Р.Төмөрхуяг: Миний хүү Т.Гомбосүрэн архи уудаггүй байсан

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Р.Төмөрхуяг: Миний хүү Т.Гомбосүрэн архи уудаггүй байсан

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Б.Махбал тус яамны газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэг наймдугаар сарын 9-ний өдөр гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн анх удаагаа мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг талийгаачийн аав болон өмгөөлөгч нь хийлээ. Түүний өмгөөлөгчийн яриаг ЭНД дарж үзнэ үү.

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Миний хүү Т.Гомбосүрэнг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр архичин, архи уудаг байсан хэмээн ярих боллоо. Би өөрөө төрийн албанд 40 орчим жил ажилласан. Би өөрөө ч, хүүгээ ч архи дарснаас хол байлгаж, хүмүүжүүлсэн. Сүүлийн үед хэрэг гарах өдөр миний хүүг хамт архи уусан гэж мэдээлж байгаад их харамсч байна” гэсэн юм.

Үүний дараа талийгаачийн авга ах Р.Ганхуяг “Уучлаарай. Өнгөрсөн хугацаанд бидэнд маш хүнд өдрүүд болж өнгөрлөө. Миний бие зэвсэгт хүчний салбарт насаараа ажиллаж, цэргийн тэтгэвэртээ гарсан хүн байна. Миний хайртай дүү төрийн яамны үүдэнд, төрийн яамны даргын гарт амиа алдсан. Миний дүүг тухайн өдөр яамны гурван давхрын өрөөнд Б.Махбал нарын хүмүүс өрөөндөө дуудаж, амь насыг нь санаатайгаар хөнөөсөн” хэмээгээд талийгаач Т.Гомбосүрэнгийн гар утасны бичлэгийг сонсгосон юм.

УТАСНЫ БИЧЛЭГ: ХЭРЭГ ГАРАХ ҮЕД ТАЛИЙГААЧИЙГ Б.МАХБАЛЫН ӨРӨӨНД ДУУДСАН ЯРИАНЫ БИЧЛЭГ

  • Хэрэг гарах үед байсан хүн: Яасан бэ та, хаачсан бэ
  • Талийгаач-Чи хаана байгаа юм бэ
  • Хэрэг гарах үед байсан хүн:Би Махбал даргын өрөөнд байна.
  • Талийгаач-За яваад оръё

Бичлэгийг сонсгосны дараа талийгаачийг авга ах “2018 хоёрдугаар сараас хойш миний дүүгийн ажлыг авахаар улайран, санаархаж байжээ.  Түүний оронд өөр хүнийг томилох санал ирүүлж, Ш.Дорждагва гэх хүнийг томилохоор санал болгож байсан. Гэвч АТГ-аас энэ хүнийг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, томилоогүй байгаа юм. Аймшигтай хэрэг гарсны дараа дүүгийнхээ өрөөнд ороход компьютер нь асаалттай, түлхүүр нь сандал дээр өлгөөтэй, Махбалын өрөөнд орсон байгаа юм. Миний дүүгийн амь насыг хохироосон хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг холбогдох газрын хүмүүсээс хүсч байна” гэсэн юм.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч “Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зарим нэг тодруулах зүйлийг ярьж байсан. Энэ хэргийг мэдээлэхдээ талийгаачийг хамт архидан согтуурсан гэх мэдээллийг өгч байна. Энэ хэрэг гарснаас хойш 14 цагийн дараагаас Цагдаагийн газраас албан тушаалын хэрэг биш гэдгийг тогтоосон гэж мэдээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэг гарсан талаарх эцсийн мэдээлэл одоо ч гараагүй байна. Одоо үйлчилж байгаа хуулиар хэрэг гарсан талаар дүгнэлт гарсныг ярих ганц хүн нь прокурор. Цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч ярих эрх байхгүй. Тэд хэрэг гарсан өдөр талийгаачийг хамтран архи уусан гэдгийг хэлсэн байгаа нь өөрөө хэн нэгний ашиг сонирхол байж магадгүй гэж өмгөөлөгчийн хувьд хардаж байна. Мөн гар утасны бичлэгт дурдсан талийгаачийг өрөөнөөс нь дуудаж, Б.Махбалын өрөөнд оруулсан, мөн талийгаач ажлаа хийгээд өрөөнд сууж байсан гэдгийг нь нотлох баримтууд юм. Мөн улс төрийн албаны шинэ зууны хэлмэгдүүлэлт гэж ар гэрийнхэн нь хэлж байгаатай өмгөөлөгчийн хувьд санал нэгдэж байна. Засгийн газар солигдсоны дараа яамны удирдах албаныхан солигддог нь хэвийн зүйл болсон. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилох нь хууль бус үйлдэлтэй холбоотой байгаа учраас хуйвалдаантай зүйл болсон гэж үзэж байна” гэлээ.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамтаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, September 25, 2018

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж