Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башёд Их аварга Хакухо М.Даваажаргал уналгүйгээр 15 даван 41 дэх түрүүгээ авсан. Японы сумо бөхийн домогт Тайхо аварга 32 удаа түрүүлж байсан. Ёкозуна Хакухо 41 удаа түрүүлэхдээ 14 т нь ганц ч уналгүй түрүүлж, дээд зиндааны 1001 дэх даваагаа авсан билээ. Тэгвэл Хакухо аварга өчигдөр /2018.09.24/ эх орондоо ирсэн бөгөөд өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын даргатай уулзсан юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
–Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ удаагийн башё онцгой сайхан барилдаан боллоо?
-Энэ жил гэмтэл бэртэл ихтэй, аав маань бурханы оронд заларсан сэтгэл санааны байдал сайнгүй байсан. Есдүгээр сарын башё эхлэхийн өмнө бие сайн байгаагүй ч башё эхлээд бэлтгэл сэргээд эхэлсэн. Олон сайхан рекорд, 13 жил дараалан түрүүлж байгаа бөх байгаагүй юм билээ. 22 настайгаасаа аварга болоод ялсан даваа маань 800 болж, 19 настайдаа дээд зиндаанд гараад давсан даваа нь 1000 хүрч, босоо барилдсаар тэнгэрт хүрсэн аавдаа том амжилттай, сайхан мэдээтэй ирлээ.
-41 түрүүлэхдээ ганц ч унаагүй түрүүлсэн бас нэг рекорд эвдсэн шүү дээ?
-Би одоо босоо түрүүлсэн, маш олон түрүүлсэн гэсэн хоёр гиннесийн сертфикаттай болсон. Цаашид ч энэ рекордуудаа эвдээд явна.
–Нутагтаа хэд хонох вэ, ойрын үед ямар ажлууд төлөвлөж байна вэ?
– Хэд хоног эх орондоо амарч, аавын маань үүсгэн байгуулсан Их шавь дэвжээний шинэ цогцолборын шавь тавих ёслол есдүгээр сарын 27-нд 11.00 цагт болох ёслод оролцоно. Өнөөдөр УИХ-ын дарга миний гаргасан амжилтыг үнэлж, хүлээн авч уулзсанд маш их баяртай байна. Би одоо 2020 оны Токиогийн олимпийн хорооны элчин сайд гэж явж байгаа. Ирэх жилүүдэд хийх ажил маш их байна даа.
-Аварга Харумофүжи удахгүй зодог тайлна. Та зодог тайлах ёслолд оролцох уу?
-Есдүгээр сарын 30-нд Харумофүжигийн зодог тайлах ёслол, даах үргээх ажиллагаа болно. Тэр ажиллагаанд оролцоно. Би есдүгээр сарын 29-нд Япон явна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ