IPO гаргасан компаниудын "акулууд" зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

IPO гаргасан компаниудын "акулууд" зөвлөж байна

IPO гаргасан компаниудын "акулууд" зөвлөж байна

Сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болсон аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2018.09.25/ Санхүүгийн зохицуулах хороо (Хороо) зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад 2017 оны 9, 10 дугаар сард хувьцаагаа гаргасан “Ай түүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, “Анд энерги” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхбаяр, 2018 онд үнэт цаасаа бүртгүүлсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ын дарга Л.Ариунболд, “Ард даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар оролцож, ХХК-аас ХК болж шинэчлэгдэх үйл явцад гарсан алдаа, оноогоо хэлэлцэв. Уулзалтыг Хорооны Үнэт цаасны газар (ҮЦГ)-ын дарга Б.Лхагвасүрэн удирдан явуулж, Даатгалын газар (ДГ)-ын дарга М.Өлзийбат, Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын орлогч дарга Б.Долгорсүрэн нар ХК-уудын удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгөв.

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, цаашлаад хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулахад түлхүү анхаарал хандуулж байгаа аж.  Өнөөдрийн байдлаар Хорооноос үнэт цаасны арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа гурван бирж байгаа нь Хөдөө аж ахуйн бирж, Монголын үнэт цаасны бирж, Монголын хөрөнгийн бирж гэнэ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаас гаргагчийн үнэт цаасыг бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг Хороо олгохоор заасан бөгөөд үнэт цаасыг бүртгэхдээ Хороо хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, засаглал, тайлагналын ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн бодлогын зарчмыг баримталж байгаа юм. Тухайлбал, олон нийтэд санал болгож буй үнэт цаасны хувь хэмжээг 25 хувиас дээш байлгах, татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг салбарын онцлог, үр ашиг, бизнес төлөвлөгөөтэй уялдуулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэхгүй, эрх ашгийг нь хохироохгүй байх, энэ талаар үнэт цаас гаргагч болон андеррайтерт хатуу шаардлага тавих, санхүүгийн тайлагнал, хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, нэгж хувьцааны үнийг бодитой тогтоолгох болон бусад журам, дүрмийн нийцлийг хангах зэрэг болно. Энэ нь уг хувьцааны цаашдын төлөв, хөрвөх чадвар тогтвортой байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, зах зээлийн идэвх, өрнөлийг сайжруулахад ихээхэн чухал болохыг уулзалтад оролцогчид онцолсон юм.

Он гарсаар, банк бус санхүүгийн салбарын нэг, даатгалын салбарын хоёр аж ахуйн нэгж IPO гаргажээ. Энэ нь банкнаас бусад санхүүгийн салбаруудын өөр хоорондын үйл ажиллагааны уялдаа, нэгдмэл, уян хатан байдал тухайн салбарын өсөлт, хөгжлийн нэг хүчин зүйл болно гэж Хорооны бодлогын зохицуулалтын үр дүн болохыг уулзалтад оролцогчид онцолж, салбар хоорондын уялдаа холбоо нь санхүүгийн үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын шинэ нөхцөл шаардлага бий болгож буй талаар зөвлөж ярилцлаа.

Ингээд 2017 онд хувьцаагаа гаргасан компанийн төлөөллөөс байр суурийг нь сонслоо.

“Ай түүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир:

Санхүүгийн зохицуулах хороо манай компанийн хувьцааг бүртгэхээс татгалзсан хариуг эхний удаад  өгсөн. Үүний дараа бид нэлээд анхаарч ажилласан. Ингээд 2017 оны арваннэгдүгээр сард албан ёсоор хувьцаат компаниар бүртгэгдэж өнөөдөр хувьцаат компани гэдэг статустай үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тухайн  компани IPO гаргахын тулд цаг хугацааны нөхцөл, үйл ажиллагааны нөхцөл, нийгмийн нөхцөл суурь бүрдэнэ гэж байдаг. Эдгээр нөхцөл манай компанид 2017 онд бүрдсэн гэж тодотгож болно. Нэгдүгээрт, өмнөх алдаанаас суралцсан, хоёрдугаарт манай зах зээл өөрөө IPO-г хүсч байсан. Эрэлт нь бий болчихсон, зах зээлд эргэлдэж байгаа 96 хувь нь банк санхүүгийн байгууллагуудаар эргэлдэж байгаа бол үлдсэн дөрвөн хувийг хэрхэн идэвхжүүлэх үү гэдэгт анхаарах шаардлага тулгарсан. Эдийн засаг мөн хэрээр сэргэж байсан. Нөгөө талд компанийн зорилго, зорилт, СЗХ-ны дэмжлэг, үнэлэлт дүгнэлтийн үндсэн дээр манай компани IPO амжилттай гаргасан. Зах зээлд IPO санал болгох гэж  байгаа компани бол тухайн цаг үеэ сайтар мэдрэх мэдрэмж, судалгаа шаардлагатай  гэдгийг хувиасаа зөвлөмөөр байна.

"Анд Энерги ХК-ийн төлөөлөл Д.Мөнхбаяр:

Мэргэжлийн хөрөнгө оруулагч, жижиг хувьцаа эзэмшигч хоёрын ялгааг тодруулахад тэрбээр манай компани хөрөнгийн зах зээлд гарснаар компанийн засаглал сайжирсан. Өнөөдөр  лед гэрлийн үйлдвэрлэлийн зах зээлээс  хөрөнгө татах  зах зээлээ судалж  салбарынхаа зах зээлд ойролцоогоор 35-36 тэрбум төгрөгийн зах зээл байна гэдгийг судалсан. Үүний зорилтот зах зээлд хүрэхийн тулд  тоног төхөөрөмж шаардлагатай  болох тооцооллоо гаргаж 1.5 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтыг  зорьсон. Хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцаа маань амжилттай борлогдсон. Богино хугацааны тоглогчид харьцангуй бага, дандаа урт хугацааны хөрөнгө оруулагчид байгаа нь ажиглагддаг. Анх 69 төгрөг хүрч өнөөдрийн байдлаар 37 төгрөгийн ханшийн уналттай байгаа. Санхүүгийн тайлангаа сар бүр гаргадаг. Урт хугацааны хөрөнгө оруулагчид тухайн компаниасаа хэдий хэр хэмжээний ашиг хүртэх үү гэдгээ харж байдаг учир тайлангаа тогтмол гаргадаг байх ёстой.

“Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд:

Манай компани баялаг  үйлдвэрлэгч компанийн хувьд зөвхөн компанийн хувьцаа гаргахаас гадна бусад баялаг бүтээгч компаниудаа манлайлал болох том зорилго тавьсан. Бид ногоон зам татах нь чухал. Үнэт цаасны газар, СЗХ-той хамтран ажилласны үр дүнд бид хувьцааныхаа өсөлт, бодит үнэлгээг зах зээлийнх нь бодит үр дүн рүү дөхүүлсэн. Манай компани боломжоо болон цаг хугацаа бусад зүйлээ оновчтой ашиглаж чадсан гэж дүгнэж байгаа. Хувьцаат компани болно гэдэг бол  мөнгө босгох асуудал биш, энэ бол компанийн хөгжлийн  нэг үе шат. 21-р зуунд компанийн насжилт хийж байгаа бүтээгдэхүүнийхээ хөгжлийг харах юм бол ямар ч  компани  IPO гаргах алхам руу ойртох ёстой. Бид IPO гаргахын тулд тэртээ есөн жилийн өмнөөс оролдлого хийсэн. Сүүлийн таван жил өөрсдийгөө бэлтгэсэн. Компанийн хамт олон удирдлагын багийн сэтгэлзүй тус зах зээлд бэлэн байх нь чухал. Хөрөнгө оруулагч нар наад зах нь 10-20 жилийн өгөөжийг харуулж чадах бодит төлөвлөгөөнүүдээ боловсруулж чадсаны үндсэн дээр IPO гаргах эрмэлзэл, эр зоригоо илэрхийлэх ёстой. Нээлттэй компани болсноор монголын нийгэм эдийн засгийн өгөөж дээшлэх цаашлаад бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар сайжирна гэдэг том агуулгаар нь харуулахыг хичээн ажиллах хариуцлага бидэнд оногдсон. Үүнийг дагаад компанийн санхүү, бүтэц, гүйцэтгэх удирдлага, харуул хамгаалалтаасаа эхлээд бүгд дахин шинэ үе шат, шинэ хариуцлага, шинэ хөдөлмөрийн харилцаанд орж байгаа явдал нь компанийг цаашид үр дүнтэй урт хугацаанд ажиллах том үүрэг  бий болж байгаа юм. Цаашлаад аж үйлдвэр, техник технологийн салбарынхан маань IPO гаргахад өөрсдийгөө бэлдэж  энэ зах зээл рүү орж ажиллахыг уриалж байна.  Хөрөнгө оруулалтын компаниудын хандлага  ч өөрчлөгдөж байна. Анх манай компани 15 хувьд IPO гаргаж байсан бол өнөөдөр 30 хувь болгосон нь компанийн хөгжилд маш том түлхэц болж өгсөн.

"ЛэндМН" ХК-ийн  ТУЗ-ийн дарга О.Болдбаатар:

-Бид олон улсын жишгийг дагаад ард иргэдэд илүү хувь эзэмшүүлэх, үүнийг дагаад байгууллагын засаглалд олон нийт оролцоно гэдэг утгаар бид 25 хувийг IPO гаргасан. Үнэлгээний хувьд хямдралтай үнээр өгөх бодлого баримталсан. Эргээд харахад энэ нь зөв шийдвэр байсан. Бид нэгж хувьцааг 25 төгрөгөөр гаргасан. Өнөөдрийн байдлаар 66 төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр зургаан сарын дотор нэг хувьцааны үнэ 2,5 хувь нугараад явж байна.

“ЛэндМН"  ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал:

Манай компанийн онцлог нь өөрөө   IPO гаргахад нөлөө болсон. IPO гаргаснаар  Монголын хөрөнгийн зах зээл дээр байгаагүй олон захиалгыг авч чадсан.  Нөгөө талаас байгууллагаас гадна иргэд маань хөрөнгийн зах зээлийг сонирхож орж ирэх боломж бүрдэж байна гэж хэлмээр байна. Тиймээс  иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг  дээшлүүлэх шаардлага тулгарч байна. Манай компани IPO гаргахаасаа өмнө ч тэр үйл ажиллагаа олон нийтэд нээлттэйгээр тайлагнадаг  онцлогтой. Бид санхүүгийн тайлангаа хэзээ ямар хугацаанд тайлагнах уу гэдгээ олон нийтэд урьдчилан гаргадаг байгаа.  Энэ нь хувьцаат компанийн хувьд хариуцлагаа ухамсарлаж байгаа хэлбэр юм.

-“Мандал” даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан:

“Мандал” даатгал ХК  IPO гаргасан ч өнөөдрийг хүртэл хийж байсан ажлаа үргэлжлүүлээд хийнэ. Бид татан төвлөрүүлээд илүү их мөнгөтэй болчихлоо гээд захирлынхаа машиныг томруулаад, оффисоо солиод, цалингаа нэмэгдүүлнэ гэж байхгүй. Урьд нь яаж хийж байсан тэр хэвээрээ л ажиллана. Даатгалын салбар IPO нээнэ гэдэг нь зах зээлийн дэвшил юм. Үүний нэг хэсэг болж байгаад баяртай байна. Санхүүгийн зах зээлийн тулгуур гурван багана нь  банк, даатгал, хөрөнгийн зах зээл юм. Банк хангалттай хөгжсөн байхад даатгал, хөрөнгийн салбар хангалттай хөгжөөгүй байдаг. Тэгэхээр даатгалын компани IPO гаргаж байгаа нь хөгжлийн нэг түүчээ гэж харж байна. Яагаад гэвэл даатгалын салбар томорч байж мэргэжлийн хөрөнгө оруулагч болно. Хөрөнгийн зах зээл дээр том худалдан авагч болж чадвал том хөрөнгө оруулалт хийнэ. Ийм зүйлийг олж харж, даатгалын компанийн IPO-г дэмжиж ажилласан Санхүүгийн зохицуулах хорооныхондоо талархах ёстой болов уу. Бид IPO гаргах явцад манай хүн хүч суралцаж байна. Энэ үеэ эргээд дурсахад том үсрэлт хийжээ. Манайд хөрөнгө оруулсан 860 хүн байгаа. Тэгэхээр манай компани олон нийтийн өмч болсон гэсэн үг. Энэ олон хүний итгэл даах, хариуцлага хүлээнэ гэдэг их чухал.

“Ард”  даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах:

-“Ард” даатгал” ХК IPO хийнэ гэж 2017 оны 9 сараас ярьж байсан. Хүсэлтээ 5 сард гаргасан. Бэлдэх ажил их байдаг юм байна. Даатгалын 95,3 хувийг “Ард санхүүгийн нэгдэл” эзэлдэг. Манайх нийт 3500 хувьцаа эзэмшигчтэй, хаалттай хувьцаат компани юм. Тэгэхээр тэр олон хүний итгэл дааж ажиллаж байгаа учраас нээлттэй хувьцаат компани болох нь зөв гэж үзсэн. Олон улсын зах зээл дээр даатгалын компани хамгийн том хөрөнгө оруулагч байдаг. Үүнд чиглэсэн анхны алхам юм. Зарим үед хорооноос баталсан журам чанга байдаг.  Зарим журмыг  сулруулж өгөхийг хүсмээр байна.

Хорооноос цаашид ийм уулзалтыг тогтмолжуулж, үнэт цаасны болон бусад санхүүгийн салбарын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар зах зээлд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж байхаар тогтлоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж