Япон улсын Токио хотод өнөөдөр /2018.09.25/ цагдаагийн ажилтнууд 49 настай эмэгтэйг баривчилжээ. Учир нь тэрбээр метроны буудал дээр зоосоор ажилладаг түгжээтэй шүүгээнд өөрийн төрсөн нярайг хаяж өнгөрсөн таван жилийн хугацаанд хадгалж байсан аж.
Есдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 11.00 цагт гэмт хэрэгтэн өөрийгөө буруутай гэдгээ илчилсэн бөгөөд цагдаагийн ажилтнууд Тайто дүүрэгт орших Үгүсудани буудалд 200 иенээр ажилладаг шүүгээнээс гялгар уутанд баглан хаягдсан нярайг олжээ. Холбогдох ажилтнууд нярайн хүйсийг он удаан жил явагдсан ялзралтаас болж таньж чадаагүй байна.
Одоогийн байдлаар гэмт хэрэгтнийг хүүхэд хаясан мөн цогцос нуун дарагдуулсан хэргээр баривчлан саатуулаад байгаа аж.
“Надаас амьгүй хүүхэд төрөхөд би биеийг нь яах учраа олохгүй сандарсан. Өнгөрсөн хугацаанд би түгжээтэй шүүгээний төлбөрийг төлсөөр л байсан” гэж гэмт хэрэгтэн байцаагдаж байхдаа мэдэгджээ.
Урьд өмнө нь Японд иймэрхүү хэрэг нэг бус удаа тохиосон. Сайтама мужид Сакадо хотын Кити-Сакадо буудалд үүнтэй адил хэрэг өнгөрсөн наймдугаар сард бүртгэгдэж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASAHI, JAPAN TIMES
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ