“Жил жилээр дундарсан
Жирмийн цагаан нуур минь”
Ийм нэг дуу бий. Жил жилээр дундарч, дусал дуслаар татарсан Жирмийн цагаан нуур гэтэл сүүлийн үед цэнгэлийн дээд, цээрийн туйл хоёрын дунд тулаад буй сэтгэл эмзэглүүлсэн байдал дуулдах болов.
Цэнгэлийн дээд нь улсын их баяр наадмын хурдан морины төвөргөөн, хүүхдийн гийнгоо, уухайн түрлэг. Цээрийн дээд нь өөд болоочоо үдэгсдийн эмгэнэл гашуудлын цуваа. Баяр хөөрийн манлай, эмгэнэл гашуудлын туйл хоёр нэгэн цэгт огтлолцож байсан түүх монголчуудад үгүй биз ээ.
Тэгвэл өдгөө тийм байдал үүсчээ. Монголчууд төрөхөөсөө төрөл арилжих хүртлээ асар их ёс жудаг, хүндлэл, цээрийг шүтдэг ард түмэн. Гэтэл өнөөдөр Төв аймгийн Аргалант, Баянцогт сумын нутгийг дамнан орших Жирмийн цагаан нуурын орчимд оршуулгын газар хаяагаа тэлсээр Улсын их баяр наадмын хурдан морины гарааны зурхайтай зэрэгцэн ирэхээр болсон гэхэд хилсдэхээргүй болжээ. Сүүлийн үед Улсын их баяр наадмын азарга, их нас, соёолон морьдын уралдааны гарааны зурхай, оршуулгын газар руу орох автомашины замд ердөө 100-150 метр ойртон ирсэн байна.
“Чимээгүй хот”-ыг зорих гашуудлын цувааны зам хурдан морины уралдааны замыг огтлон гарч байгаа юм. Баяр наадмын хурдан морьдын уралдаан гараанаасаа гарч байхад зэрэгцээд оршуулгын цуваа орж ирж сэтгэл сэрт хийлгэдэг байдал ч сүүлийн үед гарах болжээ.
Улсын их баяр наадмын хөөр хөгжөөн, хамгийн дотнын нэгнээ сүүлчийн замд нь үдэж яваа хүмүүсийн уй гашуу нэгэн цаг хугацаа, орон зайд таарна гэдэг хаана хаанаа зохимжгүй. Баяр цэнгэлийн дээд хурдан морины уралдааны хөөр баяслыг гашуудлын уй гунигаар дарж, талийгаачаа хүндэтгэн үдэж яваа хүмүүсийн сэтгэлийн их харууслыг наадам цэнгэлийн хөгжөөнөөр шимшрүүлнэ гэдэг яагаад ч байж боломгүй. Ялангуяа уяачид ёс цээрийг ихээхэн сахидаг хүмүүс. Тэд ийм нөхцөл байдал хүүхэд мориноос унаж бэртдэгт нөлөөлж болзошгүй хэмээн цээрлэх болжээ. Бэлгэдэлээ бодож явдаг ямар ч монгол хүнд ийм бодол төрөх нь гарцаагүй юм.
Ёр бэлгэдэл, хүндлэл, цээрийг дээд зэргээр сахидаг монголчуудын ёс зүйд яагаад ч нийцэшгүй энэ байдлыг цэгцлэх цаг хэдийнээ болсныг олон хүн хэлж байна. Аягүй бол ирэх жил гэхэд оршуулгын газрын хаяа хурдан морины гарааны зурхайд тулж, морь уралдуулах газраа солиход ч тулж мэдэх нь.
Хэдийгээр уг оршуулгын газрыг нөөцгүй болсон гэдгийг холбогдох газраас мэдэгдсэн боловч “Суварга буян”, “Буман буян” компаниуд үйлчилгээ хүлээн авсаар байгаа ажээ. Тэдгээр компаниуд өндөр үнээр багцын үйлчилгээ явуулдаг, түүндээ болоод нөөцгүй газарт оршуулга хийлгэсээр байгаа гэх яриа ч дуулддаг. Уг нь газар мундсан биш, нөөцтэй, зөвшөөрөлтэй өөр газарт шилжүүлэн үйлчилгэээгээ үзүүлж болмоор.
Өнөөдөр нийслэл хотыг тойроод оршуулгын 11 газарт, 700 гаруй га талбайд өөд болоочдоо хөдөөлүүлж буй ч зургаа нь нөөцгүй болсны нэг нь Жирмийн цагаан нуур орчмын газар аж. Ядаж энэ газрын үйл ажиллагааг цэгцлэхгүй бол өөд болоочдын газар дундаас улсын их баяр наадмын хурдан морио гаргаж, түрүүлж ирсэн морины тоос гэж оршуулгын газрын шороо хүртэх дээрээ тулж мэдэх нь гэдгийг сануулъя. Наадмаа ч сэвгүй сайхан хийе, өөд болоочдоо ч амар жимэр нойрсуулъя гэсэн үүднээс энэ сэдвийг хөндөв.
Д.ОЮУН
Холбоотой мэдээ