МИАТ-ийн хувьчлал гунигт түүхийн эхлэл үү, төгсгөл үү?

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн хувьчлал гунигт түүхийн эхлэл үү, төгсгөл үү?

МИАТ-ийн хувьчлал гунигт түүхийн эхлэл үү, төгсгөл үү?

Хоёр хоногийн өмнө “МИАТ хувьцаат компанийн Берлин-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх байсан агаарын хөлгийн хөдөлгүүр эвдэрч, нислэг гурван цагаар саатсан” талаарх мэдээлэл цацагдсан. Тухайн үед Иргэний нисэхийн ерөнхий газраас тодруулахад “Берлин-Улаанбаатар чиглэлийн “Боинг 767” онгоцонд техникийн дутагдал гарсан. Гадуур яригдаад байгаа шиг хөдөлгүүр эвдэрсэн зүйл байхгүй. Манай талаас техникийн дутагдлаа арилгаад Монгол руу нислэгээ үйлдсэн. Берлиний онгоцны буудал орон нутгийн цагаар 23.00-06.00 цагийн хооронд хаадаг. Бид 23.00 цагаас өмнө сэлбэгээ сольж чадаагүй, онгоцны буудал хаачихсан учраас хүлээхээс өөр арга байгаагүй" гэсэн мэдээллийг өгсөн юм. Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгох мөрөөдөлтэй ч иймэрхүү бүдүүлэг алдаагаа “байдаг л юм” гэж өнгөрүүлээд сурчихсан нь нэн харамсалтай.

Далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын тээврийн салбарыг онцгой ач холбогдолтойд тооцдог. Берлиний нислэгийн хувьд МИАТ-т алдагдал авчирдгаараа “адлагдаж” цуцлагдах уу, алдагдалтай ч гэсэн Ази, Европын хэрэглэгчдийг татахын тулд “гэлдрүүлэх” үү гэдэг нь тухайн үеийн салбарын сайд болон тус ТӨХК-ийн удирдлагуудын бодлогоос шалтгаалж донсолсоор ирсэн.

МИАТ ТӨХК-ийн захирлын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн  Т.Тамир “Сүүлийн 10 жилийн хугацаанд 140 орчим сая ам.долларыг Берлиний чиглэлээс бид алдсан байна. Гэтэл 140 сая орчим ам.доллар нь өөрөө бүхэл бүтэн нэг онгоцны үнэ. 10 жилийн хугацаанд төлөөд явах нөхцөлтэйгөөр хоёр ч онгоцтой болох боломжтой байлаа. Гэтэл бид энэ мөнгийг алдаад л байсан. Учир шалтгаан нь ерөөсөө л улс төрийн бодлого. Монгол Улс заавал Европын холбоо руу буюу гуравдагч хөрш рүү шууд нислэгтэй байх төрийн бодлогоор энэ чиглэлийн нислэгийг алдагдалтай ч үйлдсээр байна. 2012 онд энэ чиглэлийн нислэгийн зорчигчийн тоо оргилдоо буюу 125 мянгад хүрсэн. Тэр цагаас хойш өсөлт гараагүй” гэж ярьсан байдаг. Харин МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттөр “Москва, Берлиний чиглэлийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай. “Аэрофлот” Берлиний захын нисэх буудалд, манай МИАТ хотын төвд шахуу байдаг Тегел нисэх буудалд буудаг. Энд маш их потенциал бий. Москвад сайн сурталчилгаа хийснээр ОХУ-ын иргэдийг замаасаа авах том бололцоо бий. Зар сурталчилгааны бодлогоо сайжруулахаар ажиллаж байна” гэжээ. Одоогоор агаарын тээврээр үйлчлүүлэгчид бага зардлын агаарын тээврийн компаниудын цахим хуудсаар дамжуулан хямд үнэтэй нислэгийн тийзийг худалдан авч Сөүл, Токио, Берлин, Франкфурт хотоор дамжин гуравдагч улс руу нисэж байгаатай холбоотой хийх ажил нь бололтой юм. Ямартай ч тийз захиалахдаа Монголд орлого оруулахгүйгээр “дэлхийг тойрч болоод байгаа”-тай “тэмцэж” тоогдох арга хэмжээ авах нь түүний гол ажил болоод байна.

БАЙДАГ Л БИЗНЕС ҮҮ, БАЙЖ БОЛОМГҮЙ НАЙМАА ЮУ?

Тээр жил байн байн мөнгөн хөлөг худалдаж аваад л сайн машин авсны дайтай баярлацгааж байснаа төдөлгүй эгээтэй л онгоцны үнээр автобус авчхаж гэх нь холгүй шүүмжилцгээж билээ. Ямар сайндаа МАН-аас уригдаж сайдаар очсон нөхөр тэр “ховыг” сонсож байснаа “Та нар тэр үед энэ шийдвэрийг гаргалцсан. Яагаад болиулаагүй юм бэ” гэж амыг нь таглаж билээ.

Агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Боинг компаниас гурван ширхэг Боинг агаарын хөлөг худалдан авах гэрээг анх 2011 онд байгуулж, энэ гэрээний дагуу 2013 оны тавдугаар сард түүхэндээ анх удаа цоо шинэ Боинг 767-300ER агаарын хөлгийг хүлээн авсан. Үлдсэн хоёр агаарын хөлгийг 2019 онд авна. Ингэхдээ Боинг компанитай өмнө нь байгуулсан худалдан авалтын гэрээнд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал,  эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед агаарын хөлөг худалдан авах нь компанийн санхүүд нэмэлт ачаалал үүсгэх эрсдэлтэй байгаа тул Боинг компанитай  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уйгагүй хэлэлцээр хийсний дүнд Боинг 737 Макс-8 загварын хоёр ширхэг агаарын хөлгийг шууд худалдан авах бус, агаарын хөлгийн түрээсийн олон улсын “Avolon Aerospace Leasing Limited (Avolon)” компанид худалдан авах эрхээ шилжүүлэн тухайн түрээсийн компаниар дамжуулан дээрх хоёр агаарын хөлгийг МИАТ компани урт хугацаанд түрээсээр ашиглахаар тохиролцож гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, өмнөх хоёр агаарын хөлөг худалдан авах тухай гэрээ цуцлагдаж, МИАТ компаниас Боинг компанид төлсөн барьцаа болон урьдчилгаа төлбөр болох 1.9 сая ам.долларыг агаарын хөлгийн  түрээсийн компани болох “Avolon Aerospace Leasing Limited” компанид түрээсийн барьцаа болгон шилжүүлсэн байна.

Сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийн Боинг 737 Макс-8 загварын агаарын  хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа буюу 2019 оны I, II улиралд Монголд орж ирэх юм. МИАТ компани тус хоёр агаарын хөлгийг 12 жилийн хугацаанд түрээсээр ашиглана. МИАТ компани АНУ-ыг “Боинг” компаниас 2013 оны тавдугаар сард худалдан авсан Боинг 767-300ЕR агаарын хөлгийнхөө урт хугацааны санхүүжилтийг амжилттай шийдвэрлэжээ. Тус компани АНУ-ын “Экспорт-Импорт” банкаар анх удаа баталгаа гаргуулж, бага хүүтэй, урт хугацаатай, 121.4 сая ам.долларын дахин санхүүжилт авсан байна. Дотоодын банкуудаас авсан гүүрэн зээлээ уг санхүүжилтээр буцаан төлсөн аж.

“Экспорт-Импорт” банкны санхүүжилтийн багц нь 10 жилийн хугацаатай үндсэн зээл, долоон жилийн хугацаатай дэд зээл, таван жилийн хугацаатай үнэт цааснаас бүрдэж байгаа аж. Энэ багцыг авахад нь МИАТ компанид Нидерландын “Ай Эн Жи” банк, охин компани “Ай Эн Жи капитал” компанитайгаа хамтран, ерөнхий зохицуулагчаар ажиллаж тусалсан байна. Олон улсын энэ хэлцэл нь АНУ-ын “Экспорт-Импорт” банкнаас Монгол Улсад хийсэн анхны их хэмжээний арилжаанд тооцогдож байсан юм. Харин өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баттөр “Компанийн санхүүгийн нөхцөл байдалтай танилцахаас ажлаа эхэлсэн. Өнгөрсөн жил ашигтай ажилласан ч их хэмжээний хуримтлагдсан өртэй, эзний өмч хасах баланстай байна. Онгоц худалдан авах үед үүссэн зээл, алдагдалтай байх үеийн татвар хураамжийн өр болон бусад төрлийн төлбөрүүд их байна” гэж байв.

МИАТ ТӨХК нь нислэгийн хувьд улирлаас хамааралтай, олон улсын 7-9 чиглэлд үндсэн болон нэмэлт, тусгай нислэг үйлдэж дээр нь нойтон түрээсээр орлого олдог. Мөн газрын үйлчилгээ, хүнд, хөнгөн засварын үйлчилгээнээс орлого олдог. Хамгийн сүүлийн мэдээгээр уржигдар /2018.09.24/ тус компанийн Б-737-800 агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн БНЧУ-ын “Travel Service” компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгээд эх орондоо иржээ. МИАТ ТӨХК албан ёсны вэб сайтдаа мэдээлснээр “тус компанид агаарын хөлгөө сүүлийн дөрвөн жил дараалан ийнхүү нойтон түрээсийн гэрээгээр түрээслүүлж байгаа бөгөөд энэ удаа Европын 50 гаруй чиглэлд нислэг үйлдсэн”-ийг дурдаад санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болгоод зогсохгүй агаарын тээврийн нэр хүндийг олон улсад өргөсөн, үндэсний агаарын тээвэрлэгчээр дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчилж байгаа хэрэг” хэмээн онцолжээ.

Харин онгоцны төлбөрүүд санхүүгийн хувьд улаан гэрэл асаасаар байх уу. МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан “Шинэ “Боинг-767” онгоцыг авахдаа бид 124 сая ам.доллар зарцуулсан. Уг нь 90 гаруй сая ам.долларын үнэтэй л дээ. АНУ “Эксим” банкнаас 70 хувийг нь, өөр хоёр банкнаас үлдсэнийг нь зээлж авсан. Энэ онгоцны мөнгийг 2014 оноос төлж эхэлсэн. Арван жилд багтаан улирал бүр дөрвөн сая ам.доллар төлөх гэрээтэй. Үүнийг төлөх гэж ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгчээр төрөөс болон банкнаас зээлж төлсөөр ирлээ. Одоо арваннэгдүгээр сард ээлжит дөрвөн сая ам.доллараа төлөх учиртай. Би 2012 онд ажлаа авахаас өмнө ийм байдлаар явж ирсний хувьд дээрх нөхцөл байдлыг сайн мэднэ. Шинээр онгоц аваагүй, түрээсийн онгоцоор үйл ажиллагаа явуулдаг байхад бид эдийн засгийн хувьд боломжийн байлаа. 2010 онд А-310 онгоцыг санхүүгийн түрээсээр ашиглаж эхэлсэн. Арван жил түрээсээ төлөөд өөрийн болгох байсан ч харамсалтайгаар далавчийг нь цоолж гэмтээсэн. Тэр үед би Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байлаа. Ингээд 2010 онд “МИАТ”-ийн эдийн засаг нь гайгүй ч, үйл ажиллагаа доголдож хүнд байдалд орсон ч хоёр жилийн дотор хүндрэлээс гарсан даа. Тэр үед буюу 2012 оны 11 дүгээр сард би 2013 онд шинэ онгоцтой болно, 2014 оноос өрийг нь төлж эхэлнэ гэсэн зураглалтайгаар “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг авч байлаа. Ингээд гурван жилийн ойн дээрээ ажлаа өгч байна даа” хэмээн ярьж билээ. Нууж хаадаг бондоор авсан Боингуудын цаана их л байдаг бололтой юм билээ.

Мөн нэгэнтээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын талаар хэлэлцэж байхад зарим гишүүн “Бондын мөнгөөр авсан онгоцнуудаа анхаар. Арбитрын шүүхийн шийдвэр гарсан бол нисч байгаа газраас нь  буухад нь л бариад барьцаалаад авчих бүрэн эрхтэй байдаг” хэмээн сануулсан нь протоколд байдаг.

Манайхыг шинэ Боинг авсан тэр жил буюу 2013 онд Ирландын агаарын тээврийн  “Ryanair” компани Boeing-737 загварын 175 ширхэг онгоц худалдаж авч билээ. Том хэмжээний захиалга байгаа биз. Тэгэхэд тус компани парк шинэчлэлт хийснээр зорчигчдын тоо 20 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргаж чиглэлүүдээ ч нэмж шинэчлэн нислэг үйлдэх зөвшөөрөл авахын тулд дэлхийн 60 нисэх онгоцны буудалтай яриа хэлэлцээр явуулж байгаа тухайгаа мэдээлж байсан. Гүйцэтгэх захирал Майкл Олери нь “Одоо манайх нэг бүр нь 89 сая ам.долларын үнэ бүхий 305 ширхэг Боинг-737 онгоцтой. 2019 он гэхэд “Ryanair” нийт 400 шинэ онгоцтой болно" гэж мэдэгдэхэд нь “Боинг” компани 15.6 тэрбум ам. долларын худалдан авалтад тодорхой хэмжээний хөнгөлөлт ногдуулахаа амлаж байв.

Зам тээврийн хөгжлийн сайдын ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байгаа Ж.Бат-Эрдэнэ энэ талаар “Байдаг л бизнес” хэмээн дүгнэсэн байдаг ч байдаг бизнес үү, байж боломгүй наймаа юу гэдгийн хариулт улстөржсөн хэлбэртэй байгаа харагддаг.

ШИНЭ ГАРЦ АШИГ АВЧРАХ УУ?

МИАТ ТӨХК энэ жилээс дахин нэг шинэ чиглэл нээж буй нь Хятадаар дамжуулж Ази, Европын том биш ч жижиг тоглогч болох төлөвлөгөө боловсруулжээ. Энэ нь аялал жуулчлалын төвүүдийн нэг төдийгүй Хятад, Ази, Европ, Америк руу дамжин нислэг хийх тохиромжтой цэгүүдийн нэг Чендүгийн чиглэл. Монгол Улсын хувьд Хятадын зах зээлийг ашиглаад нислэгээ тэлэх боломжтой гэсэн стратеги барьж байгаа бөгөөд хамгийн гол нь 2020 он гэхэд Хятад жуулчдын тоо 200 саяд хүрэх тооцоолол “татаад” байгаа хэрэг. Үүнээс Монгол Улс, МИАТ ТӨХК ашиг олох боломжтой юу гэдэг хүлээлт нэгэнт бий болоод байна.

МИАТ-ийн тийзийн үнэ гэхэд 2011 оноос нэг ч хөдөлгөөгүй. Зөвхөн ханшийн зөрүүгээс тийзийн үнэ “хөдлөхөөр” байгаа ч ханшийн зөрүүгээс үүдэж буй алдагдлыг компани өөрөө л үүрч байгаа учраас үнийн донсолгоо үүсгэхгүй тэсч байна гэдэг юм.  Нөгөөтэйгүүр алдаатай гэрээ хийхдээ давтахгүй байх нь чухал юм билээ. Улс хоорондын агаарын харилцааны хэлэлцээрт хоёр гол хүчин зүйл байдаг нь давтамж болон багтаамж (суудлын тоо). Монгол Улсын хувьд Солонгосын талтай хийсэн хэлэлцээртээ алдсан нь давтамжаар гэрээ хийсэнд байдаг талаар экс захирал Т.Тамир хэлж байсан. Өөрөөр хэлбэл, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэнэ гэж зааснаас болж Солонгосын тал 300 хүний суудалтай том онгоцоор, Монгол гэхэд хамгийн дээд тал нь 250 хүний суудалтай онгоцоор тээвэрлэлт хийж зорчигчийн тоогоо алдаад зөвхөн энэ зөрүүгээс болж МИАТ 22 сая ам.долларын орлогоо алдаж байгааг тэрбээр нуулгүй хэлчхээд явсан даа.

Сүүлийн үеийн гэрээ хэлэлцээрүүдээс дурдвал, өнгөрсөн наймдугаар сарын эхээр МИАТ ТӨХК Азийн бага зардлын агаарын тээврийн компанийн нэг болох Австрали Улсын Мельбурн хотод төвтэй Jetstar группийн ”Jetstar Airways”, ”Jetstar Asia”, ”Jetstar Pacific”,”Jetstar Japan” компаниудтай электрон тийзийн гэрээ, нэг талын тээвэрлэлтийн болон тусгай тарифын гэрээ байгуулжээ. Мөн нэг талын тээвэрлэлтийн болон тусгай тарифын гэрээний дагуу МИАТ компанийн тийз борлуулалтын төв болон гэрээт борлуулагч агентууд дээрх бага зардлын агаарын тээврийн компанийн нислэгүүдэд зорчигчийн тийз бичиж үйлчлэх боломжтой болоод байгаа юм. Аюулгүй байдлын таван удаагийн шалгалтад бүгдэд нь 100 хувийн үнэлгээтэй тэнцсэн компанийн хувьд авиакомпаниудтай гэрээ, хэлэлцээр хийхэд нүүр бардам байх болсон ч төрийн бодлогоос хамаарч “гол тоглогч” биш боловч идэвхтэй туслах дүр байх боломж хэр үлдсэн бол гэдэг санаа зовиносон асуудал хэвээр байна.

2020 он хүртэл МИАТ тэсэх үү. Түрээсийн зардалдаа сөхрөх үү. Шинэ нисэх буудал, хүлээгдсэн өр төлбөрүүд, Хятадын үйлчлүүлэгчдийн boom-ээс ашиг хүртэх…дээр нь улс төрийн шил дараалсан сонгуулиуд. Энэ бүхний эцэст МИАТ тэсч гарах болов уу.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж