Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо энэ сарын 24-нд хуралджээ. Хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Одоогоор тус холбоог С.Одонтуяа удирдаж байгаа юм. Өмнө нь УИХ-ын сонгууль пропорциональ системээр явагдаж байхад уг холбооны тэргүүн жагсаалтаар УИХ-д суух боломжтой байсан юм. Тэр утгаараа холбооны тэргүүний сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болдог байв. Харин 2016 оны сонгууль мажоритар системээр явагдсан тул жагсаалтаар УИХ-д орох боломж хаагдсан билээ. Тэр утгаараа энэ сонгууль олон нийтэд төдийлөн ач холбогдолгүй өрнөж ч мэдэх юм.
Ингээд Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 27-ны 09.00 цагаас эхлүүлж 28-ны өдрийн 20.00 цаг хүртэл бүртгэхээр болжээ. Бүртгэл дууссаны дараа сонгуулийн сурталчилгааг аравдугаар сарын 5-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг дуустал явагдана. Харин сонгуулийн санал авах өдрийн арваннэгдүгээр сарын 5 гэхэд дуусгасан байхаар төлөвлөжээ.
Сануулахад, Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг бүх гишүүдийн саналаар тодруулдаг болсон. Энэ дагуу намын дарга, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нарын сонгууль болж байсан аж. Энэхүү шинэчлэлийн ажлын хүрээнд намын дэргэдэх байгууллагуудын тэргүүнүүдийг ч бүх гишүүдийнх нь оролцоотойгоор сонгохоор болсон байна. Өнгөрсөн жил Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгууль энэ зарчмаар өрнөж 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны гишүүд Ерөнхийлөгчөө сонгож байсан. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд энэхүү зарчмаар тэргүүнээ сонгоогүй байсан аж. тиймээс Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуулийг зохион байгуулахаар болжжээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ