С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг жирийн дэглэмтэй ангид шилжүүлсэн тухай мэдээллийг эх сурвалж няцаалаа. Хэвлэлд дурдсанаар тэднийг Хууль зүй, дотоод хэогийн сайд Ц.Нямдоржийн шийдвэрээр жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлсэн тухай мэдээлсэн байсан юм.
Хуулиараа Хууль зүй, дотоод хэргийн сайдад яллагдагчийг ямар хорих ангид ял эдлүүлэхийг шийддэг эрх мэдэл байдаггүй аж. Харин шүүхээс яллагдагчид ял оноохдоо аль хорих ангид ял эдлэх вэ гэдэг шийдвэрийг гаргадаг байна. Тодруулж хэлбэл, шүүхээс гаргасан шийдвэрт заасны дагуу яллагдагчийг хорих ангид нь шилжүүлж, ялыг эдлүүлдэг аж.
Мөн шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар чанга дэглэмтэй хорих анги, жирийн дэглэмтэй хорих анги гэсэн хэллэг халагдаж, хаалттай хорих анги, нээлттэй хорих анги болж, өөрчлөгджээ.
Эргэн сануулахад С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулан, дээр нэр дурдсан гурван яллагдагчид 21-24 жилийн хорих ял оноосон байдаг бөгөөд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар хаалттай дэглэмтэй 429 , Т.Чимгээ 407 дугаар хорих ангид ял эдэлж байгаа аж.
Г.ХОРОЛ