Ц.Элбэгдорж: Бүсээ дээрээсээ эхлээд чангалъя

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Бүсээ дээрээсээ эхлээд чангалъя

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож  үг хэлж байгаа юм.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ бүтээгчдэд хандах хандлагаа өөрчлөхийг, төр баялаг бүтээгчиддээ чоно шиг ханддаг болсныг болих, төрийн үйлчилгээ төрийн мөлжлөг болж хувирсныг өөрчлөхийг хүслээ. Мөн татварын бодлогыг уян хатан болгохыг, өрийн таазаа өөрчлөхийг хүсч бүтээгч үндэстэн болох, хариуцлагатай болохыг уриаллаа. Мөн төр хариуцлага хэрэгтэй болсныг онцоллоо. Энэ тухай Ерөнийлөгч “20 хэдэн жил хонины найр шиг явлаа. Хариуцлагагүй төр бол удирдлагагүй онгоцтой адил. Одоо зогсооё, үүнээс цааш хязгаар байхгүй. Энэ ажлыг толгойноосоо эхэлж хийе. УИХ, Засгийн газар эхэлж хийе. Шилэн дансны хуулийн хэрэгжилт иргэдийн дунд эхэлчихсэн байна. Шүүхийн шийдвэр шилэн болоод удаж байна, цаашдаа төрийн шалгалтыг шилэн болгоё. Торгууль, нэхсэн шаардсан нь бүгд шилэн болох ёстой. Нэмээд улстөрийн намууд сонгуулийн санхүүжилтээ шилэн болгох ёстой. Бүсээ дээрээсээ эхлээд чангалъя. Надаас эхлээд бүсээ чангалъя. Албан тушаал тойрсон тансаглалаа тана. Засаг нь танаж чадахгүй бол УИХ нь тана, УИХ нь танаж чадахгүй бол иргэдээр тануул. Мөнгө төсөвгүй болоод хаалгаа барьсан яам гэж сонсоогүй, харин компани мөнгөгүй болоод ажилчдаа халлаа, чөлөөллөө хаалгаа барилаа гэж сонсогдож байна” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч дээд шатанд хариуцлага бүтэн байх ёстойг сануулаад “Хариуцлагатай төр хүчтэй байдаг, хариуцлагагүй байдал хүмүүсийг хуваадаг, талцуулдаг. Хариуцлага буух эзэн, буцах хаягтай байх ёстой. Албан тушаалтнууд хувийн сонирхлоор шийдвэр гаргадаг, түүнийгээ устгадаг, ажил үүргээ хүлээлцэх хариуцлагагүй явж ирлээ. Хариуцлагагүй явдал төрийн албанд байна. Одоо энэ бүхнийг өөрчилж, хариуцлагатай болъё.

Энэ УИХ, Засгийн газарт маш бага хугацаа үлдлээ. Хамтарч Засгийн газраа байгуулсан нам эр эм хоёр шиг аашилж болохгүй, сэтгэлээрээ хандаж, ажил хэрэгч хандах ёстой. Зорьсноо хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг авахад хүнд болно. Нийгэм, эдийн засгийн үр дагавартай байх болно. Та бид нийлээд зүтгэхэд олон ажлыг хийж чадна, би итгэж байна. надад итгэ, хамтраад зүтгэе. Олон жилийн хариуцлагагүй байдалд цэг тавьсан, анхны парламентчид болоорой гэж хүсч байна. Сайн сайхан ойрхон байдаг гэдэг, улсаа эдийн засаг, санхүүгийн хямралаас гаргаж, хөгжлийн урт удаан хугацааны шийдвэрийг гаргаж чадна гэж найдаж байна. Бүтээгч хариуцлагатай улс болох ёстой. Бид чадна аа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч ийн үгээ төгсгөлөө.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж