“Цалинг нэмэх боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

“Цалинг нэмэх боломжгүй”

Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас  цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар тодрууллаа.

-Эмч багш нар цалинг 30 хувиар нэмэхийг  шаардан яг  одоо Төрийн ордны гаднаа жагсч байна. Гэтэл  2015 онд цалин тэтгэвэр нэмэх боломжгүй гэдгээ Шийдлийн Засгийн газар  зарласан.  Эмч, багш нарын  шаардлагыг хангах боломж бий юу?

-Орлого, зарлагаа хэдийгээр 900 тэрбумаар бууруулсан ч ирэх онд бараг 900 тэрбум орчим төгрөгийн дотоод бонд гаргахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Эдийн засгийн чадамж  маань ийм байна. Гэтэл өмнө нь эдийн засгийн өсөлтийг  дэлхийд байхгүйгээр өслөө гээд, баахан халамжийн мөнгө тараачихсан шүү дээ. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Миний хувьд УИХ-ын гишүүн байхдаа төсвийг гүйцэтгэлтэй нь уялдуулж төлөвлөхгүй байгаагаас маш олон иргэн, аж ахуй нэгжийг хохирч байгааг байнга сануулж байсан. Өнөөдөр 900 тэрбумыг зарлага бууруулчихаад байхад  дахиад 900 тэрбумын алдагдал хүлээх нь. Монгол Улсын маань төсвийн бүтэц их төвөгтэй. Төсвийн нийт орлогын 60 хувийг зөвхөн цалин, тэтгэвэр, халамжид    үлдсэн 40 хувиар бусад байгууллагууд  хувааж зарцуулж байна. Хэрэв  одоогийн  нөхцөл байдалд цалин тэтгэврийг 30 хувиар  нэмбэл төрийн байгууллагуудад  зарцуулах мөнгө үлдэхгүй, ганц халамжид түшиглэсэн улс болно. Өнөөдөр эмч, багш нар цалинг 30 хувиар нэмэхийг шаардан жагсч байна. Хэрэв ингэж  нэмбэл нэг их наяд төгрөг шаардлагатай. Нэг их наяд төгрөг гэдэг бол нийт төсвийн 20 хувь. Тэгэхээр төсвийнхөө 80 хувиар цалин, тэтгэврээ тавьчихаад үлдсэн 20 хувиар нь төсөвт байгууллагынхаа урсгал зардал, үйл ажиллагааны  санхүүжилтийг хийж таарах нь.  Ийм бололцоо байхгүй. Одоогийн эдийн засгийн боломжиндоо таарсан  тодотгол оруулж ирсэн. Хэвлэл мэдээллээр эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг хаслаа гэж шүүмжилж байна. Бүх салбарт тэвчиж болох  зардлыг  бууруулсан болохоос  зорилтот бүлэгтээ чиглэсэн халамжийг  бол хасаагүй.

-Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөнөөс хэдий хэмжээний төгрөг хасагдаж  байгаа вэ?

-Хүүхдийн мөнгөнөөс 90 тэрбум, нийт  халамж, тэтгэвэр тэтгэмжид олгодог мөнгөөс 30 орчим тэрбум төгрөг  танагдана. Энэ бол 900 тэрбумын багахан хувь нь.

-Таныг буруу зүйлд гарын үсэг зурсан гэж Ц.Нямдорж гишүүн  шүүмжилж байна лээ. Нам эвслүүд энэ тал дээр тохиролцоонд хүрч чадсан юмуу?

-Би  МАН-ын гишүүн, Засгийн газрын гишүүн. Тийм учраас танхимынхаа зарчмыг барих ёстой. Өнөөдрийн байдлаар Засгийн газар шийдвэр гаргаагүй, төсөл өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа асуудал. Хэлэлцүүлгийн  үеэр намын бүлгүүд  ярилцаад шийдвэрээ гаргана.

Өрийн таазыг 70 хувьд хүргэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн үү?

-Эдийн засгаа  тодорхой хэмжээнд сэргээх хэрэгтэй гэж  үзэж байгаа. Өмнө нь өр тавьж авсан хөрөнгийн эх үүсвэрийг замбараагүй  зарцуулсан. Хоёрдугаарт эдийн засгаа түргэн  хугацаанд сэргээх зүйлд  зарцуулж чадаагүй гэсэн болгоомжлол байгаа. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаан нэмж өр тавьбал бонд гаргахгүйгээр жилийн 2 хувь хүрэхгүй хувийн хүүтэй зээл авах боломжтой. Зарцуулалт нь эдийн засгаа тэлсэн бодлого байх ёстой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын баталгаа. Хувийн хэвшлээ дэмжих Засгийн газрын баталгаа  гаргах бололцоо  алга. Одоо баталгаа гэж яригдаад байгаа 2.6 их наяд төгрөгөөр дандаа орон нутгийн өмчит болон төрийн өмчийн компаниудад баталгаа гаргасан байна. Бид эдийн засгаа тэтгэхийн  тулд хувийн хэвшлээ дэмжих ёстой. Өнөөдөр  Монгол Улсын  Засгийн газар, гадаад нэр хүнд ямар байгаа билээ. Засгийн газар нь зээл авахад зээлийн үйлчилгээний төлбөр нь өсчихсөн байна. Хувийн хэвшлийн нэг компани гадны санхүүгийн байгууллагаас зээл авахад Засгийн газраасаа илүү өндөр үнээр авна. Тиймээс  ядаж Засгийн газрын түвшинд зээл авах бололцоог нь бүрдүүлээд  Засгийн газар нь баталгаа гаргаад өгье  л гэдэг зүйл ярьж байгаа. Засгийн газрын баталгаа гэдэг шууд өр биш.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж