Өмнөд Солонгост сүүлийн хоёр өдрийн дотор хоёр BMW маркийн машин шатсан тохиолдол гарчээ. Тодруулбал, шатсан хоёр машин хоёулаа BMW 520d маркийн дизель хөдөлгүүртэй машин байсан бөгөөд Германы автомашин үйлдвэрлэгч BMW компанийн эргүүлэн татах автомашинуудын жагсаалтад орсон байжээ.
Эхний машин даваа гаригийн үд дунд Сөүлээс зүүн тийш 180 километрийн зайд орших Пёнчанд явж байхдаа шатсан гэж орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Машин маш богино хугацаанд шатаж гал сөнөөгчид ч мөн шуурхай ажиллаж 10 минутын дотор галыг унтрааж жолоочоос гадна гэр бүлийн гурван гишүүнийг машинаас эсэн мэнд гаргаж чаджээ.
Ням гаригт Сөүлээс 415 километрийн зайд орших Сунчоны хурдны зам дээр мөн л BMW 520d маркийн машин шатлаа гэсэн мэдээ хурдны замын эргүүлийн ажилтнаас иржээ. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Энэ жил BMW компани 100 гаруй мянган автомашинаа эргүүлэн татахаар болсон юм.
Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: koreatimes.co.kr
Холбоотой мэдээ