"Эрдэнэт"-ийн өрийг хэрхэн төлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

VS

"Эрдэнэт"-ийн өрийг хэрхэн төлөх вэ?

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг “Жаст” групп барьцаалж, зээл авсан байдаг. Гэвч одоо болтол зээлээ төлөөгүй тул Английн Дээд шүүхээс 98 сая ам.долларыг яаралтай төлөх шийдвэр гаргасан. Хэрэв төлөхгүй бол Эрдэнэт хотын Амарын талбай эсвэл Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх эрсдэл тулгараад байгаа билээ. Мөн үйлдвэрийн удирдлага Их Британи руу явж чадахаа болиод жил гаруй болж байгаа талаар Монголын зэс корпорацийнхан хэлж байгаа юм. Гэвч цаг хугацаа явах тусам энэ өрийг улсаас гаргах магадлал өндөр болоод байна. Одоогоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдан, зээлийг хэрхэн төлөх талаар судалж байгаа ч оновчтой гаргалгаа олоогүй байна. Мөн энэ асуудлыг тойрсон баривчилгаа ч идэвхжиж эхлээд байгаа юм. Ингээд энэ долоо хоногийн VS булангаараа Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцолж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн

Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ бол тус үйлдвэрийн 40 жилийн түүхэн дэхь хамгийн өндөр үзүүлэлт. Эхний хагас жилийн үр дүн ч маш сайн гарсан. Шүүхийн шийдвэрээс болоод ард иргэдийн амьдралд нөлөөлөх зэргээр олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн зүйл яримааргүй байна. Нэгэнт бизнесийн байгууллагын үйл ажиллагаа урт болон дунд хугацааны төлөвлөгөөтэй явдаг. Ялангуяа санхүүгийн хувьд үйлдвэр маш сайн байгаа гэдийг хэлмээр байна. Мэдээж аль нэг буруутай этгээдээс болоод “Эрдэнэт” үйлдвэр олон улсын шүүхэд татагдсан нь харамсалтай. Шүүхэд үйлдвэрийг татсан байгаа. Тиймээс үйлдвэрт ямар нэг байдлаар санхүүгийн хохирол учирсан тохиолдолд буруутай этгээдээр төлүүлэх ёстой. Монгол Улсын төрийн өмчийн томоохон үйлдвэрийн үйл ажиллагаа хэн нэгэн этгээдийн хариуцлагагүй үйлдлээс болж хохирох ёсгүй. Хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Улс төрийн өнцгөөс буруу зөрүү тайлбарлах зүйл ч гарч байна.Санхүүгийн хариуцлага хүлээхээр болсон ийм нөхцөлд янз бүрийн мэдээлэл гаргах нь бидний дараа дараагийн хэлцэлд муугаар нөлөөлнө. Бизнесийн байгууллагыг удирдаж байгаагийн хувьд бидний зүгээс хамгийн зөв, аль болох хохирол багатай шийдлийг гаргахын төлөө ажиллаж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч талтай яриа хэлцэл хийх асуудал яригдаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ”

“Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар

ЖАСТ өрөө төлчихвөл Эрдэнэт үйлдвэрт хамаагүй болчихно. Гэтэл өрөө төлж чадахгүйгээс болоод Английн Арбитрийн шүүхээс “Баталгаа гаргаснаараа Эрдэнэт үйлдвэрийг өрийг нь төл” гэсэн шийдвэр гаргасан. Хэрвээ Эрдэнэт энэ төлбөрийг хийвэл үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Хэдхэн хүний буруутай үйлдлийг, үйлдвэрийн 6,000 хүний хүч хөдөлмөр нуруун дээр тохно гэдэг дэндүү шударга бус асуудал. Гадаадын харилцагчид маань Эрдэнэт үйлдвэр-рүү мөнгө шилжүүлэх боломжгүйд хүрээд байна. Бүтээгдэхүүнийхээ мөнгийг авч чадахгүй байдалруу орох гээд байна л даа. Үйлдвэрийн удирдлага Их Британи руу явж чадахаа болиод жил гаруй боллоо. Гүйцэтгэх удирдлага очвол шууд бариад хорих шийдвэр гарчихсан. Аравдугаар сарын эхний долоо хоногт Лондонгийн металлын биржийн хамгийн том чуулга уулзалт болдог.Энэ арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрээс очих боломж хумигдсан. Өнгөрсөн жил ч очоогүй.

Ер нь “ЖАСТ”-ын асуудлыг дарахын тулд манай асуудлыг улстөржүүлсэн юм шиг он цагийн дараалал харагддаг юм. 2016 оны тавдугаар сард үндсэн төлбөрийн асуудал яригдаад Английн Арбитрийн шийдвэр гарсан юм. Гэхдээ хурал нь болчихоод шийдвэр нь албажих процесс гурваас дөрвөн сар үргэлжилдэг юм билээ. Тавдугаар сард болсон хурлын шийдвэр есдүгээр сарын аравдаар гарсан байдаг. Яг үүний дараагаас манай асуудлыг хурцаар ярьж эхэлсэн.

Түүнээс биш үндсэн асуудал маань аж ахуйн нэгжийнх шүү дээ. Хувьцаа эзэмшлийн, аж ахуйн асуудалтай холбоотой маргаанууд Иргэний болон Захиргааны шүүхэд өдөр тутам хэдэн арваараа шийдэгддэг. Манай онцлог юу гэхээр зүгээр л улстөржсөн кейс.

Эх сурвалж: Өдрийн сонин

Бэлтгэсэн: Т.НОМИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж