Хороо болон шинээр IPO гаргасан компаниудын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Хороо болон шинээр IPO гаргасан компаниудын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт боллоо

Хороо болон шинээр IPO гаргасан компаниудын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт боллоо

Сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болсон аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагын нээлттэй зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо (Хороо) зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад 2017 оны 9, 10 дугаар сард хувьцаагаа гаргасан “Ай түүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, “Анд энерги” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхбаяр, 2018 онд IPO хийсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ын дарга Л.Ариунболд, “Ард даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар оролцож, ХХК-аас ХК болж шинэчлэгдэх үйл явцад гарсан алдаа, оноогоо хэлэлцэв. Уулзалтыг Хорооны Үнэт цаасны газар (ҮЦГ)-ын дарга Б.Лхагвасүрэн удирдан явуулж, Даатгалын газар (ДГ)-ын дарга М.Өлзийбат, Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын орлогч дарга Б.Долгорсүрэн, (ҮЦГ)-ын ахлах референт Ж.Эрдэмзаяа нар ХК-уудын удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгөв.

Хороо хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, цаашлаад хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулахад түлхүү анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар Хорооноос үнэт цаасны арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа гурван бирж байгаа нь Хөдөө аж ахуйн бирж, Монголын үнэт цаасны бирж, Монголын хөрөнгийн бирж юм.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар шинээр гаргах үнэт цаасыг бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг Хороо олгохоор заасан бөгөөд Хороо үнэт цаасыг бүртгэхдээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, засаглал, тайлагналын ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн бодлогын зарчмыг баримталж байна. Тухайлбал, олон нийтэд санал болгож буй үнэт цаасны хувь хэмжээг 25 хувиас дээш байлгах, татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг салбарын онцлог, үр ашиг, бизнес төлөвлөгөөтэй уялдуулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэхгүй, эрх ашгийг нь хохироохгүй байх, энэ талаар үнэт цаас гаргагч болон андеррайтерт хатуу шаардлага тавих, санхүүгийн тайлагнал, хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, нэгж хувьцааны үнийг бодитой тогтоолгох болон бусад журам, дүрмийн нийцлийг хангах зэрэг. Энэ нь уг хувьцааны цаашдын төлөв, хөрвөх чадвар тогтвортой байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, зах зээлийн идэвх, өрнөлийг сайжруулахад ихээхэн чухал болохыг уулзалтад оролцогчид онцолсон юм.

Он гарсаар, банк бус санхүүгийн салбарын нэг, даатгалын салбарын хоёр аж ахуйн нэгж IPO гаргаад байна. Энэ нь банкнаас бусад санхүүгийн салбаруудын өөр хоорондын үйл ажиллагааны уялдаа, нэгдмэл, уян хатан байдал тухайн салбарын өсөлт, хөгжлийн нэг хүчин зүйл болно гэсэн Хорооны бодлогын зохицуулалтын үр дүн болохыг уулзалтад оролцогчид онцолж, салбар хоорондын уялдаа холбоо нь санхүүгийн үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын шинэ нөхцөл шаардлага бий болгож буй талаар зөвлөж ярилцлаа.

Хороо цаашид ийм уулзалтыг тогтмолжуулж, үнэт цаасны болон бусад санхүүгийн салбарын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар зах зээлд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж байхаар тогтлоо.

Эх сурвалж: СЗХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж