Улирлын өмнө: Сент-Луис Блюс баг

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Сент-Луис Блюс баг

Улирлын өмнө: Сент-Луис Блюс баг

Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн хатуу “самар”-нуудын нэг бол Миссури мужийн Сент-Луис хотын Сент-Луис Блюс баг юм. Сент-Луис Блюс баг дасгалжуулагч Э.Мюррейгийн эрин үеийг эс тооцвол байгуулагдсан цагаасаа хойш л плэй-оффын хүчтэй өрсөлдөгч баг байсаар ирсэн. Харин өнгөрсөн улиралд М.Йеогийн удирдлага дор улирлын 82 тоглолтоос 44 хожил авч 94 оноотой плэй-оффын гадна үлдсэн. Канад мэргэжилтэн М.Йеогийн удирдсан Сент-Луис Блюс баг плэй-оффын гадна үлдэх болсон шалтгаан бол өнгөрсөн хоёрдугаар сард үзүүлсэн хангалтгүй тоглолт байсан гэхэд хилсдэхгүй. Тэд 2 сард хийсэн 13 тоглолтоос ердөө дөрвөн хожил авсан нь Сент-Луис Блюс багийг плэй-оффт шалгарахад бусад өрсөлдөгч багаас ихээхэн хамааралтай болгосон бөгөөд Колорадо Эвеланш багаас ердөө ганцхан онооны дутуутай плэй-оффын гадна харамсалтайгаар үлдсэн. Хэрвээ улирлын сүүлийн тоглолтондоо Колорадо Эвеланш багийг хожсон бол плэй-оффт орох боломжтой байсан ч боломжоо алдсан. Иймд энэ жил дасгалжуулагч М.Йеогийн хувьд тун хариуцлагатай улирал ирж байна. Хэрвээ плэй-оффт шалгарч чадахгүй бол ирэх улирлын төгсгөлд багаа орхих болов уу.

  • БАГААС ЯВСАН ТОГЛОГЧИД: П.Берглунд, В.Соботка, Т.Томпсон, К.Хюттон бүгд Баффало Сэйбрес рүү, Р.Сандин Торонто Мейпл Лифс руу, К.Бродзяк Эдмонтон Ойлерс руу
  • БАГТ ИРСЭН ТОГЛОГЧИД: Р.О’Рейлли, Ч.Жонсон, Ж.Нолан бүгд Баффало Сейбресээс, Д.Бок, Т.Бозак хоюулаа Торонто Мейпл Лифсээс, Д.Перрон Вегас Голден Найтсаас, П.Мэйрон Нью-Жерси Девилсээс

Сент-Луис Блюс багийн бараг л бэлэг тэмдэг болоод байсан П.Берглундыг Баффало Сейбрес руу В.Соботка, Т.Томпсон болон 2019, 2021 оны драфтын эрхийн хамт солилцоонд оруулж Р.О’Рейллиг зөрүүлээд авчирлаа.  П.Берглундыг тогтмол тоглоход бэртэл гэмтэл садаа болж байсан бөгөөд өнгөрсөн улирлын хагасыг талбайн гадна өнгөрүүлсэн. Дасгалжуулагч М.Йео П.Берглундаас илүүтэй Канад залуу Р.О’Рейллиг илүүд үзсэн бололтой. Харин энэ зун чөлөөт агент болсон хаалгач К.Хюттон болон К.Бродзяк нартай гэрээгээ сунгалгүй явуулж Торонто Мейпл Лифсээс чөлөөт агент болсон Т.Бозак, Вегас Голден Найтс багаас чөлөөт агент болсон Д.Перрон нарыг Сент-Луис хотод авчирсан. Чөлөөт агентын зах зээл дээрээс ирсэн дээрх хоёр тоглогчтой тун боломжийн гэрээг хийсэн. Одоогоор хийгдээд байгаа солилцоонуудаас хаалгач К.Хюттоны солилцоо анхаарал татаж байгаа. Өнгөрсөн улиралд тоглохдоо 93-с дээш хувьтай хаалгаа манаж байсан К.Хюттоныг явуулж Ж.Алленыг үлдээсэн нь тун хачирхалтай сонголт байлаа. Тэгвэл Р.О’Рейллигийн солилцоо маш зөв байсан болов уу. Түүнийг гарааны лайнд гаргах магадлал маш өндөр байгаа бөгөөд энэ улиралд багтаа хамгийн өндөр цалин болох 8.5 сая ам.долларыг авна.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I ЛАЙН:

П.Мэйрон – Р.О’Рейлли – В.Тарасенко

А.Пьетранжело – Ж.Эдмундсон

II ЛАЙН:

Ж.Шварц – Б.Шенн – Д.Перрон

В.Данн – К.Параяко

III ЛАЙН:

А.Стийн – Т.Бозак – С.Блаис

Д.Боумистер – К.Гуннарссон

Энэ улиралд Сент-Луис Блюс багаас В.Тарасенко – Р.О’Рейлли гэсэн хүчирхэг довтолгооны хослолыг харж магадгүй. Гараанд ийм хүчирхэг довтолгооны хослол гарвал ямар ч багийг сөхрүүлэх бүрэн боломжтой довтолгоо болно. Гол нь хэр зэрэг хурдан ойлголцохоос л багийн амжилт хамаарах болов уу. Ер нь Сент-Луис Блюс багийн эхний хоёр лайн тун боломжийн бас жигдхэн бүрэлдэхүүнтэй болоод байна. Ямартаа ч ийм бүрэлдэхүүнтэй Сент-Луис Блюс багийг дахин нэг улирал плэй-оффын гадна үлдэнэ гэж бодохгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж