Жолооч та шинэ дүрмээ мөрдөхөд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Жолооч та шинэ дүрмээ мөрдөхөд бэлэн үү?

Жолооч та шинэ дүрмээ мөрдөхөд бэлэн үү?

Ердөө нэг сар тав хоногийн дараа Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм мөрдөгдөнө. Жолооч та дүрмээ биелүүлэхэд бэлэн үү.

Одоогоор бидний мөрдөж буй замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа хууль 2004 онооc хойш шинэчлэгдээгүй юм. Түүнээс хойших хүн амын өсөлт, тээврийн хэрэгслийн  тоо, замын хөдөлгөөний ачаалал зэрэгтэй холбоотойгоор дүрэмд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Тиймээс салбар яам, Тээврийн цагдаагийн албатай хамтран замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг боловсруулсан бол хуулийг арваннэгдүгээр сараас мөрдөж эхлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Одоо мөрдөж буй хууль нь 23 бүлэг, 164 зүйл заалт, гурван хавсралттай. Харин шинэчилсэн дүрэм нь 27 бүлэг 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай болж өргөжсөн юм.

Хуульд орсон онцлох өөрчлөлтүүдээс танилцуулъя

  •  Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуй тэшүүр, түүнтэй ижил төстэй спортын зориулалттай хэрэгслүүдийг хэрэглэхийг хориглосон байна.
  • Мөн явган хүний хөл хөдөлгөөн ихтэй газар болох үзвэр үйлчилгээний газруудад 20 км цагаас илүү хурдтай явахыг хоригложээ
  • Үүнээс гадна хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан осол, байгалийн гамшиг болоод эрсдэлд орж зогссон жолоочийн дохиогоор зогсож тусламж үзүүлэхийг хуульчилж өгчээ.
  • Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан,  урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн талаарх мэдээллийг иргэн өөрийн гар утсаар баталгаажуулан сервер рүү илгээх.
  • 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах

  • Мөн насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.
  • Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой.
  • Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй юм байна.
  • “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ.
  • Жолооч нь хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.

  • Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.

 ДҮРМЭЭ БИЕЛҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ Ч ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

Шинэ дүрмийг биелүүлэхэд бэлэн эсэхийг лавлахад уулзсан жолооч дунд уг дүрмийг мэдэж байгаа хүн байсангүй. Ингээд дүрмийн зарим хэсгээс танилцуулснаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Жолооч Б.Ган-Эрдэнэ “10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх гэдэг дээр санал нийлэхгүй байна. Дөрвөн хүүхэдтэй айл дөрвөн хамгаалалтын суудал машиндаа суурилуулах боломжгүй шүү дээ. Дөнгөж зогсоод хөдлөх хооронд хэн нэгэн зургийг нь аваад сервер рүү нь илгээчихвэл бас асуудалтай л юм. Бага насны хүүхдийг машин үлдээж болохгүй гэдэг дээр санал нэг байна. Иргэд дүрмээ биелүүлэхийг хичээдэг ч хэрэгжүүлэх боломжгүй зүйл байвал хэцүү шүү дээ” гэлээ.

АМЬДРАЛД НИЙЦСЭН ДҮРЭМ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

Жолооч Г.Даваа “Шинэчлэгдсэн дүрэмд ямар заалт байгааг иргэд мэдэхгүй байна. Энэ талаар мэдээлэл явуулах хэрэгтэй. Мөн 10 хүртэлх насны гурван хүүхэдтэй айл гурван хамгаалалтын суудал авах шаардлагатай болж байгаа юм байна. Ихэнх иргэдэд тийм санхүүгийн боломж байхгүй. Хэрэгжүүлэх боломжтой, амьдралд нийцсэн дүрэм гаргах хэрэгтэй” гэв.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БОДОЛЦОН ГАРГАСАН ДҮРЭМ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА

Жолооч Д.Оюунжаргал “Аюулгүй байдлыг бодолцон амьдралд нийцүүлэн гаргасан дүрэм гэж ойлгож байна. Хүүхдийг аюулгүйн суудалд суулган тээвэрлэх ёстой. Харин Монголд автозогсоолын асуудал хэзээд хүндрэлтэй байдаг болохоор дүрэм зөрчиж автомашинаа байршуулсан машины зургийг сервер рүү илгээх дүрэм хэрэгжих боломжгүй гэж үзэж байна” гэсэн юм.

Түүнчлэн дүрмийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгийн торгууль оногдуулах юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж