Жолооч та өвөлд бэлэн үү? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Жолооч та өвөлд бэлэн үү?

Жолооч та өвөлд бэлэн үү?

Нутгийн ихэнх хэсгээр маргаашаас /2018.9.26/ эхлэн цас орж, хүйтрэх гэж байна. Хүйтрэхтэй зэрэгцэн жолооч нар өвлийн бэлтгэлдээ ордог. Тиймээс автомашины өвлийн дугуй, тос, масло, тосоол ямар үнэтэй байгааг сурвалжиллаа. Техникийн худалдаагаар томоохонд  тооцогдох “Өгөөмөр” захад  11.00 цагт очиход хөл хөдөлгөөн ихтэй байв.

АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ТОС 9000 ТӨГРӨГ

Бид хамгийн эхэнд автомашины тос, масло, тосоол борлуулж буй хэсэгт очив.  Худалдаа эрхлэгч Д.Энхбаяр “Манайх ихэвчлэн Солонгос бүтээгдэхүүн зарж байгаа. Одоо өвлийн тосны эрэлт эхэлж байна. Өвлийн тос нь илүү шингэн, царцалт багатай байдаг. Өвлийн тос нэг литр нь 8000-9000 төгрөг байдаг ч зургаан литртэйг нь 38 мянган төгрөгөөр зардаг. Портер, Бонго машинтай хүн зургаан литр тос авдаг. Харин жижиг тэрэгтэй хүн дөрвөн литрийг авдаг. Дөрвөн литртэй нь 25 мянган төгрөг гэдэг.  Мөн жолооч нар өвлийн бэлтгэлд тосоол авдаг. Тосоол нь гурав, тав, 10 литрээр савлагдсан байдаг. Үнийн хувьд гурван литр нь 9000, дөрвөн литр нь 14 мянга, 10 литр нь 27 мянган төгрөг гэдэг. Дунд оврын машинд 5-10 литр тосол ашигладаг” гэлээ.

ХУДАЛДАН АВАГЧИД ӨӨРСДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ИХ АНХААРДАГ БОЛСОН

Дараа нь автомашины дугуй борлуулж буй хэсэгт очиж, худалдаа эрхлэгч Ч.Түмэнжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.

-Иргэд ихэвчлэн ямар төрлийн дугуй авч байна вэ. Үнийн хувьд хэд гэж байгаа вэ?

-Өвлийн дугуйны эрэлт ихэсч байна. Иргэд ихэвчлэн “Prius-20”-ийн дугуй авдаг. Ийм машины дугуй дөрвөн ширхэг нь 140000-235000 төгрөгийн үнэтэй байна. Дугуйны хээ өндөр бол үнэ өндөр, хээ нь нам бол үнэ хямд байдаг. Ерөнхийдөө манайд 100 хувь хээтэй дугуй байдаггүй. Ихэвчлэн 90, 80, 70 хувийн хээтэй дугуй орж ирдэг. Дугуйны хээ 50 хувиас доош бол үнэ хямдарч, түүнээс дээш хувьтай бол үнэ нэмэгддэг.

-Дугуйны хээний хувийг яаж хэмждэг юм бэ?

-Дугуй болгонд дөрвөн зураастай тэмдэглэгээ байдаг юм. Түүнээс хэр өндөр байгаагаас шалтгаалан хувилдаг юм. Хээ энэ зураастай тэнцүү болсон бол 50 хувь гэж хэмждэг. Дугуйн хээ энэ хэмжээнээс нам болох тусам 5000 төгрөгөөр хямдарч, өндөр болох тусам 5000 төгрөгөөр нэмэгддэг юм.

Хээ өндөртэй буюу хувь ихтэй дугуй нь наалдах, барьцалдах чадвар сайтай. Тэр хэмжээгээр гулгалт, аваар ослоос сэргийлдэг.

-Та хэдэн жил худалдаа эрхэлж байна вэ. Энэ хугацаанд худалдан авагчдын хандлагад өөрчлөлт гарч байна уу. Ихэвчлэн хэдэн хувийн хээтэй дугуй авч байна вэ?

-Энэ зах нээгдсэн цагаас эхлэн худалдаа эрхэлж байна. Манайх Японы өвлийн дугуйг дагнан худалдаалдаг. Сүүлийн үед худалдан авагчид өөрсдийн аюулгүй байдалд их анхаардаг чанартайг нь авахыг хичээдэг болсон нь ажиглагдаж байна. Ихэвчлэн 50 хувиас илүү хээтэй дугуй  авдаг болсон. Бас ихэвчлэн дөрвөн хосоор нь авч байгаа. Урд хоёр дугуйндаа өндөр хувьтай, хойд дугуйнууддаа арай бага хувьтайг авч байна.

-Орон нутагт худалдаа эрхлэгчид танайхаас дугуй бөөндөж авдаг уу. Тэдэнд зориулан урамшуулал үзүүлж байна уу?

-Олон дугуй, 20-иос их дугуй авч байгаа тохиолдолд нэг дугуйг 10 мянган төгрөгөөр хямдруулдаг.

300 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГӨНД ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАДАГ

Өгөөмөр захаар үйлчлүүлж байгаа жолооч нарын өвлийн бэлтгэлийг “шалгав”. Жолооч А.Ариунболдоос өвлийн бэлтгэлд хэдэн төгрөг зарцуулдаг, яг ямар зүйл бэлтгэдэг талаар лавлав. Тэрбээр “Миний хувьд жил бүр өвлийн дугуй авдаг. Энэ удаад 160 мянган төгрөгөнд дөрвөн дугуй авлаа. Дугуйны хээ нь 80 хувьтай гэсэн. Эрэлт нь арай эрчимжээгүй болохоор үнэ нь гайгүй байх шиг байна.  Бас машиныхаа тос маслыг сольдог. Сайн чанарын тосыг 60 мянган төгрөгөнд аваад грааждаа  өөрөө сольчихдог юм. Тэр нь илүү хямд тусдаг. Тосоолыг хоёр жилд нэг удаа сольдог. Ингээд тооцохоор жилд 300 орчим мянган төгрөгөнд өвлийн бэлтгэлээ хангадаг” гэлээ.

ҮНИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХТЭЙ АДИЛ БАЙНА

Хоёр дугуй өнхрүүлээд явж байгаа жолоочтой таарав. Түүнийг Г.Бямбасүрэн гэх бөгөөд Сэлэнгэ аймгаас ирж өвлийн бэлтгэлээ хангаж байгаа ажээ. Тэрбээр “Миний машины урд талын дугуйнуудын хээ сайн болохоор ард талд нь тавих хоёр дугуй авлаа. Хоёр дугуйг 80 мянган төгрөгөөр авсан. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил байна. Нэлээд хүйтрээд ирэхээр тос, маслыг нь солино” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс