Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Эмгэнэл

 Дондогийн ГАРАМЖАВ

(1945-2018)

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич, Табангууд овогт Дондогийн Гарамжав 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын геологийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Д.Гарамжав нь 1945 оны 8-р сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Хараагийн голд төржээ. Тэрбээр 1952-1954 онд Төв аймгийн Баян-Өлзийт сумын бага сургууль, 1954-1962 Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн Геологийн ангид тус тус суралцан төгсөж, эрэл зураглалын инженер геологич мэргэжил эзэмшжээ. Д.Гарамжав МУИС-д суралцаж байхдаа үйлдвэрлэлийн дадлагыг Дорноговь аймгийн Алтан ширээ сумын геологийн зураглал болон мөн аймгийн Мандах сумын нутагт гүйцэтгэж байсан Цагаан Суваргын зэсийн ордны хайгуул дээр хийжээ.

Д.Гарамжав нь 1967-1968 онд Чойрын геологийн удирдах газар дагалдан геологич, Баянхонгорын геологийн удирдах газар ангийн ерөнхий геологичоор ажиллаж байгаад 1968 оны намраас өөрийн саналаар Хөвсгөлийн геологийн удирдах газрын харъяа Эрдэнэтийн хайгуулын ангид шилжин ирж, Эрдэнэтийн овооны зэс молибдены орд газрын урьдчилсан хайгуулын ажлыг дуусгахад хүчин зүтгэсний зэрэгцээ тус районд байгаа зэсийн бусад илрэлүүд дээр хийгдсэн эрэл-үнэлгээний ажлыг биечлэн удирдаж, Дорнод Монгол, Завханы Оюут толгой, Оюу толгойн бүлэг ордод хайгуул судалгааны ажил хийж гүйцэтгэжээ. Д.Гарамжав сүүлийн 20 гаруй жилийг Оюу толгойн бүлэг ордын хайгуул судалгааны ажилд зориулж, “Би Эйч Пи”, “Айвенхоу майнз”, “Оюу толгой” компанид зөвлөх мэргэжилтэн, ахлах геологич, зөвлөх геологичоор тус тус ажиллаж байв. Энд ажиллах хугацаандаа дэлхийн хэмжээний сонгодог порфирын ордуудын нэг болох Оюу Толгойн зэс-алтны порфирын ордын хайгуулд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын бахархалт геологич байлаа.

Тэрбээр үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан явуулж үйлдвэрлэлийн ба сэдэвчилсэн судалгааны 15 орчим тайлан, 10-аад ном товхимол бичихэд оролцож, 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг, өгүүллэгийн хураангуй бичиж хэвлүүлсний зэрэгцээ ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд явуулсан 3 сэдэвчилсэн судалгаанд оролцжээ. Мөн "Монголын зэсийн хүдрийн формаци" гэсэн нэгэн сэдэвт зохиолыг бичилцэж хэвлүүлсэн нь одоо хүртэл геологчидын ширээний ном болсоор байна. Түүнчлэн геологичдод зориулж "Техник геологийн гарын авлага", "Геологийн түгээмэл нэр томъёоны Орос-Монгол толь", “Геологийн нэр томъёоны Орос-Монгол-Англи толь", "Ханбогдын шүлтлэг боржингийн хуйлралтын болон эргүүлгэн бүтцийн тухай" өгүүлэл бичиж үүнийгээ “Байгаль ертөнц дэх хуйлралтын үзэгдлүүд” хэмээн томоохон бүтээл болгон хэвлүүлсэнээс гадна "Байгалийн гамшиг, хүн төрөлхтөн" товхимолыг нөхдийн хамт бичиж, мөн Монголын геологийн албаны 70 жилийн ойд зориулан “Ашигт малтмалын ордуудын эрлийн шалгуур шинж тэмдэг” 3 цуврал эмхэтгэлийг хэвлүүлжээ. Мөн сүүлийн жилүүдэд Оюу толгойн орд газрыг нээсэн тухай баримт түшин бичсэн өөрийн “Дурсамж – 1”, “Дурсамж – 2” ном болон залуу геологичдод зориулан хэд хэдэн орчуулгын бүтээлийг бие даан болон хамтран хэвлүүлж гаргаад байсан юм.

Д.Гарамжав нь 2004 онд Канадын Торонто хотод олон улсын хамгийн нэр хүндтэй “Тейер Линдслэйн нэрэмжит шагнал”-ыг “Оюу толгой”-н ордыг нээлцсэний төлөө хүртсэн бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны Монгол хүн болсон юм.

Тэрбээр мэргэжлийн дагуу судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ өөрийн сонирхлоор 1982 оноос хойш хадны зураг цуглуулах чиглэлээр хийсэн өгүүллүүдээ нэгтгэж 1999 онд "Хадны зурагсын уянгалаг зохиомж оршвой" хэмээх товхимолыг доктор, археологч Д.Цэвээндоржийн редакцийн доор хэвлүүлж гаргасан ба хожим нь бусад нөхдийн хамт “Жавхлант хайрханы хадны зураг”, “Ханбогдын хадны зураг” номыг тус тус хэвлүүлжээ.

Монгол Улсын эрдэс баялгийг нээн илрүүлэхэд оруулсан түүний эрхэм үйлсийг төр, засгаас үнэлэн “Монгол Улсын тэргүүний геологич” цол, тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх нэр хүндтэй цолыг олгосон юм.

“Зэсийн Гарамжав” хэмээн геологи, уул уурхайн салбартаа алдаршсан түүний эгэл даруу атлаа энгүй дүр нь Монголын геологичдын зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.

Х.БАТТУЛГА, М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХ,

Д.ДАМБА-ОЧИР, Д.СУМЪЯАБАЗАР, Ж.ЭРДЭНЭБАТ,

Д.ЭРДЭНЭБАТ, Н.ОЮУНДАРЬ, Г.БЯМБАА, Ш.ОРГИЛ

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж