Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гэрээ үзэглэлээ.
Уг санамж бичгийн агуулга нь хоёр улсын жүдо бөхийн холбоо тамирчид дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх, олон улсын түвшинд бодлогын хүрээнд хамтран ажиллах тухай юм. Ирэх олимпод Монгол Улсын шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглоно. Мөн Монгол Улс зарим сул жингүүддээ тус улсаас тамирчин авч нэрийнхээ өмнөөс барилдуулах боломж нээгдэх юм. Жүдо бөхийн төрлөөр эхэлж байгаа энэ хамтын ажиллагаа цаашид хүндийн өргөлт, хоккей, байт харваа гэх мэт олон төрлүүдэд үргэлжлэх боломжтой талаар хоёр талууд ярилцлаа. Ийнхүү тамирчид солилцож хамтран ажилласнаар улсынхаа нэрийн өмнөөс олимпод оролцох боломж олддоггүй №2, 3 тамирчдад олимпын дэвжээнээ хүч үзэх боломж нээгдэх төдийгүй хоёр орны харилцаанд спорт урлагаар дамжсан найрамдалт хамтын ажиллагаа гүнзгийрч эдийн засгийн түвшинд хөгжих боломжтой юм. Санамж бичигт гарын үзсэг зурах үеэр Казахстан улсын төлөөлөгчид Монгол Улсын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад Казахстаны жүдо бөхийн холбооны нэгдүгээр одон гардуулж энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд нь баяр хүргэсэн юм.
Энэ гэрээнд олон чухал асуудал багтсаны дотор эмэгтэйчүүдийн 48кг-ын шилдэг бөх Монгол Улсын шигшээ багийн Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон явдал юм. Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн 48кг-д дэлхийн чансааг Мөнхбатын Уранцэцэг 3180 оноогоор тэргүүлж, Галбадрахын Отгонцэцэг 1258 оноогоор есдүгээрт бичигдэж байгаа.
2016 оны олимпод дэлхийд чансаагаараа эхний 22-д бичигдсэн тамирчид олимпод зодоглох эрхтэй байдаг. Г.Отгонцэцэгийн хувьд өнгөрсөн онд Москвагийн их дуулгад финалдаж мөнгөн медаль, Астанагийн Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртэж, олимпийн эрхийн чансаагаа ахиулжээ.
Нэг улсаас нэг тамирчин зодоглох учраас Монголын жүдо бөхийн холбоонд хүндхэн сонголт хийх шийдвэр ирдэг байсан билээ. Тэгвэл энэ удаад Казахстаны жүдо бөхийн холбооноос тавьсан саналыг хүлээн авчээ. Казахстаны жүдо бөхийн холбоо албан ёсоор МҮОХ-ноос зөвшөөрөл авч, МЖБХ-той холбогдох гэрээ хэлэлцлүүдийг хийж байгаа юм байна. Г.Отгонцэцэгийн хувьд хэсэг хугацаанд Монголдоо шигшээ багтаа бэлтгэл хийгээд Казахстан улсыг зорих юм байна.
Г.Отгонцэцэгийн Астанагийн Гранприд түрүүлсэн бичлэг