НЭМГ-ын харьяа Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Туул тосгоны ЭМТ-ийн дарга М.Цогтгэрэл болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нийслэл хотоос 52 км алслагдсан зайд орших тус эрүүл мэндийн төв нь Туул тосгоны 5000-7000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. Харин 1964 оноос хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй нийт 15 ортой эмнэлгийн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа больж, ан цав үүссэн тул холбогдох мэргэжлийн байгууллагуудаас үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гарсан билээ.
Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн А/88 захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 32 ортой, дөрвөн давхар эмнэлгийн барилга угсралтын ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүлээд байна.
Ойролцоогоор гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга угсралтын ажлыг “Нью констракшн” ХХК-иас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх бөгөөд ирэх 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор тус тосгоны болон Био комбинат, Өлзийт хорооллын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд чухал нөлөө үзүүлэх юм байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ