Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Б.Махбал тус яамны газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн хэрэг гарч, өнөөдөр ар гэр болон өмгөөлөгчид нь мэдээлэл хийлээ. Мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Энэ талаар хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүхээс цөөн асуултад хариулт авлаа.
-Талийгаачийг амиа алдахаас өмнө мянган вагоны асуудлыг шалгаж байсан гэх яриа байна?
-Дотоод хяналт шалгалт үнэлгээний газар бол Зам тээврийн яамны холбогдолтой бүхий л үйл ажиллагааг шалгадаг. Тухайлбал, хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг дотооддоо хянах гэх мэт асуудал яригддаг. Энэ хэрэгт Б.Махбал гэх хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа гэдэг нь нийтэд илэрхий мэдээлэл.
-Хэрэг шалгаж байх явцад ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орсон уу. Тийм зүйл танд ажиглагдав уу?
-Бид нарт нэг төрлийн эргэлзээ бол байна. Мөрдөгчдийн ажил хойрго байх, ямарваа нэгэн албан тоот бичээд, биднээс баримт шаардах, тодорхой санаачилга гаргахгүй байна гэж үзвэл хохирогчийн талаас хардах эрх нь байгаа. Одоогоор бид нарт ийм зүйл битгий болоосой гэсэн хүсэл л байна.
-Мөрдөн байцаагч нар нь солигдсон гэсэн үү?
-Дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газраас хэргийг шалгасан. Бидний гомдлоор ЦЕГ-ын дээд шатны ажлын хэсэг гаргаад шалгаж эхэлж байна. Энэ хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзаад дүүрэг болон, Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаанд сэтгэл хангалуун бус байсан болохоор харьяаллыг өөрчлөх саналтайгаар өөрчилсөн юм.
-Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан уу?
-Хохирогч, хэрэгт холбогдсон талууд танилцсан. Эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задлахгүй байх үүргийг би хуулиар хүлээсэн. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Та шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байгаа юу?
-Өмгөөлөгчийн хувьд дүгнэлттэй танилцсан. Үүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил мэдээж байна. Энийг цаг нь болохоор хэлье.
-Та анхнаасаа энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа юу?
-Хохирогчийн талд би мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа. Одоогоор дүгнэлт хэлэх боломжгүй. Хамгийн анх мэргэжил нэгт, мөр зэрэгцэн ажиллаж явсан дүүгийн асуудлыг сонсоход их хүнд байсан. Би энэ хэрэг дээр наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өмгөөлөгчөөр ажилласан.
Холбоотой мэдээ