Машины тоо нэмэгдэхийн хэрээр авто зам тавьдаггүй

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Машины тоо нэмэгдэхийн хэрээр авто зам тавьдаггүй

Машины тоо нэмэгдэхийн хэрээр авто зам тавьдаггүй

Улаанбаатар хотын замын түгжрэлийг шийдэх шинэ арга зам, гарцын талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.


-Хичээлийн шинэ жил эхэлдэг есдүгээр сард нийслэлийн авто замын ачаалал эрс нэмэгддэг байдал олон жил давтагдаж байна. Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Нийслэлийн авто замын хөгжлийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Авто замын түгжрэлийг бууруулахын тулд нэлээд олон ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын гадна тойруугийн 3-4 дүгээр хэсэгт шинээр зам тавьсан. Тухайлбал, Монелийн уулзвараас Дарь-Эхийн уулзвар, Дарь-Эхийн уулзвараас  Хайлаастын уулзвар хүртэл 57 метр урт гүүрийг замтай нь холбох ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр Улиастайн уулзвараас Да хүрээ зах, Монелийн уулзвараас Сонгинохайрхан дүүрэг хүрэхэд  Доржийн гудамж болон Энхтайваны өргөн чөлөөгөөр явахгүйгээр араар буюу гадна тойруугийн замаар явах боломж бүрдэж байгаа юм. Хоёрдугаарт, ачаалал ихтэй уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажлууд хийгдсэн. Жишээ нь, Өгөөжийн уулзвар, Оргилын уулзвар, ХААИС-ийн уулзваруудын  эгнээг нэмж өргөтгөсөн. Мөн Авто плазагийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгож  өөрчилсөн. Дарь-Эх, Сансарын аюулгүйн тойргийн хооронд явган хүний зам автозамтай нэг түвшинд байсныг гүүрэн гарц болгосноор тухайн хэсэгт автомашины урсгал саадгүй нэвтрэх боломж бүрдсэн. Тус гүүрэн гарц нь сүүлийн үеийн загвар, стандартын дагуу хийгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжтой болсон.

Монгол-Хятадын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонсголон, Яармаг, Замын цагдаагийн баруун урд уулзвар, Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг шинээр барих, хуучин гүүрийг засч, шинэчлэх ажлууд хийгдэж байна. Сонсголонгийн замын хоёр эгнээг дөрвөн эгнээ болгон өргөтгөсөн ч гүүрэн дээр ирээд буцаад хоёр эгнээ болж түгжрэл үүсч байгаа. Одоо баригдаж буй шинэ гүүр, хуучин гүүртэйгээ зургаан эгнээгээр зорчих боломж бүрдэнэ. Замын цагдаагийн баруун урд уулзвар ашиглалтад орсноор дөрвөн тал руу автомашины урсгал хөдөлгөөн саадгүй чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэнэ.

-Эдгээр гүүр ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэл хэдэн хувиар буурах вэ?

-Замын цагдаагийн гүүр Олимпийн гудамж, Гадаад харилцааны яам, Дүнжингарав худалдааны төвийн уулзварууд болон Энхтайваны гүүрний доодох уулзварын түгжрэл буурна. Төмөр замын фрезерээр галт тэрэг дамжин өнгөрөх үед уулзваруудад түгжрэл бий болдог. Замын цагдаагийн баруун урд уулзвар ашиглалтад ороход дээрх хамгийн их түгжрэлтэй замуудын ачаалал 2-3 дахин буурах тооцоо бий. Бусад уулзварын түгжрэл 25-30 хувь буурна. Мөн Баянзүрх дүүргийн Туулын гүүр хоёрхон эгнээтэй байсан нь зүүн аймаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүдээс орж ирэх автомашинууд Баянзүрхийн товчоон дээр ирээд түгжирдэг байсныг дөрвөн эгнээ болгосноор тухайн орчинд автомашин саадгүй нэвтэрдэг болсон. Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр хүртэлх автозамд шинээр хучилтын ажил хийгдэж байгаа. Энэ нь түгжрэлийг бууруулахад тодорхой хувиар нөлөөлнө гэж тооцоолж байгаа.

-Замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, мөн явган зорчигчдын урсгалыг замын хөдөлгөөнөөс тусгаарлах, нүхэн гарц, гүүрэн зам нэмж барих уу?

-Цаашид түгжрэл ихтэй 10 уулзварыг хоёр түвшний огтлолцолтой болгохоор зургийн ажил нь хийгдэж байна. Ирэх онд барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн хэд хэдэн хэсэгт явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөж байна. Тухайлбал, ирэх онд УИД, Багшийн их сургуулийн орчимд явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөж байна. Мөн түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөнд оролцуулдаг болох гэх мэт түгжрэлийг бууруулах чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүлэхээр судалж байна. Энэ бүхнийг нэгбүрчлэн энд дурдахад их цаг хугацаа орно. Ер нь хөгжилтэй орнуудад автомашиныхаа тоог нэмэгдэхийн хэрээр авто зам тавьдаггүй. Харин нийтийн тээврээ дэмжин автомашингүй хот болгохыг зорьдог. Иргэддээ хандан хэлэхэд аль болох автомашинаасаа татгалзаж нийтийн тээврээр зорчихыг уриалж байна.

Ш.АДЪЯАМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж