АНУ-ын Нью Йорк хотноо Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ 73-р Ерөнхий ассамблейн чуулга уулзалт эхэллээ. Энэхүү уулзалтад 200 гаруй орны удирдагчид, албан төлөөлөгчид оролцож дэлхий дахинд болон өөрсдийн оронд тулгарч буй асуудлын талаар санал бодлоо солилцож байна.
Чуулга уулзалт эхлэхээс өмнө танхимд хүндэт зочид өнгөрсөн наймдугаар сард таалал төгссөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннанд хүндэтгэл үзүүлсэн. Нээлтийн илтгэлийг НҮБ-ын шинээр томилогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтеррес тавьсан.
“Одоо цагт дэлхийн улс орнууд үл ойлголцлоос болж зовж байна. Ард иргэд, хүмүүс өөрсдийн Засгийн газар болон Олон улсын байгууллагуудад итгэл алдарч байна. Бид өөрсдөдөө зөрчилдөөн үүсгэснээр нийгэм хагархай бутархай болж байна. Хариуцлагатай удирдлага болон хамтын нягт ажиллагаагаар дэлхий дайнгүй энх оршиж чадна” хэмээн Антонио Гүттерес онцолсон.
Мөн тэрбээр дүрвэгсдийн асуудал, дэлхийн дулаарал, зохион байгуулалттай гэмт хэрэг, байгаль орчин хамгаалал, хүний эрх болон хүйсийн эрх тэгш байдал зэрэгт анхаарлаа хандуулахыг улс орнуудыг уриалсан.
“Бид нэг л хувь заяатай. Үүнийг бид хамтран нэгдэж байж удирдаж чадна. Ийм л учраас Нэгдсэн үндэстний байгууллага оршдог юм” хэмээн Антонио Гүтеррес Кофи Аннаны нэрийн хуудас болсон үгийг ишилж өөрийн яриагаа өндөрлөсөн билээ.
НҮБ-ын 73-р Ерөнхий ассамблейн дээд хэмжээний уулзалтыг удирдсан дарга Мариа Фернанда Эспиноса нээлтийн үг хэлж, дээд хэмжээний уулзалтыг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд олон улс орнуудын удирдагчдын илтгэлийг сонссон.
Үүний дараа Бразилын Ерөнхийлөгч Мичел Темер танхим цугласан олонд өөрийн санал бодлоо хуваалцсан. Тэрбээр тулгарч буй хар тамхи, хүний наймаа болон улс төрийн тогтворгүй байдалд арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн бөгөөд дараагийн сонгогдох ерөнхийлөгчид сэтгэл хангалуун өөрийн үүргээ хүлээлгэн өгөх тухайгаа илэрхийлсэн юм.
Үүний дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илтгэх тавих байсанч хоцорсон учраас Эквадорын ерөнхийлөгч илтгэл тавьсан юм. Сонирхуулахад, өмнө нь экс ерөнхийлөгч Барак Обама 2016 оны НҮБ ерөнхий чуулганы уулзалтад хоцорч байжээ.
Эквадорын ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй Морено Гарсез чуулганы индэр дээрээс өөрийн туулсан амьдрал болон хэрхэн Эквадорт сайн сайхан амьдралын төлөө халамжийн үйлчилгээ хэрэгжүүлж байгаа талаар илтгэсэн ба хөгжлийн бэрхшээлтэй болон тахир дутуу хүмүүсийн эрхийн тухай шаардлагатай гэх арга хэмжээг авахыг бусад улс орнуудад уриалсан юм.
“Би энэ сууж буй тэргэнцрээс хүмүүсийн сэтгэл зүрхийг олж хардаг” гэж Морено Гарсез өгүүлсэн.
Үүний дараа цагтаа ирээгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын чуулганд ирж өөрийн байр суурийг илэрхийлсэн.
Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АНУ-ыг хэрхэн эдийн засгийн өсөлт болон улс төрийн тогтвортой байдалд хөтөлж түүний Засгийн газар их зүйл бүтээсэн талаар дурдахад танхимд цугласан олон тийм ч эергээр хүлээж аваагүй билээ.
Өнгөрсөн жилийн уулзалтаар Трамп Хойд Солонгосыг сөнөөнө хэмээн сүрдүүлж байсан бол энэ жил удирдагч Ким Жон Ун-д талархаж цаашдын хамтын ажиллагаанд өндөр найдлага тавьж буйгаа илэрхийлсэн нь чуулганд оролцогчдын сонирхлыг татсан явдал байлаа. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хоёр Солонгосын уулзалтад оролцсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Инийг чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг сайшааж түүнд гүнээ талархсан. Мөн Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нарт талархал илэрхийлсэн юм.
Мөн илтгэлийн үеэр ерөнхийлөгч Дональд Трамп хэрхэн ISIS-ын алан хядагчдыг зогсоосон тухай ярьж Ойрх Дорнодод болж буй дайн болон хямралд анхаарлаа хандуулна хэмээн амласан. Мөн Ираны эрх баригчдыг “Бусад орны эрхийг хүндэлдэггүй” хэмээн хурцаар шүүмжилсэн.
Үргэлжлүүлэн Трамп худалдааны дайны талаар санал бодлоо хуваалцсан нь БНХАУ-ыг шүүмжлэхэд хүргэсэн билээ. АНУ дахиж хэзээ ч та бүхэнд хожуулахгүй, бидний ажилчдыг золиос болгохоо боль” хэмээн Трамп хэлсэн.
Мөн дүрвэгсдийн талаар санал бодлоо илэрхийлсэн нь Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Модураг хурцаар шүүмжилсэн. Тэрбээр Модурагийн социализмын дэглэмийг зогсоохоо амлаж шат дараалалтайгаар хоригууд тавих болсноо илтгэлийн үеэр мэдэгдсэн юм.
“Америкийг зөвхөн америкчууд л удирдана. Бид өөрсдийн эх оронч сэтгэлгээгээр эрхэм тусгаар тогтнолоо хайрлаж хамгаалахын төлөө бүхнээ зориулах ёстой. Хамтын ажиллагаагаар шинэ боломж бидний өмнө нээгдэж ингэсэн цагт энх тайвныг эрхэмлэх хүсэл эрмэлзэл төрнө. Бид шинэ зорилготой болж шинэ шийдвэрт хүрнэ. Дахин энэхүү газар чуулж өөрсдийн ард иргэд болон үндэснийхээ төлөө босоцгооё. Үргэлж хүчтэй, үргэлж эрхэм, үргэлж шударга байж мөн бурхны сайн сайханд үргэлж талархъя. Бурхан дэлхийн олон улс орныг ивээг” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын ерөнхий чуулганы дээд хэмжээний уулзалтын илтгэлээ өндөрлөсөн.
Түүний илтгэлийг Майк Пэнс, Майк Помпео, Жонн Болтон болон Сара Сандерс нар ирж сонссон бөгөөд тэргүүн хатагтай Мелиниа Трамп ирсэн байлаа.
Хачирхалтай нь Трамп өөрийн илтгэлдээ ОХУ-ын талаар нэг ч үг цухуйлгасангүй. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дараагаар Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган индэр дээр гарч санал бодлоо тусгасан юм.
Тэрбээр АНУ-ын бодлогыг шүүмжилсний сацуу хамтын ажиллагаагаар олон асуудлыг шийдэж болох талаар дурджээ. Одоогийн байдлаар Турк улсад 2.6 сая дүрвэгсэд байгааг тодорхойлсон.
“Дэлхий дахинд глобал удирдагч болон хариуцлагатай хамтын ажиллагаа шаардлагатай байна” хэмээн Эрдоган хэлсэн.
Мөн Францын ерөнхийлөгч Эммануел Макрон индэр дээрээс одоогийн дэлхийн улс орнуудад тулгараад буй салган тусгаарлах бодлогыг хурцаар шүүмжилсэн.
“Бид өнөөдөр дэлхийн улс орнуудад тулгараад буй хямралын үндэс суурин дээр буцаад ирсэн юм шиг санагдаж байна. Бидний өөрсдийгөө тодорхойлох стандарт хэмжүүр нэгэнтээ алдагджээ” хэмээн Макрон өөрийн илтгэлийн үеэр санал бодлоо дэлхий дахин хуваалцсан аж.
АНУ-тай таагүй харилцаатай байгаа Иран улсын ерөнхийлөгч Хассан Роухани олон улсын олон талт ажиллагаа болон Трампыг шууд бус утгаар хурц шүүмжилсэн. Түүний хэлснээр АНУ-ын явуулж буй бодлогыг буруушааж хэлэлцээр одоогоос энэхүү индрээс эхлэх боломжтой хэмээн мэдэгдсэн.
“Бидний санал бол энгийн. Хэлэлцээрээс илүүтэйгээр үйлдлийг үйлдлээр, зөрчлийг зөрчлөөр, заналхийллийг заналхийллээр, алхмыг алхмаар” хэмээн Ираны ерөнхийлөгч Хассан Роуханы тунхагласан.
Түүнчлэн Ойрх Дорнодод тулгарч буй Израиль болон Палестинийн зөрчилдөөны талаар арга хэмжээ авахыг хүсэмжилсэн юм.
“Хэрэв энх тайвныг хүсч байвал дэлхийд Иран шиг сайн найз байхгүй” хэмээн илтгэлийн төгсгөлд ерөнхийлөгч Хассан Роухани онцлоод Иран улс ямар ч дэлхийн улстай дайтах сонирхолгүй байгааг илэрхийлж, үргэлжид энх тайван найрамдлыг эрхэмлэх талаар ярьжээ.
Дэлхийн удирдагчид нэг дор, нэг индэр дээрээс бие биестээ үг чулуудснаар 73 дахь удаагийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Ирэх өдрүүдэд тэд ямар шийдэл, гарцад хүрэх бол.
ЭХ СУРВАЛЖ: UN LIVE, BBC
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ