Азийн хөгжлийн банк /АХБ/-аас өнөөдөр /2018.09.26/ Монгол Улсын 2018-2019 оны эдийн засгийн төлөвийг танилцууллаа. Тус тайланд дурдсанаар манай улсын эдийн засаг 2018 оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэнээс хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой гэв.
Азийн хөгжлийн төлөв 2018 тайлангийнхаа шинэчилсэн дугаарт Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө гэж таамаглажээ. Дөрөвдүгээр сарын тайландаа 2018 онд 3.8 хувь, 2019 онд 4.3 хувь байхаар таамаглаж байсан өсөлт ийнхүү нэмэгдэхэд нүүрсний экспортын өсөлт, хүлээлтийг давсан иргэдийн хэрэглээ голлон нөлөөлжээ. Уул уурхайн хөрөнгө оруулалт цаашид үргэлжлэх хэдий ч өсөлт нь саарснаар 2019 онд ДНБ-ий өсөлт бага зэрэг буурна гэж дүгнэв. Эдийн засгийн өсөлт хүлээлтийг давлаа гэж Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёландаа Фернандез тодотгоод тэрбээр цааш хэлэхдээ “Эдийн засаг зарим хүчин зүйлд мэдрэг хэвээр байгаа тул ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, ингэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэх хэрэгтэй. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээн онцоллоо.
Хөрөнгө оруулалт ДНБ-ий 12,6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл өссөнтэй холбоотойгоор хэрэглээ нь ДНБ-ий 3.6 хувийг бүрдүүлжээ. Нийлүүлэлтийн хувьд уул уурхайн салбарын сэргэлт, үйлдвэрлэлийн тэлэлт ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээг 2.1 нэгж хувиар нэмэгдүүлсэн бол үйлчилгээ 3.7 нэгж хувийн өсөлтийг бий болгосон байна. Зарим газар гантай байснаас малын тоо толгой хорогдсон тул хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн жин 2.5 нэгж хувь болон буурчээ. Оны эхний найман сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.5 хувиар суларсан ч худалдааны жингээр тооцсон болон инфляцын тохиргоо хийсэн дүнгийн аль алинаар нь худалдааны гол түншүүдийн мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарсан байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Энэ онд шатахууны үнэ тогтвортой байна гэж тайландаа дүгнэсэн байна. Гэвч гадаад зах зээл дэх газрын тосны үнийн нөлөө манай улсад мэдрэгдэх төлөв ажиглагдаж байгаа. Зарим шатахуун импортлогчдын хувьд үнээ нэмэх саналаа Засгийн газарт хүргүүлсэн тухай мэдээлэл бий. Ургац хураалтын үетэй давхцаад шатахууны үнэ нэмэгдвэл оны эцэст инфляцад нөлөөлөх эрсдэл бий юу?
АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ ДЕКЛАН МАГИЙ:
-Газрын тосны нэг баррелын үнэ өнөөдөр 80 ам.доллар хүрсэн нь сүүлийн дөрвөн жилтэй харьцуулахад хамгийн өндөр түвшинд байна. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилсэн тохиолдолд шатахуун импортлогч Монгол Улсын хувьд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй. Гэсэн хэдий ч энэхүү төлөв хандлагыг шинжлэн үзсэний үндсэнд инфляцын төлөвийг тогтвортой байна гэсэн таамгийг дэвшүүлж байгаа. Газрын тосны хувьд төсөөлөл таамаг гэдэг нэлээд ярвигтай асуудал. Яагаад гэвэл үнийн нөхцөл байдал нь газрын тосны үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй геостратегийн асуудлаас хамаардаг.
–Оны эхний найман сард төгрөгийн ам. доллартай харьцах ханш 1.5 хувиар суларсан гэдгийг танилцуулгадаа дурдлаа. Өрийн дарамт, ханшийн сулралтаас үүдэн ирэх оны эдийн засгийн төлөвийг хэрхэн харж байна вэ?
-Ханшийн сулрал 1.5 хувьтай гарсан нь бодит үзүүлэлт. Таамаг биш. Монгол төгрөг ам.долларын эсрэг суларч байгааг анхаарах ёстой асуудал. Монгол Улсын хувьд гадаад валютаар илэрхийлэгдэх өрийн эзлэх хувь хэмжээ нэлээд өндөр байдаг учраас ам.долларын өсөлтийн эсрэг хамгааллын арга хэмжээ болох нөөц маш чухал. Тиймээс нөөцөө улам бүр нэмэгдүүлэх шаардлагатай.
-Америк, Хятадын худалдааны сөргөлдөөн Монгол Улсад ямар эрсдэлийг дагуулах вэ. Ялангуяа коксжих нүүрс , алтны экспортод нөлөөлөх үү?
-Үүнийг бид анхааралтай ажиглаж байгаа. Сөргөлдөөнд хамгийн их өртөх нь БНХАУ гэж үзэж байгаа. БНХАУ нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш учраас Монгол Улстай уялдуулах авч үзэх ёстой. Нүүрсний экспортын өсөлт хэвээр хадгалагдана гэдгийг хоёрдугаар улирлын дүн үүнийг баталж байна. Гэхдээ худалдааны сөргөлдөөн үргэлжилсэн хэвээр ялангуяа гангийн асуудлаар талууд сөргөлдсөн тохиолдолд коскжих нүүрсэнд нөлөөлж болзошгүйг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч Монгол Улс Хятадын уламжлалт нүүрсний экспортлогч улс нь хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад тодорхой давуу талууд байдаг. Монголчууд байгалийн баялгаа ойр орчмын зах зээлүүдэд нийлүүлдэг. Тиймээс нүүрсний экспортын өсөлт хадгалагдана гэж үзэж байгаа.
СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЁЛАНДАА ФЕРНАНДЕЗ:
-Сөргөлдөөний үр дагавар одоохондоо төдийлөн мэдрэгдсэнгүй. Гэсэн хэдий ч хүлээгдэж буй дараагийн хориг арга хэмжээ, тарифын өсөлт 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд хангагдах ёстой. Энэ тохиолдолд хэрэгжих дараагийн арга хэмжээ нь сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. БНХАУ-ын хариу арга хэмжээ ямар байхаас шалтгаална. Шинжээчдийн тооцоолж байгаагаар, харилцан хэрэгжүүлж буй худалдааны хязгаарлалтууд, тарифын үр нөлөөнд БНХАУ-ын ДНБ нэг хувиар, АНУ-ын 0.2 хувиар буурна гэсэн таамгийг дэвшүүлж байгаа. Энэ нь Монгол Улсын нүүрсний экспортод нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэсэн хэдийн БНХАУ бол томоохон эдийн засагтай улс учраас нүүрсний эрэлт хэрэгцээ нь өндөр хэвээр байх болно.