Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны Баку хотод зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр явагдах эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаанууд эхэлж, шөвгийн наймд өрсөлдөх бөхчүүд эхнээсээ тодорч эхэллээ.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ Б.Мөнхтуяа эхний барилдаанаа Германы Весситэй хийж, цэвэр ялагдлаа. Манай бөхийг ялж, шөвгийн 16-д үлдсэн Весси Бразилын бөхтэй барилдахаар болжээ.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр болон ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар барилдаж байгаа. Манай бөхчүүд хоёул шөвгийн 16-д үлдээд байна. Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт гоц мөргөж, Венесул, Кубын бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдлээ. Тэрбээр хэсгийн аварга буюу хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө “Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Хисаоши Харасаватай барилдана.
Мөн энэ жинд барилдаж буй Н.Түвшинбаяр Киргызстан, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, гуравдугаар тойрогт үлдээд байсан ч Чехийн Лукаст ялагдлаа. Хэрвээ Чехийн Лукас хагас шигшээд үлдэж, финалд барилдах эрхийг авах юм бол манай бөхөд дагах барилдаан гарах юм.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ