МАХН: О.Баасанхүүг санхүүжүүлэгч бий

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

МАХН: О.Баасанхүүг санхүүжүүлэгч бий

232

МАХН: О.Баасанхүүг санхүүжүүлэгч бий

Улсын Дээд шүүх өчигдөр МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд, бүртгэсэн. Энэ асуудалтай холбоотойгоор МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, дэд дарга Ц.Оюунбаатар нар  мэдээлэл хийлээ.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:

-МАХН-ынхан шинэчлэн найруулсан дүрмээ баталснаар ардчилсан, шударга зарчмыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Цаашид Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар улс төрийн хүчин, иргэд сонгогчидтой хамтран ажиллах болно. Үндсэн хуулийн цэц сонгууль хэзээ явуулахыг заадаг газар биш.

МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж:

-Манай намын бодлого, үйл ажиллагаа олон түмэнд ил тод байна. Шинэ дүрмийн хүрээнд урьд урьдынхаас илүү сахилга хариуцлагатай шинэ түвшинд хүрч ажиллана. Зарим хүмүүс манай намын шийдвэрийн талаар өөр үзэл бодол илэрхийлж байсныг бид онцгойлон ярих шаардлагагүй болов уу. Нэгэнт Улсын Дээд шүүх намай намын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэсэн учраас бид энэ дагуу ажиллана.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цаашид О.Баасанхүү гишүүнтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-МАХН ээлжит бус Их чуулган хийхдээ хэн нэгэнд хариуцлага тооцох, хэн нэгнийг бодож хийгээгүй. Хэн нэгнийг онцгойлж ярих нь жижиг асуудал. Явцын дунд ганц нэг юм ярих хүн байсан. Гэсэн ч жингийн цуваа цааш явна гэдэг үүднээс бид ач холбогдол өгөхгүй байгаа юм.  Ер нь энэ хүмүүс хэрхэх тухайгаа мэдэж байгаа юм байлгүй. Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүний хувьд асуудал ярьсан гэсэн. Бид энэ талаар яриад байх шаардлагагүй. О.Баасанхүү 300 хүнийг цуглуулж хууль бус хурал хийснийг шүүх шийдээд өгчихлөө шүү дээ. Ер нь Төрийн ордонд шөнө хурал хийсэн асуудал бол Үндэсний аюулгүй байдал талаас ноцтой асуудал юм. Жирийн нэг хүн Төрийн ордонд орохдоо олон зөвшөөрөл авдаг. Гэтэл автобус, автобусаар хүн зөөж, хурал хийснийг бид ярих ёстой. Энэ ажлыг санаачлагч нь О.Баасанхүү гэж байгаа боловч ийм үйлдлийг өдөөн турхирдаг, санхүүжүүлдэг тодорхой хүмүүс байгаа нь тодорхой юм.

-Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан хоёр заалт нь ямар учиртай вэ?

-Шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Энэ нь намын удирдлагыг сонгоход ил болон нууц санал хураалтаар явуулах тухай юм. Үүнээс гадна Н.Энхбаяр МАХН-ын дарга хэвээр байгаа.

-Шүүхээс ял шийтгүүлж байсан Э.Эрдэнэжамьяан, З.Баянсэлэнгэ нарыг МАХН-аас хөөх үү?

-Э.Эрдэнэжамьяаныг цэвэр улстөрийн зорилгоор хэрэгт татсан. З.Баянсэлэнгийн асуудал ч шүүхээр залруулагдана гэж бодож байна.

baasanhuu

О.Баасанхүү: З.Баянсэлэнгэ архи уугаад, Ерөнхийлөгч дээр орсон

Улсын Дээд шүүх өчигдөр /2018.09.24/ МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд, бүртгэсэн. Жил гаруйн өмнөөс МАХН-ынхан хоёр хуваагдаж, Н.Энхбаяр, О.Баасанхүү гэх хоёр даргатай болсон юм. Ингээд аль аль нь дүрмийн өөрчлөлт, тамга тэмдгээ баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хандсан боловч шүүх бүртгэхээс татгалзсан билээ. Иймд МАХН-ын дарга Н.Энхбаяр ээлжит бус Их чуулган зарлаж, шүүхийн шаардлагыг хангасан шинэ дүрэм, мөрийн хөтөлбөр боловсруулж, өчигдөр Улсын Дээд шүүхэд бүртгүүлэв.


Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрбээр “ТВ-9” телевизээр нэг талыг барьсан, буруу мэдээлэл цацагдсан. Телевизээр УИХ-ын гишүүний нэр төрд халдаж байгаа учраас би үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Дээд шүүх хэвлэлээр гараад байгаа шиг ямар нэг шийдвэр гаргасан байвал Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Яагаад гэвэл Улс төрийн намын тухай хуульд Улсын Дээд шүүх зөвхөн Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд ажиллана гэсэн байдаг. Өмнө нь 2017 оны гуравдугаар сарын 13-нд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүхийг “үнэлгээтэй” гэж хэвлэлд яриа өгсөн байдаг. Тодруулбал, анхан шатны шүүх 50 мянган ам.доллар, нийслэлийн шүүх 100 мянган ам.доллар, Дээд шүүх 200 мянган ам.долларын авлига авдаг гэж ард түмэн ярьдаг талаар Х.Нямбаатар мэдээлэл өгсөн байдаг. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор аль нэг шүүгчид эрүү үүсгэсэн үү, гэм буруутай этгээдийг тогтоосон уу гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокуророос тодруулахаар асуулга явуулна. Одоо аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ-д тайлан тавина. Тэр үед би асуулгын хариугаа авна гэж бодож байна. Хэрэв худал мэдээлэл өгсөн бол Зөрчлийн хуулиар Х.Нямбаатар гишүүн шийтгүүлнэ. Үнэн байвал буруутай этгээд нь ял авна.


Хоёрдугаарт, хуулийг дэндүү сонголттой хэрэглэж байна. Тухайлбал саяхан Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарсан. Шалгагдаж байгаа этгээдүүд дунд гэм буруугүй хүн бий. Тэр нь төрийн байгууллага руу орж, гарч байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаад цаг завгүй явдаг нэгэн залуу юм. Энэ хүн хэн хаана архи уусныг шалгаад явах цаг завгүй байдаг нь ойлгомжтой. Хуулиараа төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах ёстой болохоос төрийн албан хаагчийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээгүй шүү дээ. Төрийн албан хаагч, иргэний аюулгүй байдлыг хангах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Гэтэл тэр залууг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ зовлонтой асуудлаас болоод тэр залуугийн ар гэрийн амьдрал хэцүүдэж, төрийн албанд дахиж ажиллах боломж нь хаагдсан байна. Гайтай хүмүүсээс болоод ийм асуудалд орсон.Гэтэл манай намын гишүүн, сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нэр бүхий гишүүдтэй архи уучхаад Ерөнхийлөгч дээр орсон байдаг. Маргааш нь Төрийн ордны хамгаалалт хариуцсан хурандаа н.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймэрхүү буруутай этгээд нь өөрсдөө хариуцлага хүлээхгүй байна. “Бэрэн” компанитай холбоотой асуудлаар З.Баянсэлэнгэ анхан шатны шүүхээс ял авлаа. МАХН-ын шинэ дүрэмд хөөх тухай шийдвэрийг оруулсан би бол их баярлах байсан. Өнөөдөр гэм буруутай нь тогтоогдсон гишүүдийг намаасаа хөөх хэрэгтэй. Нам бол төрийг цэвэршүүлэх, төрд зөв жишиг тогтоохын төлөө явж байгаа юм бол өөрсдөөсөө эхлэх ёстой. Түүнээс намын дэмжлэгээр яваад байж болохгүй. З.Баянсэлэнгэ миний мэдэж байгаагаар тавдугаар сарын 19-ний өдөр “Бэрэн” компаниас танилцуулга авсан. Тухайн танилцуулга дээр 1м2 1,175,100 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг түрээсийн орон сууцанд оруулах санал байсан. Гэтэл З.Баянсэлэнгэ 1,3 саяар авах санал тавьсан байгаа юм. Ингээд тавдугаар сарын 30-ны өдөр Засгийн газраар батлуулахдаа 1,8 саяар батлуулчихсан байдаг. Энэ бол шударга бус. Ард иргэдийг ингэж дээрэмдэж болохгүй шүү. Тиймээс ийм хүмүүсийг намаас хөөх заалт орсон бол зайлуулна. Үүнээс гадна намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Энэ нь Н.Энхбаяр гэдэг хүнийг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан гэсэн үг юм. Тэгэхээр намын дараагийн Их чуулган хуралдах үед шинэ даргыг сонгоно гэсэн үг. Иймээс ирэх арванхоёрдугаар сард Их чуулган зарлаж, намын даргаа сонгох, зарим нэг үл бүтэх гишүүдийг хөөж цэвэрлэх төлөвлөгөөтэй байна” гэв.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж