Эмч, багш нар цалингаа 60 хувиар нэмэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Эмч, багш нар цалингаа 60 хувиар нэмэхийг шаардлаа

Эмч, багш нар цалингаа 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардан Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна. Хөдөлмөрийн болон Сангийн яамнаас энэ салбарын цалинг 2015-2016 онуудад нэмэх боломжгүй гэж мэдэгдсэнийг ийнхүү эсэргүүцэж байгаа аж. Өнөөдрийн эсэргүүцлийн жагсаалд 10 мянган эмч, багш нар оролцоно гэж мэдэгдэж байсан ч улсын эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулийн 200-аад ажилтан оролцож байна. Жагсагчид "Цалинг 60 хувиар нэмэхийг шаардаж байна, Бид өр төлөгчид биш, Хэмнэлтийг эрх баригчид өөрсдөөсөө эхлүүлье, Эх орондоо сайхан амьдармаар байна" зэрэг лоозонг барьж, цалингаа нэмэхийг шаардаж байлаа.

 Жагсаалд оролцогчид “Эмч багш нар дунджаар 500 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ мөнгө бидний амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй, өрөө төлж дийлэхгүйд хүрээд байгаа юм. Эдийн засаг хямарсан, хэмнэлт хэрэгтэй гэж байгаа ч бид ямар өлсч  үхэлтэй биш дээ. Ойрын хугацаанд цалингаа 60 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэрэв бидний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй бол цаашид тэмцсээр байх болно. Өнгөрсөн жилийн төсөвт бидний цалинг нэмэхээр 500 тэрбум төгрөг төсөвлөсөн ч тэр мөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа” гэсэн юм.

Иргэд, олон нийтийн зүгээс эдийн засаг хямарч, 905 тэрбум төгрөгийг танахаар Засгийн газраас шийдэж, төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгох гэж буй  энэ үед ийнхүү цалин нэмэхийг шаардах нь цагаа олоогүй эсэргүүцэл гэж үзэж байгаа юм. Энэ асуудалд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Урьд өмнө нь ард иргэдийн нийгмийн асуудлыг орхигдуулсан улсын төсөв хэзээ ч батлагдаж байгаагүй. Иргэдийн амьдрал улам хүндэрч байгаа энэ үед цалинг нэмэхээс өөр зөв шийдэл байхгүй юм. Иймээс цалин нэмэх асуудалд манай холбоо онцгой анхаарал хандуулж ажиллах болно" гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж