Өгөх хоол байхгүй, хүүхдүүд нь хоол нэхэн уйлалдах эцэг эхийн зовлонтой гэр бүл. Ядаж байхад нь хүүхдүүд нь бүгд “миний хоол хаачив, хоолны аяга минь жижиг байна” гэж хашгиралдаад л. Эцэг эх нь мөнгөтэй байхдаа хүүхдүүдийнхээ хоолны хэмжээг нэмээд л байснаас биш маргааш нөгөөдөр хаанаас мөнгө олохоо бодоогүй учир одоо тогоондоо олдсон хоолоо урдаа барих уу, хойноо барих уу гэх толгойн өвчинтэй болжээ.
Хүүхдүүдээ том жижиг ялгалгүйгээр хооллосоор, хоолонд хүрснийгээ ч цатгахгүй хэрнээ цагдан, гэрээс явуулалгүй халамжилсаар, хамтдаа л байцгаахгүй бол өлсөж үхнэ гээд сургачихжээ. Ингээд л данхайсан томчууд нь өлссөн жижгүүдийн бантангаас хуваалцаад сурчихаж. Ийм л байх ёстой гэдэгтээ итгээд бараг хоол нэхэн уйлах болж. Аав ээж нь эхэлж өөрсдөө идчихээд үлдсэнийг нь хүүхдүүддээ өгдгөөс болж тогоон дахь хоолондоо сэтгэл хангалуун хүн ч байхаа больж.
Өгье гэсэн ч хоол байхгүй байхад өлсөж байна гэж орилолдоод л, бүр өгч байгаа аяганыхаа хэмжээг 60 хувиар ихэсгэе гэцгээв. Нээрээ л ингээд нэмчихвэл бүх зүйл сайхан болчихно гэж бодсон тул бусад нь ч дэмжиж байна гэж жигтэйхэн. Аяганых нь хэмжээ нэмэгдсэн ч доторх хоол нь үндсэндээ нэмэгдэж сүйд болохгүйг ойлгохыг хүссэнгүй.
Хамгийн харамсалтай нь гол орлого олдог байсан аж ахуй нь зогсчихсон ийм үед хүүхдүүдийнхээ хоолыг нэмэх нь битгий хэл урд өгч байснаараа өгөхийн орлогоо нэмж зээл авч, өр тавихаас өөр аргагүй.
Гэвч өрх гэрт нь нэг дүрэм бий. Аав ээж хоёр нь гэрлэлтийн гэрээндээ өрхийн хэмжээнд бий болгосон бүтээгдэхүүнийхээ 40 хувиас илүү хэмжээтэй мөнгийг айл амьтнаас зээлж, өр тавихгүй шүү гэсэн тохироо. Гэвч ийм тохироотой ч эхнэр нь гэртээ өнжихдөө айл амьтнаас зээлсээр байгаад өрийнх нь хэмжээ хэдийн 50 хувь гарчихсан. Ингээд аав ээж хоёр нь дахин мөнгө зээлэн өрхийн аж ахуйгаа хөдөлгөн орлого олцгооё гээд шийдэж. Гэвч шууд ийн шийдье гэхээр өнөө тохироо нь тээг болж, тохирооныхоо дагуу явья гэсэн ч хэдийн өнөөх хэмжээнээсээ давчихсан өртэй суух зовлонтой суух аж.
Юун 60 хувь, хоолны аягаа томруулах, ямар гээчийн дуусдаггүй маргаан бэ, яагаад хоолны хэрүүлийн оронд орлого олох боломжуудаа хэлэлцэж болдоггүй өрх вэ, өөрсдөө цатгахыг урьтал болголгүй хувиарлалт хийчих чадваргүй эцэг эхчүүд үү..
Б.МАНДАХ