“Буруу хууль оруулаад ирсэн юм уу”

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

“Буруу хууль оруулаад ирсэн юм уу”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Сангийн сайдын тайлбарласнаар Улаанбаатар хотын хэмжээнд борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж бүр 0-1 хүртэл хувийн татвар төлөх үүрэг хүлээж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан улсын төсвийн татварын орлогын 1.5 их наяд төгрөгийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг байхад дахиад татвар бий болгох нь хямралтай үед хүндээр тусна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Нийслэл хотын албан татварыг тодорхой бүсэд буюу А бүсэд тогтоож болдоггүй юм уу. Зорилтот татвар юм бол эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна гэдэг юмуу, тодорхой тусгаж өгвөл ямар вэ” гэж байлаа.

Харин хотын даргын тайлбараар аж ахуйн нэгжүүд “Бидэнд үйлчлүүлэгч хэрэгтэй байна гэдэг хүсэлтийг байнга тавих болсон тул жуулчдыг татаж доллар олох зорилго агуулж байна. Өнгөрсөн жил Монголд 200 мянган жуулчин ирсэн, энэ тоог бид 2 саяд хүргэх боломжтой хэмээн үзэж байна” гэсэн хариулт өгсөн нь олон гишүүнийг гайхашруулав.

УИХ-ын гишүүн С.Оюун “Үсчиний газар 1 хүртэл хувийн татвар төлөх болчихоод байхад та жуулчин татаж мөнгө олно гэж ярихаар ер ойлгогдохгүй байна. Ухаан маань хүрэхгүй би ойлгохгүй байна уу” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Э.Бат-Үүл дарга аа, жуулчин авчрахын тулд хууль санаачилсан гэж яриад байх, буруу хуулиа аваад ороод ирсэн юм биш үү. Хуулийн төслөө нэг хараадхаач. Бид бүгдээрээ тархи эргэчихээд байна уу” гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Худалдан авалт уначихсан байгаа үед татвар нэмэх тухай алхмыг яах гэж бид хийх гээд байна вэ. 2015 оны шилдэг онигоо болно шүү. Хэн хүнгүй толгой эргэж байна, төслөө татаж ав. Улаанбаатар хотод 1 хувийн татвар нэмлээ, хөдөө орон нутагт дагуулаад нэмнэ. Үнийн өсөлтийг дэмжсэн хуулийг УИХ батлах юм уу. Эхчүүдэд олгох, хүүхдэд олгох мөнгийг хасах тухай ярьж байгаа хэрнээ татвар нэмнэ гэх нь хөрөнгө оруулагч нарт ч таатай сонсогдохгүй” гэж байлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж