Аялал жуулчлалын салбарын хөгжилд мэргэшсэн хүний нөөц чухал үүрэгтэй | News.MN

Аялал жуулчлалын салбарын хөгжилд мэргэшсэн хүний нөөц чухал үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбарын хөгжилд мэргэшсэн хүний нөөц чухал үүрэгтэй

Дэлхийн аялал жуулчлалын өдөр энэ долоо хоногт тохиож байгаатай холбогдуулан ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн (БУХС) Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D) Л.Амартүвшинтэй аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар  ярилцлаа. 


Дэлхийн аялал жуулчлалын өдөр энэ сарын 27-нд тохиолдож байна. Олон улсын аялал жуулчлалын өдөр өнгөрсөн жил ямар амжилтаар тэмдэглэсэн жил болсон вэ? 

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлж байгаагаар Олон улсын аялал жуулчлалын зах зээлийн хэмжээ 2017 онд 7% өсөж 1,323 сая жуулчин улс хооронд аялан жуулчилсан байна. Нийт зах зээлийн орлогын хэмжээ өсөж 1,3 их наяад долларт хүрсэн буюу өмнөх жилээс 5% өссөн дүнг харуулсан байна. Энэ нь 2010 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жилийг харуулж байгаагаараа онцлог байгаа юм. Үүнээс манай Ази ба Номхон далайн бүс нутаг нийт гадаад жуулчдын 24% эзэлсэн байна. Манай улсын хувьд аялал жуулчлалын статистик тооцоогоор 471 мянган жуулчин гадаад орнуудаас ирсэн нь өмнөх оноос 14% өссөн, аялал жуулчлалын салбараас 400 сая долларын орлого олсон нь өмнөх оноос мөн  21% өссөн үр дүнг харуулсан амжилттайгаар энэ жилийг бид нар угтсан байна. Эндээс харьцуулж авч үзвэл манай улсын хувьд дэлхийн дунджаас дээгүүр өсөлтийн хувь бүхий жуулчдын тоо, орлого олсон гэсэн нааштай өөрчлөлтүүд гарсан байна гэсэн үг юм. Дотоодын аялал жуулчлалын хувьд мөн өссөн байгаа боловч энэ талаар нарийн тооцоо судалгаа манайд байдаггүй. Гадагшаа аялж байгаа буюу манайхаас гадаад улс орнууд руу давхардсан тоогоор 2.4 сая хүн гарсан байдаг энэ нь манайхан бас гадагшаа маш их аялж байгаа төдийгүй жилээс жилд нэмэгдсэн статистик тооцоог үзүүлж байгаа төдийгүй цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Аялал жуулчлалын салбарыг өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлүүдийн талаар яривал?

Аялал жуулчлалын зах зээлийн өсөлтийг бүрдүүлж байгаа хүчин зүйлүүдийг олон улсын хэмжээнд авч үзвэл аялал жуулчлал хөгжүүлж байгаа улс орнууд аюулгүй байдлын түвшнийг хангах тал дээр анхаарч ажиллаж жуулчдын эрсдэлийн түвшнийг бууруулсан, голлох жуулчлагч орнуудын хувд эдийн засгийн таатай өсөлт бүхий орчинд байгаа, ОХУ болон Бразилын хувьд огцом буураад байсан гадаад аяллын жуулчлалын тоо өнгөрсөн онд өндөр хурдацтай өссөн, улс орнууд аялал жуулчлалаа тогтвортой хөгжүүлж  үйлчилгээний чанар дээшилж байгаа гэсэн үр дүнг судлаачид илэрхийлж байна. Манай улсын хувьд аялал жуулчлалын зах зээлийн хувьд  хөрш орнуудаас ирж байгаа жуулчид нэмэгдэхийн зэрэгцээ БНСУ, Япон, АНУ, Герман, Франц, Австралиас ирэх жуулчдын тоо өндөр хурдацтай нэмэгдсэн нь манай зах зээлийн өсөлтийг голлох шалтгааныг бүрдүүлж байна. Энэ нь ч манай иргэдэд ялангуяа орон нутгийн иргэдэд нэлээд мэдрэгдсэн болов уу.

Манай улсын аялал жуулчлалын хувьд ирээдүй яаж төсөөлөгдөж байна?

Одоо байгаа хандлагаар бол манайх байгалийн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж өндөртэй улсад тооцогддог бөгөөд энэ нөөцөө бүрэн ашигладаггүй буюу зах зээлийг тэлэх багтаамж маань өндөр байна гэж үздэг. Гол асуудал нь аялал жуулчлалын үйлчилгээ буюу бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж үйлчилгээний чанарыг дээшлүүлж нэр төрлийг өргөтгөх, хүмүүсээ сайн бэлтгэх, олон улсын тээврийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага байгаа юм. Нэг үе зочид буудлын хүлээн авах хүчин чадал, нийлүүлэлт маань эрэлтээс бага байсан бол одоо монголд үйлчилгээний чанарын зэрэглэл өндөртэй сүлжээ зочид буудлууд олноор байгуулагдсан сайн тал байна. Хөшигийн хөндийн нисэх буудал баригдаж ашиглалтад орсноор жуулчдын тээврийн гол урсгал болох агаарын тээврийн хүлээн авах боломж, хүчин чадал эрс нэмэгдэх нь манайд эрэлтийг хангах бодит бололцоо үүсэх болно. Жилээс жилд аялал жуулчлалын үйлчилгээний чанар тааруу байгаа талаар асуудал байнга гардаг ч дорвитой ахиц дэвшил одоогоор харагдахгүй байна. Уламжлалт хэв маягаар ажиллаад байх нь цаашид явцгүй болох шинжтэй байгаа юм. Үйлчилгээнд хүмүүсээ бэлтгэх, сургах хэрэгцээ шаардлага өндөр хэвээр байсаар байна. Нөгөө талаар аялал жуулчлал маань бизнесийн үйл ажиллагаа байдгийн хувьд гаднаас жуулчид татах маркетингийн оновчтой бодлого, нэгдмэл тогтолцоо үгүйлэгдэж байна. Манай улсын хувьд импортын төлбөр тооцоо хийх цөөхөн хэдхэн салбар байдгийн нэг нь аялал жуулчлал юм. Манайд жуулчид их ирэх тусам манай эдийн засагт ашигтай, бидний амьдралд хувь нэмрээ оруулдаг гэдэг талаас нь иргэн бүр харж жуулчдыг харилцан хүндэтгэх найрсаг харилцаа, уур амьсгалыг нийгэмд бий болгох шаардлагатай. Манайд ирж буй жуулчин онгоцноос буугаад л аятайхан сэтгэгдэл төрүүлж угтах орчин, найрсаг байдал, монгол соёлыг мэдэрч байвал сайнсан. Ер нь манай аялал жуулчлалын зах зээл, бизнес эрхлэх орчинг гадаад зах зээлтэй холбоотойгоор системийн загварчлалаар авч үзээд шаардлагатай үйлчилгээ, бизнесийн чиглэлүүдийг нь хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжээд явчихвал одоо тулгамдаад байгаа олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж нааштай ахиц гарна гэж хардаг. Үүнд засгийн газар, холбоод, аялал жуулчлалын компаниуд, хувь хүмүүс гээд бүхий л түвшний хамтын ажиллагаа, оролцоо чухал. Аялал жуулчлал нь манай улсад эдийн засгийн хувьд хөгжүүлэх боломжтой тэргүүлэх салбаруудын нэгд тооцогддог бөгөөд энэ салбарт хийх ёстой ажил их байна.

Салбарын хүний нөөцийг бэлтгэх тал дээр ямар бодлого баримталж ажиллах шаардлагатай байна вэ?

Аялал жуулчлалын салбарт нарийн мэргэжлийн хүмүүс харьцангуй бага байдаг. Гол төлөв мөнгө гэдэг талаас нь харж ажиллаад байгаа хандлага байна. Энэ нь нэг талаас энэ салбарт олон хүн оролцож бизнес эрхлэхийг хүсэж байгаа сайн талтай ч нөгөө талаас мэргэжлийн түвшинд  үйлчилгээ үзүүлж чадахгүй, чанарын доголдол их гардаг. Аялал жуулчлалд сэтгэлтэй, үйлчилгээнд мэргэшсэн, олон талын мэдлэг, чадвартай хүмүүсийн хэрэгцээ өндөр хэвээр байна.  Манай хөтөлбөрийн багийн зүгээс салбарын мэргэжилтнүүдийг аялал жуулчлалын орчин үеийн онол, үйлчилгээний технологи, арга барил эзэмшиж зохих дадлага олгож төгсгөхөд онцгой анхаарч сургалтын хөтөлбөрөө боловсруулсан. Аялал жуулчлал, зочид буудал, рестораны байгууллагад дадлага хийлгүүлэхийн зэрэгцээ Япон улсын аялал жуулчлалын компани, зочид буудлуудад оюутнуудаа цалинтай дадлага хийлгүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь сайн мэргэжилтнүүд гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Ер нь олон улсад аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа туршлагаас харахад үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж төлөвлөх, жуулчдад үүсэж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, олон төрлийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх, сэтгэл ханамжийн түвшнийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Сайн үйлчилгээ үзүүлнэ гэдэг амаргүй ажил бөгөөд үүний тулд аялал жуулчлалын үйл явц, нөхцөл байдлыг олон талаас нь судалж үйлчилгээг сайжруулахын төлөө зүтгэх шаардлагатай юм. Бид аялал жуулчлалын сайн үйлчилгээг бий болгох төдийгүй бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж зарж чаддаг,  өрсөлдөх давуу талуудтай байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд мэргэшсэн хүний нөөц хамгийн чухал үүргийг гүйцэтгэх учиртай.

А.АНИР

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүннү 2018-09-27 202.179.25.107

Хуучин АЖ холбоо их сайн ажилдаг байсан, Батнасан гэж эмэгтэй байсан шүү дээ. Одоо ямар болсон бүү мэд.

Avatar

Залуу 2018-09-27 64.119.23.244

Аялал жуулчлалын холбоо гэж ажилгүй хэдэн пяткаанууд гандангийн тагтаанууд шиг юмнууд тэжээлггээд л суух юм даа

Avatar

Ах нь 2018-09-27 202.55.188.45

яааааг үнэн нэг л шантаажилсан нохдууд байдын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж