Үргэлжлэл
(ЛИБЕРТАРИ ЁС СУРТАХУУНЫ ТУХАЙ ТОВЧХОН ХАВЧУУЛАХАД)
“Давааны цаанаас хуцав аа хэмээн хашхирагсад”. Сүүлийн үед монголчуудын жинхэнэ мөн чанарыг харуулдаг зүйл “коммент” болоод байна. Нэр нүүрээ нууж байгаад янз бүрийн зүйл бичнэ, гүтгэнэ, хамгийн муу муухай үгнүүдийн цуглуулга тавина. Гүтгэлэг гүжирдлэг, балиар хараалаас өөр үгс үгсийн санд нь байдаггүй, нэрээ тавьж, нүүрээ харуулж байгаад нэг ч санал хэлж, нийтлэл тэрлэж чадахгүй юмнууд, ёстой л “Давааны цаана очиж байгаад хуцав аа хэмээн хашгирч” өгнө дөө.
Коммент гэж хэн бичиж байгаа нь мэдэгдэхгүй, худлаа нэрээр бичдэг энэ зүйлийн цаана монгол хүний худалч, аймхай, гөрддөг, гүтгэмтгий, сургаар явдаг, хоосон дүгнэдэг, мэдлэггүй, соёлгүй гээд олон өөдгүй чанар нуугдаж байдаг.
Олонхын нийгэм ба боорлох сэтгэлгээ. Олонхоороо хүлээн зөвшөөрсөн бол ямар ч үнэнийг үгүйсгэж, ямар ч худлыг үнэн болгож чадаж байна. Олонх гэж эрүүл ухааны замд хар тээг болж байдаг феноменыг хамгийн сайн сайхан зүйл мэтээр үзнэ. Манай Монголын нийгэм ёс заншил, түүх уламжлал, оршин тогтнох аргаараа индивидуализмд харш, олонхын нийгэм (Энд зарим хүн манайхан түүх, уламжлалаараа индивидуалист гэж андуурдаг. Үзэгдлийн хувьд тийм, мөн чанартаа коллективист болохыг ажигладаггүй. Энэ нь жич сэдэв тул орхиё.) Үүнийг нь коммунизмын 70 жил улам бататгасан. Бид олонхын нийгэмд амьдарч байна. Ийм нийгэмд “олонх эрүүл сэтгэх чадвараа алдсан бол эрүүл сэтгэгч цөөнх нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очихоос өөр аргагүй болдог” (Х.Манн).
“Энэ хоёр үзэл тэс өөр зам заадаг. Өнгөн талдаа коллективизм, харин цаад гүндээ бол индивидуализм л зөв тийш заадаг.”
Оюун санааны хувьд ядуу бөгөөд ядруу тул ганцаар оршихоос үхтэлээ айна. Олуулаа л байвал сайн, сайхан юм байх. Үнэндээ, тэр олонход нь сайн-сайхан юм юу ч байдаггүй. Оюун санааны пролетариуд. Нийлж байгаад хувь хүнийг боорлохдоо л сайн масс. Тэд олуул байгаадаа дулдуйдан, хэзээ ч хариуцлага хүлээдэггүй.
Эд бол өөрсдийг нь хэчнээн олуулаа байсан ч жинхэнэ индивидуалист хүн эс тоодгийг анзаарах ч сөгөө үгүй хүмүүсийн бөөгнөрөл. Олонх гэдэг улс төрд л ач холбогдолтой хүчин зүйл байх. Оюун санааны амьдралд бол огт хамаагүй. Ер нь манайд олонх, ард түмэнд л таалагдахгүй бол өөрийн бодол сэтгэлгээг ямар ч зөв байсан илэрхийлж чадахаа больж, шалдаа буудаг коммунизм, фашизмын үлдэгдэл болсон коммунлаг, коллективист сэтгэлгээтэнгүүд маш олон байдаг.
“Коллективизм гэдэг ийм л зүйл”
“Коллективистуудын дунд орших индивидуалист”
Зөв байр суурин дээр зогсож буй нэгнээ барьж идэхээ (Орвэллийн “жигшүүлэх цуглаан” дээр байгаа юм шиг) шахах атлаа хулгайч, идээчин уугаачин улс төрчийг бурханчлан шүтнэ. Тэгснээ хэсэг хугацааны дараа өнөөх улс төрчөөсөө бүгд эргэж буцна. Олонхын дунд хамгийн амжилттай хэрэгждэг зүйл бол хов жив. Тэр тусам улс төрчид болон намуудын масс хов жив л ярьж ажил хийнэ. Яг байрны гадаах авгай хүүхнүүд аятай.
Олонх юмны учрыг олоогүй атлаа үнэлэлт, дүгнэлт өгөх дуртай гэж жигтэйхэн. Дан сургаар явдаг хэрнээ бүр гүнзгий танин мэдчихсэн аятай үнэлж дүгнэнэ. Физик, химийн талаар юу ч мэдэхгүй мөртлөө “хэн гуай физиктээ ёстой аугаа”, “тэр химидээ ёстой паг даа” гэх мэтээр. Голдуу л сэтгэлдээ таалагдсан зүйлийг “үнэн, зөв”, эс таалагдсанаа “худал, буруу” хэмээн үнэлнэ. Иймэрхүү сэтгэлгээ нь өөрсдийг нь магтаагүй хүнд дурамжхан хандаж, үнэнийг хэлсэн хүнийг үзэн яддагаар илэрдэг.
Тэгэхээр бараг л урвуугаар нь ойлгож цэгнэчхэд болно. Хэрэв олонх муулаад байвал зөв, магтаад байвал буруу байран дээр байна гэж бодоход болмоор юм шиг. Марк Твэйн энэ утгаар л “Чи олонхтой адил сэтгэж бодоод эхэлбэл өөрийгөө хязгаарлах цаг болсон гэсэн үг” хэмээн хэлсэн буй за. Нээрэн ч ийм орчинд тэнэгүүд чамайг ухаантай гээд байвал өөрийгөө тийм ч ухаантай биш, хамгийн өөдгүй зан чанартай юмнууд чамайг сайн хүн гээд байвал муу хүн, дипломын хавтас бологсод боловсролтой гээд байвал боловсролгүй гээд бодчиход болно. Ийм хүмүүст магтууллаа гээд хөөрөөд, муулууллаа гээд гутраад байх хэрэг байхгүй.
Худал ярих нь өөрийгөө доромжилж буй хэрэг. Бид ер нь хэлсэндээ хүрч, ам тангарагтаа үнэнч байж чаддаггүй. Монголын түүхэн дэх хамгийн алдартай хоёр хүн гэхэд л хоёр биендээ үнэнч байна хэмээн гурвантаа тангараг өргөсөн байдаг. Тангараг өргөх тоолондоо нэгийгээ хуурч байна, энэ тангаргаа зөрчих болно, одоохондоо андын тангараг өргөж, тайвшруулж байгаад дараа нь намначихъя гэсэн бодол өвөрлөж байсан гэлтэй. Ёс журамтай хүмүүсийн хувьд ам тангараг гэдэг бол нэг л удаа өргөдөг, нэгэнт өргөсөн бол үхсэн ч зөрчиж үл болох зүйл байдаг шүү дээ.
Бид худлаа гэдгийг мэдсээр байж худал ярьж чаддаг хүмүүс. Хамгийн ойрын сонгодог жишээ, монгол эр хүний хамгийн сайн, сайхан чанарыг шингээсэн хүмүүс гэж ирээд бөхчүүдийг магтдаг. Илэрхий худал магтаал. Жинхэнэ хуйвалдаанч, хор найруулдаг, атаа жөтөөтэй, мөнгө, цол хэргэмийн төлөө үхэлдэн тэмцэлддэг, есөн шид нь бүрдсэн хүмүүс чинь эд.
Жирийн иргэд ч ялгаагүй дээ. Автобусанд явж байгаад гар утсаар ярихдаа цаад хүндээ явж байгаа газраа үнэнээр хэлж буй нэг ч хүнтэй тааралдаж байсангүй гэхэд бараг л хилсдэхгүй дээ. Цаг болзоно, түүнийгээ барина, ёсонд хазгай. Нэгнээсээ мөнгө зээлэх, юм гуйх үедээ ёстой “сүнсгүй зална”. Хүнийг унаж тустал, амь амьдралыг нь сүйртэл, санхүүгийн талаар хэзээ ч сэхэхээргүй болтол худал ярина. Хулгайлсан, завшсан, гулгуулсан, хахуульдсан улс төрчид хуулийн өмнө, эсвэл ТВ-ээр нүд дальдрахгүй, нүүр нь улайхгүй, хүний нүд рүү гөлийтөл харж байгаад худал хэлэхийг нь яана.
Ер нь, хэчнээн гэм хоргүй ч бай, худал хэлэх нь өөрийгөө доромжилж буй хэрэг гэдгийг мэдэх ёстой. Хүн миний худлаа хэлж буйг хэн ч мэдэхгүй гэж бодсон тохиолдолд худал хэлдэг. Хэн ч мэдэхгүй байж болно, гэхдээ чи өөрөө мэдэж буй, чи өөрийгөө ингэж үл тоож буйгаараа өөрийгөө доромжилж буй хэрэг.
Дүр эсгэх. Бид байгаагаараа байж ер чаддаггүй, дандаа хоосон рекламддаг. Жинхэнэ мэргэжлийн хүний хажууд ёстой “туйпуун толгойтой” атлаа учиргүй гэгээрчихсэн аятай аяглана. Эд хөрөнгө, алба ажлаар гавихгүй хэрнээ их том дарга, учиргүй баян тэрбумтан царайлна. Нэг их хоосон цээж, ихэмсэг байдал. Ийм дүрийг ёстой гарамгай эсгэнэ дээ. Тэгээд тэр дүрдээ өөрөө итгэчихсэн (hallucination) байхыг нь яана!
“Дүрдээ итгэгч”
Уг нь дүр эсгэлт бол мөн чанараараа муу муухай, сул хүмүүсийн л түүнийгээ нуух гэсэн арга шүү дээ. Хамгийн өчүүхэн, бэртэгчин, хоосон толгойтой байх тусмаа хамгийн их дүр эсгэдэг. Шууд пропорциональ холбоотой. Аутентик байдлаараа сайн-сайхан хүмүүс жинхэнэ дүр төрхөө нуух гэж оролддоггүй.
Дүр эсгэгчид бөөн маяг болсон хүмүүс байдаг тул их төвөгтэй амьдарна. Хувцас хунар гэсэн аар саар зүйлд учиргүй анхаарал тавьж, шинэ машин, утас авсан ч онцгой тоотой дугаар авахын тулд өөртөө болон бусдад бөөн ажил уддаг. Ер нь их шалиг сонирхолтой, өнгөц хүмүүс байх юм билээ.
Тэд өөрийнхөө талаар аль болох худал сэтгэгдлийг үлдээх гэж оролдоно. Үнэндээ, ахуйгаасаа аль болох дээгүүр сэтгэгдэл бусдад үлдээх гэж ядаж байдаг. Үнэн төрхөө нуух гэж оролдож байгаа энэ байдлыг нь харахаар жигшмээр ч бас өрөвдмөөр ч. Дүр эсгэгчид өөртөө хэчнээн зовлонтой амьдарч буйгаа мэддэггүй. Эрх чөлөөний амтыг хэзээ ч эс мэдэхээр заяагдсан хүмүүс.
Ёс зүйн сургаал айлдагчид. Монголд ёс суртахууны уналт явагдаж буй нэг том шалтгаан бол хамгийн ёс суртахуунгүй хүмүүс маш их ёс суртахуун ярьж буй явдал. Өөдгүй, худалч, луйварчин, хулгайчууд ёс зүй яриад эхлэхээр “Ер нь, ёс суртахуун гэж юу юм бэ?” хэмээн хүмүүсийн толгой эргэх нь зүйн хэрэг. Нээрэн ч, ёс суртахуунгүй юмнуудаар ёс зүйн лекц уншуулж, ном тавиулаад, увайгүй хүмүүс нь ёс суртахууны сэдэвт нэвтрүүлэг хийгээд явж байхыг харахаараа ёс суртахуун гэдэг юу юм бэ, ёс суртахуун нь ингэтлээ уначихсан ийм нийгэмд ёс суртахуунлаг байх хэрэг байгаа юм уу гэсэн бодол нэлэнхүйдээ тархдаг бололтой.
Н.Энхбаяр ба ёс суртахуун. Ер нь, улс төр гэж муухай зүйлгүйгээр амьдарч чадахаа больсон хүмүүс олигтой хүмүүс байдаггүй л дээ. Тэгээд ч Н.Энхбаяр нэлээд зүүний улс төрч. Зүүний үзэлтэй хүмүүс өөрсдийнхөө амьдралд хэзээ ч хэрэгжүүлдэггүй зүйлээ олон түмнийг хуурахын тулд ярьж явдаг. Гэхдээ Н.Энхбаярт тохиолдсон явдал монгол хүн ёс суртахууны хувьд хэчнээн доройтсоныг харуулсан юм.
Экс-коммунистууд дотор (ө.х. өнөөгийн МАН, МАХН дотор) Н.Энхбаярын татаас, чангаас, дэмжлэггүйгээр өөд гарсан хүн тун ховор гэдгийг бүгд мэднэ. Гэтэл түүнийг шүүх цагдаа, шорон гяндан, өлсгөлөн, өвчин зовлон гээд явж байхад бүгд нуруугаа харуулахаар үл барам зарим нь бүр “уначхаад байхад нь өшигчиж” байгааг харахад үнэхээр жигшим байлаа.
Зөвхөн Энхбаярын кэйс биш л дээ, улс төрчдийн дунд ийм өөдгүй зан араншинтай хүн олон харагддаг. Ер нь, улс төр өөрөө хүнийг их эвддэг мэргэжил юм байх аа даа. Швейцарийн соёлын түүхч Якоб Буркхардтын (1818-1897 он) хэлснээр “Засгийн эрхийг хэн барьж буйгаас үл хамааран, засаг өөрөө нүгэлт зүйл, засаг нь өөртөө байгаа хүмүүсийг эвдэн завхруулах … хандлагатай байдаг.”
Либертари ёс суртахуун. Либертари мораль гэж юу юм бэ, ямар зарчим барьдаг, ямар утга санаатай ёс зүйн сургаал байдаг юм бэ? Товчхондоо, дээр шүүмжилсэн ёс суртахууны эсрэг ёс суртахуун гээд ойлгочход болно. Айн Рэндийн Эх сурвалж, Атлантын мөр тэнийв роман, Сайтар эргэцүүл! жүжиг, Магтуу дисутопи туужид либертари мораль гэж юу болох нь маш тод харагддаг.
Либертари ёс суртахуунт иргэн нэгнийгээ хүндлэх болохоос зусардахгүй. Гэхдээ хүний хүндлэлийг хүлээх гэдэг тун амаргүй зүйл. Хүний хүндлэлийг хүлээхийн тулд албан тушаалтай эсвэл эд хөрөнгөтэй байх огтхон ч хангалтгүй. Хүнд хүндлэгдэхийн тулд хоёр нүүр гаргадаггүй, итгэлтэй, хэлсэндээ хүрдэг, өөрөөрөө амьдарч чаддаг, худал ярьдаггүй, нээлттэй, зарчимч, шударга гээд олон зан чанартай байх ёстой.
Өгүүллийн эхэнд ёс суртахуун гэдгийг тодорхойлохдоо хэлсэн: Хүний зовлонг өөрийн юм шиг хүлээн авч мэдэрч, сэтгэл өвддөг хүнийг ёс суртахуунт хүн хэмээнэ гэж. Тэгвэл хүний зовлон зүдгүүрт хэзээ ч ингэж ханддаггүй атлаа ийм дүр эсгэдэг хүмүүсийг либертариуд хамгийн а-мораль хүн (ёс суртахуунгүй хүн) гэдэг. Монголчуудын ихэнх нь ийм. Хуурмагаар эвийлдэг. “Хуурамч хүний ‘хөөрхий’ олон, худалч хүний ‘нээрээ’ олон”. Өөрөө амьдрал дээр хэзээ ч хэрэгжүүлдэггүй атлаа шал худлаа альтруизм ярина. Монгол хүн ёс суртахууны хувьд жинхэнээсээ сайн байхыг хүсдэггүй, харин аль болох олон хүнд сайн хүн болж харагдахыг л хүсдэг.
Либертари үзэлтнүүдийн хувьд моральтай хүн гэж Айн Рэндийн Сайтар эргэцүүл!-ийн Ингальс (мэдээж, Эх сурвалж романы Камерон, Роарк, Доминик, АНУ-ын жүжигчин Клинт Ийствудын тоглосон Мэдисон дүүргийн гүүр-ийн чөлөөт фото-сурвалжлагч Роберт Кинкайд, Гран Торино-гийн Уолт Ковалски гээд олон дүрийг хэлж болно). Ингальс тахир дутуу, тэргэнцэр дээр буй хөвүүнд яг л эрүүл хүн шиг хандаж, түүнд хатуу үнэнийг шууд хэлдэг. Тэр нь ч хөвүүнд их таалагддаг. Хэдийгээр хөвүүний бие тэргэнцэр дээр байдаг ч, оюун ухаан нь хэзээ ч тэргэнцэр дээр байгаагүй. Тиймээс хүмүүсийн худал хөөрхийлөөд буйг мэддэг байж.
Хүнлэг сэтгэлтэй, эх орондоо бүхнээс илүү хайртай болох тухайгаа тааралдсан хүн бүрд ярьж, түүгээрээ гайхуулж, хэвлэл мэдээллээр “зарлаж” явдаг хүмүүст либертариуд дургүй. Учир нь, тэд цагаа тулахаар тийм байж чаддаггүй. Тиймэрхүү хүмүүс эх орондоо л асар эх оронч дүр үзүүлдэг, харин гадаадад явахаараа дандаа эх орноо гутааж, гадныханд шоолуулан, эх орон нэгтнүүдээ ичээж явдаг. Ийм хүмүүсийг “хил залгаа нөхцөл байдалд” (экзистенциалист нэр томьёогоор) оруулах юм бол жинхэнэ экзистенци харагдана. Хүн ер нь өөртөө байхгүй чанарыг хүмүүсээс шаардах нь ёс суртахуунгүй хэрэг. Эх орончдын гол сэдэл, үйлдлийнх нь суурь, үндэс бол эмоци, энэ бол маш муу зөвлөх. Ер нь сэтгэлийн хөдөлгөөнөө барьж бай гэж хүнд чинь ухаан заяасан байдаг юм.
Тэгэхээр либертари ёс суртахуунт иргэн Германд байсан фашист, Зөвлөлт болон Монголд байсан, өнөөгийн Хойт Солонгосынх шиг коммунист тоталитари, коммунлаг нийгэмд амьдрах ямар ч аргагүй. Иймэрхүү нийгэмд либертари иргэн шорон юмуу сэтгэл мэдрэлийн эмнэлэгт тусгаарлагдмал байдалтай өнгөрөөх болдог. Либертари аж төрөх ёс жинхэнэ эрх чөлөөт, ардчилсан, либерал нийгэмд боломжтой. Манайх шиг феодализм, социализм, капитализм холион бантан болсон нийгэмд биш.
Либертариудыг ёс суртахуунгүй хэмээн батлахын тулд тусламжийн тухай сэдвийг байнга хөнддөг. Үнэндээ “Бусдад туслах ёстой” гэж ярьдаг хүмүүс “бусад” гэдгийн доор өөрийгөө ойлгож байдаг. Тэгвэл хүн сайн ч явсан, муу ч явсан өөрөө өөрийгөө даах ёстой, “миний хувь заяаны онгоцны ахмад бол би өөрөө” юм. Өөрийн зовлонг бусдад үүрүүлэн, эмчилгээнийхээ зардлыг бусдаар төлүүлээд байх нь а-мораль үйлдэл мөн. Ийм зовлон зүдүүр, өвчин зовлонтой өч төчнөөн жирийн иргэд хувь тавилангаа өөрсдөө үүрээд гарч байна шүү дээ. Тэгээд ч бусад хүмүүс ганц хүний төлөө амьдарч байдаг юм биш.
Улмаар тусламж авсан хүн тусалсан хүнээсээ ямагт хараат байдалд ордог. А-гаас тусламж авсан бол А-гаас, Б-гээс авсан бол Б-гээс, төрөөс тусламж авсан бол төрөөс, олон түмнээс тусламж авсан бол олон түмнээс хараат амьдрах болно. Иймд либертариуд “бид тусламжийн хариуд эрх чөлөөгөө өгмөөргүй байна” гэдэг.
Нэмж хэлэхэд, төрийн тусламж, халамж гэдэг бол тэнгэрээс буугаад ирдэг зүйл биш, түүний цаана хэн нэгний хүч хөдөлмөр, түүнд зарцуулсан цаг хугацаа бий. Төр түүнээс нь хүчээр (хуулиар) аваад чамд өгдөг. Тэгэхээр төрөөс халамж шаардана гэдэг нь өөрийнхөө төлөө төрийг бусдын эсрэг турхирч буй хэрэг. Би юу ч хийгээгүй байж бусдын хүч хөдөлмөрийг өөрийнхөө төлөө зарцуулахыг шаардах нь зохисгүй.
Тэгээд ч хүнээс тус авчихаад ямар ч талархах сэтгэл гаргадаггүй, тэгэх ёстой мэт боддог, тэр ч бүү хэл, улам давардаг ёс суртахуунгүй хүмүүс бидний дунд олон байна. Ямар сайндаа “хүнтэй муудалцъя гэвэл мөнгө зээлүүл” гэсэн үг гарах вэ дээ.
Либертариуд хүмүүст тусална. Гэхдээ хэзээ, хэнд туслахаа өөрсдөө мэднэ. Өөр шигээ хэнээс ч тусламж авах ёсгүй хэмээн бодож байдаг хүмүүст тусална. Төрөлхийн тахир дутуу, эсвэл “зовлонт” амьдрал нь өөрийнх нь буруугаас болоогүй хүмүүст тусална. Түүнээс бус ялхайж хэвтэж байгаад хэрэг болохоор тусламж авах гээд байдаг хүмүүст туслахгүй. “Надад тусалсангүй” гэсэн хүн бүрд туслахгүй. Бүхэл ертөнц өөрийнх нь төлөө байдаг хэмээн бодож явдаг хүмүүст туслахгүй. Орчин тойрныхоо бүх хүнийг “надад туслах ёстой” хэмээн бодож байдаг хүмүүст туслахгүй. Хэн нэгний тушааснаар, эсвэл хэн нэгнээс айж, бусдад муу хэлүүлэхээс эмээхдээ туслахгүй. Тусламжаар амьдрах нь гутамшигтай гэдгийг ойлгодоггүй хүмүүст бүр ч туслахгүй. Соёлжиж, иргэншсэн моралиар бол ийм хүмүүст Тереза эх ч туслахгүй.
Мөнгөтэй байх, эрх мэдэлтэй байх бага зүйл. Ийм хүмүүс Монголд амархан нэр хүндтэй болдог бол либертари үзэлтний хувьд тэр бүхэн юу ч биш. Тэр тусмаа Монголд хамгийн өөдгүй аргаар амьдрагсад ийм зүйлсэд амархан хүрч байгааг либертари үзэлтнүүд мэддэг. Тийм ээ, монгол хүнийг хуурахад маш амархан. Зүгээр л, фирмийн гэж хэлэгддэг костюм, гутал өмсчих. “Хувцас бурхан, бие чөтгөр” гэж ярьдаг хүмүүс шүү дээ. Эсвэл “эхнэрээ худалдаж байгаад албан тушаалд очоодох”, тэгэхэд л өмнө чинь сөхрөөд өгнө. Ер нь, их муухай, дандаа өнгө мөнгө, албан тушаал харж харьцана, хүнтэй хүнийх нь хувьд харьцана гэж ёстой байхгүй. Гялалзсан гутал, костюм зангиа, барьсан утас, унасан машин бол үзэгдэл, хэлбэр эдгээрийн цаана мөн чанар, агуулга гэж юм байдаг гэдгийг мэддэггүй. Маш өнгөц зүйлээр хүнийг дүгнэнэ, хямдхан бөгөөд жижигхэн хүмүүс.
Либертари утга зохиолд “өөрөөрөө амьдрах”, “бусдаар амьдрах” гэсэн нэр томьёонууд байдаг. Либертари үзэлтнүүд бол “өөрөөрөө амьдрагсад”. Харин “бусдаар амьдрагсад” л тал засах, зусардах, хоёр нүүр гаргах, дүр үзүүлэх, хор найруулах гэх мэт хамаг муу муухайг хийдэг. Яагаад гэвэл ганц өөрөө байж чаддаггүй. Ямагт өөрөөсөө өөр хэн нэгэн юм уу, ямар нэг юмаар дутаж байдаг болоод тэр.
Либертариудыг эгоист хэмээн их зэмлэцгээдэг. Тийм ээ, либертари үзэлтнүүд бол эгоистууд. Гэхдээ энэ эгоизм социализмын үед болон ахуйн хүрээнд та бүхэнд ойлгуулсан, та нарын баримталдаг эгоизмоос тэс өөр. Либертари эгоизм “бусдыг хохироож байж өөрийгөө болгодог” эгоизмоос ялгаатай. Либертариуд эгоизмыг философи утгаар ойлгодог тул энэ үзэл зөвхөн өөрийнх нь бус бүх Эго-гийн эрх ашгийг хамгаалах ёстой гэж үздэг. Жинхэнэ эгоистууд бусад Эгог хохироохыг хүсэхгүй. Бусад Эгод ч гэсэн надад байдаг бүх эрх бий. Тэдэнд ч гэсэн надтай адил хэн нэгний багаж зэвсэг болохгүй, бусдын төлөө өөрийгөө золиослохгүй байх, өөрийгөө бодох эрх бий.
Либертариудыг амиа бодоход хэн ч хохирдоггүй, харин ч Адам Смитийн Үндэстний баялаг-таа хэлснээр тухайн үндэстний баялаг нэмэгдэж байдаг. Гэтэл монголчуудыг амиа бодоход хэн нэг хүн, байгууллага, тэр ч бүү хэл, улс-орон нь хохирч байдаг.
Либертариуд эгоизм гэж ярихдаа амжилтаа төдийгүй алдаагаа ч өөртэйгөө холбоно. Миний алдааг надаас өөр (аав ээж, ах дүү, үр хүүхэд, найз нөхөд гээд) хэн ч үүрэх ёсгүй гэж үздэг.
Тиймээс нэгнийхээ хүрээ рүү эс орох, тухайн хүн өөрөө зөвшөөрөөгүй бол хувийн хэрэгт нь үл оролцохуй бол хамгийн сайн зарчим мөн.
“Эгоист хүн бусдын болон даргын амыг харалгүй хийх гэсэн зүйлээ бие даан шууд хийж эхэлдэг. Капитализм болон өнөөгийн хөгжингүй нийгэм ийм эгоист хүмүүсийн нуруун дээр боссон ажээ.”
Хүмүүс хамт олон, төр, нийгэм гэсэн коммунлаг зүйл ярихдаа хэзээ нэг цагт эдний тус надад хэрэг болно гэсэн бодол агуулж байдаг. Коллективизм гэсэн нэрээр бусдыгаа үргэлж хохироож, тэр хохирлоос нь хожоо гаргахыг хичээгсэд л л ийм зүйл их ярьдаг.
Либертари эгоизм, монголчуудын эгоизм хоёр үүгээрээ ялгаатай. Либертариуд эгоизм гэж ярихдаа өөртэйгөө адилхан “Эго”-г хохироочих вий хэмээн байнга санаа зовж байдаг. Учир нь, либертариуд бол жинхэнэ эгоистууд.
Ийм үгийг заавал хэн нэг хөрөнгөжиж мөнгөжсөн, албан тушаалтай болчихсон хүн хэлдэг юм биш. Харин “өөрөөрөө амьдардаг” бүх хүн ийм бодолтой байдаг.
Ер нь, ёс суртахуун гэсэн нэрийн доор ёс суртахуунгүй байдлыг өөгшүүлэгчдийг үзэн ядууштай.
Эцэст нь ёс суртахуунт цөөнхөд хандаж хэлэхэд. Гэхдээ нийгэм тэр чигээрээ, бүгдээрээ, 100% а-моральтай болчихсон юм биш л дээ. Цэвэр ариун амьдарч ирсэн, ёс зүйн зөв үнэлгээтэй хүмүүс бас ч байна.
Бид биологийн насны хувьд харьж явна. Өдийг хүртэл тал засаж, худал хэлж, дүр эсгэж, хуурч мэхэлж, луйвар хийлгүй амьдраад ирсэн болохоор өнөөдөр Монголоор дүүрчихээд буй элдэв юмнуудтай нэр холбогдчихолгүй байж байгаад хорвоог туулчих юм сан.
Иймэрхүү эссэг ойлгодог, шүүмжилсэн ч зөв байр сууринаас шүүмжилдэг, “чанартай” уншигч 10 жилийн өмнөхөөс хамаагүй олон болсныг миний бие нэгэнт мэдэрсэн билээ. Тэдэнд л энэ хоёр цуврал эссэг зориулсан хэрэг!
Б.БАТЧУЛУУН
Холбоотой мэдээ