Л.Ариунболд: Хөгжье гэвэл IPO гаргах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Л.Ариунболд: Хөгжье гэвэл IPO гаргах хэрэгтэй

Л.Ариунболд: Хөгжье гэвэл IPO гаргах хэрэгтэй

Үндэсний үйлдвэрлэгч "Монгол Базальт" хаалттай ХК-ИАС нээлттэй хувьцаат компани болж олон нийтэд 30 хувиа санал болгоод нэг жил болж байна. Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболдтой ярилцлаа.


-Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн таныг бизнес эрхэлсэн гэж дуулсан. Өнгөрсөн 30 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд  IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болсон нь дараагийн шинэ үе рүү орж байна гэж харж байна. Энэ хүрэхэд ямар замыг туулав?

-Компанийн хөгжлийн том шат бол олон нийтийн компани болох явдал юм. Энэ хүрээнд компани дотооддоо болон бүс нутгийн хэмжээнд бусдын итгэлийг дааж ажиллах, бусадтай хамтарч ажиллах, бизнесээ ил тод явуулах, засаглалын зохистой харилцааг хөгжүүлж ажиллах зэрэг томоохон суурь үзүүлэлтүүдийг  түүхийн явцдаа бий болгон хөгжүүлж ирдэг. Энэ хөгжлийнхөө томоохон шатыг  бид давж чадлаа. 21-р зуунд худалдаа арилжаа,  санхүүгийн бүтэц энэ бүхэн илүү ардчилсан чөлөөт болж байна.  Энэ хэрээр компанийн  хөгжил  улс орон дамнасан бүс нутгийн болж өргөжин тэлж байна. Хөрөнгө оруулагчдын хандлага ч өөрчлөгдөж байна. Ялангуяа манай уул уурхайн салбар гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Үүнийг дагаад уул уурхайд тулгуурласан нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрүүдийн хөгжлийн ирээдүй энэ бүхэн рүү чиглэгдэж байгаа.

Манай улсын болоод дотоодын компаниудын хөгжил мөн ард иргэдийн санхүүгийн боловсрол, хуримтлал зэрэг олон хүчин зүйлээс компанийн хөгжил шалтгаалдаг. Үүний томоохон хэлбэр болох  монголын банк санхүүгийн  салбарын зах зээлээс хөрөнгийн зах зээл рүү шилжих шилжилтэд өнгөрсөн хоёр жил маш том хувьсгал хийж чадлаа. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж үүнд маш амжилттай ажиллалаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үндэсний үйлдвэрүүд технологид суурилагдсан компаниуд мөн даатгал, санхүүгийн чиглэлийн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа нь маш олон тулгуурт бодлогыг хөгжүүлэх том суурь нь болж байна. Манай компанийн хувьд ч гэсэн зөвхөн бүс нутгийн хэмжээнд бус төв Азидаа экспортлогч улс болох  өөрийн технологийн шинэчлэлийг өндөр хэмжээнд хийж, өрсөлдөх чадвараа урт хугацаандаа хадгалах, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг дааж ажиллах, компанийн засаглал, ил тод байдлыг өндөр хэмжээнд хангаж ажиллахыг зорьж байна. Энэ бүхэнтэй уялдуулан бүтээгдэхүүнийхээ нэр төрийг нэг салбараас бус олон салбарт тулгуурлах өөрсдийнхөө эрсдэл, хөгжлийн концепцуудыг 20 жилээр харж хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг зөвхөн арилжаагаар биш урт хугацаанд өгөөжөө өгч чадах эдийн засгийн бүтэцтэй, ашиг орлоготой, бүс нутгийн хэмжээний технологийн компани болоход томоохон сорилтуудыг давж ирсний нэг алхам нь IPO гаргасан явдал гэж харж байгаа.

-Есөн жилийн уйгагүй хөдөлмөрийн хүчинд IPO  гаргасан талаар та дурдсан байдаг. Том давааны цаана гарсны дараах мэдрэмжээ эргэн санавал? 

-Манай компани баялаг  үйлдвэрлэгч компанийн хувьд зөвхөн компанийн хувьцаа гаргахаас гадна бусад баялаг бүтээгч компаниудаа манлайлал болох том зорилго тавьсан. Бид ногоон зам татах нь чухал. Хувьцаат компани болно гэдэг бол  мөнгө босгох асуудал биш, энэ бол компанийн хөгжлийн  нэг үе шат. 21-р зуунд компанийн насжилт хийж байгаа бүтээгдэхүүнийхээ хөгжлийг харах юм бол ямар ч  компани  IPO гаргах алхам руу ойртох ёстой. Бид IPO гаргахын тулд тэртээ есөн жилийн өмнөөс оролдлого хийсэн. Сүүлийн таван жил өөрсдийгөө бэлтгэсэн. Компанийн хамт олон удирдлагын багийн сэтгэлзүй тус зах зээлд бэлэн байх нь чухал. Хөрөнгө оруулагчдад наад зах нь 10-20 жилийн өгөөжийг харуулж чадах бодит төлөвлөгөөнүүдээ боловсруулж чадсаны үндсэн дээр IPO гаргах эрмэлзэл, эр зоригоо илэрхийлэх ёстой. Нээлттэй компани болсноор монголын нийгэм эдийн засгийн өгөөж дээшлэх цаашлаад бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар сайжирна гэдэг том агуулгаар нь харуулахыг хичээн ажиллах хариуцлага бидэнд оногдсон. Үүнийг дагаад компанийн санхүү, бүтэц, гүйцэтгэх удирдлага, харуул хамгаалалтаасаа эхлээд бүгд дахин шинэ үе шат, шинэ хариуцлага, шинэ хөдөлмөрийн харилцаанд орж байгаа явдал нь компанийг цаашид үр дүнтэй урт хугацаанд ажиллах том үүрэг  бий болж байгаа юм. Хөрөнгө оруулалтын компаниудын хандлага  ч өөрчлөгдөж байна. Анх манай компани 15 хувьд IPO гаргаж байсан бол өнөөдөр 30 хувь болгосон нь компанийн хөгжилд маш том түлхэц болж өгсөн. Өнөөдөр бидний хөрөнгө оруулалтын үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх, айл бүр аюулгүй орчинд амьдрах шинэ боломж нээгдэх зэрэг олон асуудлыг шийдэхэд хувь нэмэр болно гэж харж байна.

– Сүүлийн 27 жилийн хугацаанд 20 гаруйхан компани IPO хийсэн. Компаниуд хувьцаа гарган амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-IPO  гаргах, хөрөнгө оруулалт татах гэдэг бол зургаан сар эсвэл нэг жилийн ажил биш. Компани эхлээд өөрийнхөө хөгжлийн зураглал, сууриа маш сайн хийсэн байх ёстой. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчдын итгэлийг  доод тал нь 10-аас дээш жил даах хэмжээний чадамж суухын тулд компани улс орныхоо хэмжээнд нэр хүнд, бүтээгдэхүүнийхээ загвар дизайн,  брэнд болох зэрэг энэ бүх чадамжаа бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Ялангуяа үндэсний үйлдвэрлэгч технологийн компанийн хувьд ноу-хау инновацийн шийдлүүдээ  эзэмшсэн байх, энэ төрлийн мэргэжлийн боловсон хүчнүүдээ бэлтгэсэн байх, сургалтын том баазтай байх, дэлхийн түвшний том тоглогчидтой хамтарч тоглосон байх зэрэг эдгээр нөхцөлийг компанидаа бүрдүүлж байж олон нийтийн итгэлийг хүлээнэ.  Юуны түрүүнд маш сайн бэлтгэлээ базаах хэрэгтэй. Зөвхөн мөнгө босгохдоо бүх анхаарлаа хандуулж болохгүй. Тухайн босгосон хөрөнгө оруулалтаараа компанийнхаа хөгжлийг урт хугацаанд харж чадах хэрэгтэй. Орчин үед бизнесийн философи өөрчлөгдөж байна. Тиймээс цаг үедээ нийцсэн бизнесийнхээ загварыг гаргаж энэ нь  дэлхийн нийтийн технологид тавигдаж буй шаардлагуудад ойртох нь маш чухал. Үндэсний үйлдвэрлэгчид энэ зах зээл рүү ороход дор хаяж 2-2.5 жилийн бэлтгэл хангах нь IPO  амжилттай гаргах  суурь үндэс нь болдог гэдгийг бидний туршлага харууллаа.

-IPO амжилттай гаргахад компанийн нөөц, чадавх  бэлтгэлээс гадна нөгөө  талаас хөрөнгө, санхүүгийн зах зээл хамааралтай.  Одоо IPO гаргахад тохиромжтой цаг мөн үү?

-Монголын хувьд тохиромжтой үе шат нь ирсэн. Яагаад гэвэл манай улс зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд монголчуудын хуримтлал сайжирч, гадна, дотнын хөрөнгө оруулагчид монголыг зөвхөн уул уурхайгаар харахаа больсон. Монголд  үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнүүд Ази, Америк, Европын зах зээлд өрсөлдөх боломж нь бүрдэж байна. Хажууд хоёр хүчирхэг хөрш байна. Тиймээс хөрөнгө оруулалт татаж үйлдвэрлэл явуулбал, Хятад, Оросын зах зээлд гарах боломжууд бидэнд  байна. Харьцангуй либерал эдийн засагтай манай улсад  хөрөнгө оруулалтууд татах таатай орчин бий болсон гэж хувьдаа хардаг.

-“Эрдэнэс Тавантолгой” компани нийт хувьцааныхаа 30 хувийг гадаадын хөрөнгийн биржид арилжаалах бэлтгэл ажлыг хийж байгаа. Гэхдээ үүнд мэргэжлийн хүмүүс болгоомжтой хандаж байгаа¬гаа илэрхийлсээр байна. Таны хувьд?

-"Эрдэнэс Тавантолгой” компани  IPO амжилттай гаргаасай гэж хүсч байна.  Дээр хэлсэнчлэн 21-р зууны бизнесийн загвар модель өөр болсон.

Хувьцаат компаниуд илүү амжилттай ажиллана гэдэг чиг хандлагыг дэлхий шаардаж байна. Тийм учраас бид төв Азидаа, цаашлаад дэлхийд тоглогч болъё гэвэл дэлхийн бизнесийн зарчмаар ажиллах ёстой. Үүнд хүрэх хамгийн том алхам бол гаднын хөрөнгө оруулагчдыг татах, олон нийтэд нээлттэй компани болж бүс нутгийн хэмжээнд компанийн өрсөлдөх чадамжаа  дээшлүүлж энэ хэрээр өгөөжтэй ажиллах боломж суурь тавигдана. Өөрөөр хэлбэл хөгжье, дэвшье гэж байгаа бол IPO гаргахад тэмүүлэх л хэрэгтэй.

 -Хөрөнгийн зах бол төсөлтэй хүнийг мөнгөтэй хүмүүстэй холбодог дэд бүтэц гэж хэлдэг.  IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болно гэдэг мэдээж хариуцлага улам нэмэгдэнэ.  Та өөр ямар шинэ инноваци, технологи Монголдоо нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

-Ирээдүйгээ илүү хол харж байна. Компанийнхаа бүтээгдэхүүн, инновацийг сайжруулахын тулд нэг салбараас үл хамааран олон салбарт  шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох. Зөвхөн барилгын бус эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийг хамрахын тулд бүтээгдэхүүнийхээ хувьсах чадамжийг өндөрсгөхийг зорьж байна. Ингэхдээ компанийнхаа технологи, инноваци хөгжлийн асуудлуудад тодорхой хэмжээний  хөрөнгийг зарцуулж байж туршилт, сорилтуудтай  нүүр тулна. Мөн шинжлэх ухаан ч  байх тал дээр эрдэмтэн багш нартай хамтарч ажиллах, эрдэм шинжилгээний байгууллагууд, Их, дээд сургуулиудын  Эрдмийн зөвлөлтэй хамтарч ажиллах, оюутнуудыг дадлагажуулах зэрэг энэ бүхэнд компанийнхаа хөгжлийг  өргөн  хүрээнд тавьж байна. Үүнтэй уялдуулан баялаг бий болгож байгаа ажилчдынхаа нийгмийн асуудал, инженер техникийн мэргэжилтнүүдийнхээ чадвар мэдлэгийг дээшлүүлж дахин сургалтад хамруулах, ижил төстэй үйлдвэрүүдэд дадлага хийлгэх гэх мэт томоохон цар хүрээтэй ажлууд далайцтай хийгдэнэ.

-Таны хувьд бизнесийн салбараас олж авсан хамгийн том сургамж нь юу байв?

-Сургамж гэхээсээ илүүтэй бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд өөрсдийгөө өөрчилдөг, хөгжүүлдэг байх ёстой. Бизнесийнхээ 30 жилийн амжилтын замналд би өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, өөрийгөө үргэлж өөрчилж ирсэн маань амжилтад хүрэхэд гол  үзүүлэлт болж чадсан.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хувь нэмрээ оруулж байгаа хүний хувьд асуухад, нийслэлчүүдийн толгойн өвчин болсон утааны улирал ирж  байна. Агаарын бохирдолтой тэмцэхэд хамгийн зөв гарц нь юу вэ?

-Дулааны алдагдлаа бууруулах явдал юм. Бид өвлийн хүйтэнд ноосон цамц, өмд өмсдөгтэй адил байшингаа дулаалж эрчим хүчний алдагдлаа бууруулах хэрэгтэй. Энэ хэрээр нүүрс, цахилгаан хэмнэнэ. Ингэснээр зөвхөн агаарын бохирдол буураад зогсохгүй тухайн айл өрхийн эдийн засагт хэмнэлттэй зөв шийдэл. Үүнийг бид зөвхөн хийгээгүй, дэлхий  нийтээрээ хийж байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж