Шим тэжээлтэй хоол ид, дараа нь дасгалаа хий

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Шим тэжээлтэй хоол ид, дараа нь дасгалаа хий

Шим тэжээлтэй хоол ид, дараа нь дасгалаа хий

Эрүүл, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар ОУХМ, дэлхийн аваргын медальт тамирчин, фитнесс модель  Н.Анужинтай ярилцлаа.

Фитнессээр хичээллэхийн давуу тал, ач холбогдол нь юу вэ?

-Бусад спорттой харьцуулах юм бол хүссэн үедээ хичээллэж болно. Тухайн хүн хэдэн настай, биеийн жин ямар байхаас үл хамааран хүн болгонд нээлттэй спортын төрөл юм.

Таны хувьд эрүүл хооллолт гэж юу вэ?

-Эрүүл хооллолт гэдэг нь байнгын тахианы чээж мах, ногоо идэх явдал биш. Ер нь бол уур амьсгалдаа тохируулж зөв хооллох хэрэгтэй. Хүмүүсийн нийтлэг алдаа нь цаг агаарын эрс тэрс нөхцөлд амьдардаг хирнээ халуун оронд амьдардаг мэтээр хооллодог. Миний бодлоор эрүүл зөв хооллолт гэдэг нь байгаль цаг ууртаа тааруулж  өөртөө шим тэжээлтэй хоол хүнсээ идэхийг хэлнэ.

Сүүлийн үед хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Хөдөлгөөний дутагдал илүүдэл жинтэй болоход нөлөөлөх үү?

-Нэг талаас нь харахад хүмүүс маш залхуу болчихсон юм шиг санагддаг. Хамгийн наад захын жишээ нь гурван давхар руу явахдаа лифтэнд суухыг илүүд үздэг. Тиймээс  бэлэнчлэх, залхуу сэтгэлгээнээс аль болох татгалзах хэрэгтэй. Өглөө оройдоо гэр лүүгээ явахдаа яагаад алхаж болохгүй гэж. Алхсанаар хуримтлагдсан калорио шатаах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Тийм учраас өөртөө боломжтой хэлбэрээр дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе.

Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгаж чадвал олон өвчнөөс сэргийлж чадна гэж ярьдаг шүү дээ?

-Таргалалт бол бүх өвчний суурь үндэс юм. Таргалалтаас чихрийн шижин үүсэх, зүрх судасны үйл ажиллагаа доголдох, цусны даралт ихсэх гээд олон төрлийн өвчин үүдэлтэй. Биеийн жингээ тогтмол байлгаснаар тухайн хүн амьдралд идэвхтэй, стресс багатай болж ирдэг. Тэгэхээр таргалсан хойноо турах гэж хичээх бус таргалахаасаа өмнө жингээ барьж, урьдчилан сэргийлэх нь илүү сайн арга юм. Надад хандсан эмэгтэйчүүдэд би гурван төрлийн зөвлөгөө өгдөг.

Нэгдүгээрт, хооллолтод анхаарах, хоёрдугаарт өөх шатаах дасгал хийх, гуравдугаарт хэвлийн дасгал хийхийг гэж зөвлөдөг. Манай эмэгтэйчүүдийн зууны 80 хувь нь хэвлийн таргалалттай байдаг юм. Тэгэхээр хэвлийн хэсгийн өөхнөөс хурдан хугацаанд салахын тулд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг зөв хослуулах хэрэгтэй.

Сүүлийн үед хүмүүс мацаг барина гэж ярьдаг боллоо. Мацаг барих нь хэр зөв бэ?

– Хүмүүсийн хувьд мацаг барьж буй арга нь буруу санагддаг. Ялангуяа мацаг барьсны дараа зөв тайлах нь маш их ач холбогдолтой. Миний хувьд мацаг барьдаггүй эрүүл хооллохыг чухалчилдаг.

Хүмүүсийг хараад байхад аль нэг томоохон баяраас өмнө гэнэт хурдан хугацаанд жингээ хасах хүсэлтэй байдаг. Үнэхээр хурдан хугацаанд жин хасах боломжтой юу.

-Ихэнх эмэгтэйчүүдийг харахад интернетээс уншсан ямар ч хамаагүй хоолны дэглэм бариад эхэлдэг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хэн нь мэдэгдэхгүй хүний бичсэн зөвлөгөөг дагадаг. Хамгийн чухал нь энэ хоолыг идээд турахаасаа илүүтэйгээр миний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх үү, муугаар нөлөөлөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Хоолны дэглэм барьж эхлэх гэж байгаа бол юун түрүүнд эрүүл мэндээ бодох нь чухал. Богино хугацаанд жин хасах боломжтой ч биед маш муу.

Турахаар шийдсэн хүмүүсийн нийтлэг гол алдаа юу байдаг вэ?

-Жингээ хасахаар ирсэн эмэгтэйчүүд юу ч идэхгүй ирдэг. Өөх шатаах процесс идсэний дараа явагддаг юм. Тиймээс дасгал хөдөлгөөн хийхийн  өмнө заавал хооллох хэрэгтэй. Ямар ч юм идэхгүйгээр  дасгал хийх нь эрүүл арга биш. Би бүсгүйчүүдэд шим тэжээлтэй гэснээ ид, дараа нь зөв дасгал хий гэж зөвлөе. Хоолоо сойж турна гэдэг үеэ өнгөрөөсөн асуудал шүү дээ. Сүүлийн үед хөхүүл эмэгтэйчүүд надад их ханддаг боллоо. Хөхүүл ээжүүдийн хувьд гурилан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг. Үүнийхээ оронд шингэн зүйл уугаад хөхөндөө сүү оруулах хэрэгтэй. Хүүхэд гаргасны дараа зургаан сарын дараа фитнесст явах тохиромжтой. Хамгийн гол нь тууштай байж чадвал жингээ хасах асуудал биш шүү дээ.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж