлогын тодорхойлолт гэх мэт татварын олон харилцааг орчин үеийн жишиг, шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байна. Түүнчлэн, уг хуулийн төслөөр одоо байгаа татварын ачааллыг бууруулах замаар татварын суурийг өргөжүүлэх зарчмыг баримталсан гэж төсөл санаачлагчийн танилцуулгад дурдсан байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд дараах зохицуулалтыг шинээр тусгасан байна. Үүнд: 

  1. Татварын зорилгоор орлого хүлээн зөвшөөрөх зарчмыг тусгав.
  2. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой болгов.
  3. Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэв.
  4. Гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасагдуулж тооцох зарчмыг тусгав.
  5. Улс бүрээр гаргах үнэ шилжилтийн тайлангийн харилцааг тусгав.
  6. Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн татварын харилцаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж