Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хойд бүсэд эбола вирус дахин тархаж 150 хүн өвчилж, 69 хүн нас бараад байгаа тухай тус улсын Эрүүл Мэндийн яам мэдээллээ. 150 хүний 119 нь эболагаар өвчилсөн болох нь тогтоогдож, 31 хүнд ижил шинж тэмдэг илэрсэн байна. “Бүс нутагт гарч байгаа халдлагууд, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн эргэлзээ зэрэг нь тархалтыг улам хурдасгах хүчин зүйл болж байна. Зарим хүмүүс өвчин туссандаа итгэхгүй эсвэл мухар сүсгээсээ болж эмчилгээ хийлгэхээс татгалздаг. Эболагийн эмчилгээний төв нь өвчтөнүүдэд болон халдлагад өртөн шархдагсдад үргэлж нээлттэй, вакцинжуулалт хэвийн явагдаж байгаа” хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ажилтан хэлжээ.
1976 онд эбола вирусийн анхны тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд одоог хүртэл нийт 10 удаа дэгдээд байна. Энэ жил хоёр удаа дэгдсэний нэг нь тавдугаар сард эхлээд долдугаар сард дууссан. Хоёр сарын хугацаанд 54 тохиолдол бүртгэгдсэний 33 нь нас баржээ. Наймдугаар сарын наймнаас эхлэн Эрүүл Мэндийн Яамнаас өндөр эрсдэлтэй бүлэг буюу бага дунд сургуулийн сурагчдад вакцин хийсэн байна. Эбола вирусийн халдвар авсан үед халуурах, толгой өвдөх зарим тохиолдолд цус алдах шинж тэмдэг илэрдэг. Хүнээс гадна сармагчинд мөн халддаг гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Н.АМГАЛАНТУУЛ
Холбоотой мэдээ