УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2015 оны төсвийн тодотголтой холбогдуулан “Шударга ёс” эвсэл ажлын хэсэг томилсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулна уу?
-2015 оны төсвийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд Засгийн газраас өргөн барьсан. Эдийн засаг, улс орны төсөв гэдэг тун нарийн асуудал учраас үүн дээр судалгаа, шинжилгээ, тоо баримтыг үндэслэн мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Төсвийн тодотгол хийхэд эдийн засгийн мэдлэг, мэдрэмж шаардагдана. Бидний зүгээс Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэж байгаа төсвийг ил тод, нээлттэй, шударга тогтолцоогоор хуваарилж, биелэлтэд нь хяналт тавьж байх үүрэг бий. Тиймээс УИХ дахь “Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Цолмон нараас гадна салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилсон. Би ахалж байгаа юм.
-Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд танай ажлын хэсэг ямар дүн тавьсан бэ?
-Дунд. Гэхдээ сайжруулах боломж бий. Улс орны онцлог, эдийн засгийн бодит нөхцөл байдал, төсвийн хөрөнгийн хомсдол, хэт хавтгайрсан халамжийн бодлого, ялангуяа данхайсан төрийн бүтэцтэй холбогдуулан Засгийн газраас зарим өөрчлөлт хийхээр тодорхой санал, санаачилгууд оруулж ирсэн. Үүнийг “Шударга ёс” эвслийн зүгээс дэмжиж байгаа.
-Олон нийтийн зүгээс нэлээд эсэргүүцэн, шүүмжилж буй тодорхой асуудлууд дээр танай ажлын хэсэг ямар дүгнэлт гаргаж байна вэ?
-Хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, одонтой ээжийн хамгийн бага хүүхэд 18 нас хүрэхэд тэтгэмжийг зогсоох асуудал байж болно. Мөн оюутны тэтгэмжийн мөнгийг дурдаж болно. Хавтгайруулан тэтгэмж тараахын оронд сурах эрмэлзэлтэй, зүтгэлтэй, сурлагын дундаж шаардлагыг хангасан, хичээлээ тасалдаггүй оюутнуудыг урамшуулах байдлаар зохицуулвал төсвийн мөнгийг олон зуун тэрбумаар нь үргүй цацаж байгаа нэг суваг хумигдана.
Хүүхдийн мөнгөний хувьд нарийн зохицуулалт шаардлагатай. Тэр мөнгийг огт авдаггүй, хэрэгсдэггүй хүмүүс бий. Харин улс тэдэнд мөнгө төсөвлөөд, дундаас нь хүмүүс ашиглаж, завшаад хөрөнгө мөнгөний асуудал гаргадаг. Тэгвэл анхнаасаа ялгаа, заагтайгаар хуваарилах нь зөв. Гэхдээ байртай, хашаатай, машинтай гэдэг үзүүлэлтээр дэнсэлж болохгүй. Өрхийн нийт орлогыг өрхийн нийт гишүүний тоонд хуваагаад, нэг хүнд оногдож буй орлого 500.000-600.000 төгрөг байвал шаардлагагүй гэх ч юм уу, иймэрхүү зохицуулалт байж болно. Бас төрийн албан хаагчид төрд ажилласан жилийнхээ тоотой дүйцэхүйц сараар нэг удаагийн буцалтгүй тусламж авах гэдэг зарчмыг дэмжинэ.
Товчхондоо, ажлын хэсэг олон нийт шүүмжилж буй асуудлуудад онцгой анхаарч, тодорхой санал боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр шийдсэн.
-Тэгвэл ажлын хэсэг ямар асуудлуудад шүүмжлэлтэй хандаж, тодорхой санал гаргаж байна вэ?
-Өрийн таазыг 70 хувьд хүргэх нь зохимжгүй, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авдаг өндөр настнууд, бага цалин авдаг төрийн албан хаагчдын амьжиргааны түвшин маш муу байна. Тиймээс Засгийн газар нэн яаралтай дээрх байр сууриа өөрчлөх нь зүйтэй.
Үүний нөгөө талд, төрийн албаны нийтлэг жишгээс 8-10 дахин өндөр цалин авдаг, өндөр хэмжээний урамшуулал авдаг хэсэг бий. Тиймээс үүнийг зөв зохицуулж, ажлын онцлогийг харгалзан үр дүн, хариуцлага, үйл ажиллагааны чанартай нь холбогдуулаад төрийн албан хаагчдад хамгийн ихдээ нэг сарын цалинтай тэнцэхүйц урамшуулал олгох байдлаар өөрчилж болно. Дараагийн нэг асуудал бол 2000-12.000 төрийн албан хаагчийн цомхотгол. Жилдээ төрийн албанаас 10.000 орчим хүн тэтгэвэрт гардаг гэсэн тооцоо бий. Ид хийж бүтээж байгаа, мэргэшсэн боловсон хүчнүүдийг өөрчлөхийн оронд ойрын хугацаанд тэтгэвэрт гарах хүмүүстэй зөвшилцөн тохирч, хугацааг нь наашлуулах байдлаар энэ асуудлыг шийдэж болно.
Эдийн засаг хямралтай, аж ахуйн олон нэгж хаалгаа барьж байгаа нөхцөлд нийслэлийн нэрээр ч юм уу, ямар нэг байдлаар татвар нэмэхийг зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар 3500 компани хаалгаа барьчихсан байна, олон тооны хүн ажилгүй болж байна.
Мөн УИХ-ын гишүүдийн төдийгүй олон нийтийн ихээхэн анхаарч байгаа Чингис болон Самурай бондын зарцуулалтад аудитын шалгалт оруулж, дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх шаардлагатай байна. Өөр нэг чухал санал бол төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, завшсан тохиолдолд тухайн байгууллагын ирэх жилийн төсвөөс хасаж тооцдог болох, төрийн үйлчилгээний ачаалал, давхардлыг арилгах асуудлыг эргэн харж, зохицуулалт хийх зэрэг 2015 оны төсвийн тодотголыг сайжруулах, үр дүнг дээшлүүлэх, оновчтой болгох саналуудыг манай ажлын хэсгээс гарган, Засгийн газарт хүргүүлэх юм.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрүүдийг зөв тодорхойлж чадаагүй, тооцоо, судалгаагүй механик боловсруулалт хийсэн гэдэг шүүмжлэл нэлээд гарч байсан. Танай ажлын хэсэг үүнтэй холбоотой ямар дүгнэлт гаргасан бэ?
-УИХ-ын гишүүд анхаарал хандуулахуйц, чухал саналууд хэлж байсан. Монголын ард түмний өмч гэгдэж байгаа байгалийн баялгаас орж ирж буй орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлж чадахгүй байна. Арга, хандлага нь буруу байгаагаас татвар төвлөрүүлэлт багассан. Татвар төлөгчдөө урамшуулан дэмжих, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих нь эдийн засгийн хямралыг шийдэх нэг гарц. Үйлдвэрлэл нэмэгдсэнээр дагаад ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин сайжирна. Энэ чиглэлүүдээр Засгийн газар оновчтой ажиллаасай гэж бодож байна.
-Бүлгийн санал дүгнэлтийг төсвийн тодотголд тусгуулах магадлал хэр байгаа вэ?
-УИХ-ын гишүүд олонхоороо асуудлыг шийдвэрлэдэг. “Шударга ёс” эвслийн зүгээс мэдээж дээрх саналуудыг тусгуулах тал дээр хичээж ажиллана.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс