БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян Тяньжин хотын Мэйжян төвд болж буй 2018 оны “Зуны Давос” олон улсын эдийн засгийн форумд оролцон үйлдвэрлэл, бизнес, банк санхүү, ухаалаг технологи, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчтэй уулзалт яриа хийсэн байна.
Тэрээр БНХАУ-ын санхүүгийн нээлт, оюуны өмчийн хамгаалалт, татварын хөнгөлөлт, инноваци болон бизнес эрхлэлт, дэлхийн худалдааны тогтолцооны шинэчлэл зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв. Дэлхийн эдийн засгийн форумын Ерөнхий зохицуулагч Клаус Шваб яриа хэлэлцээрийг удирджээ. Хятад, Америк, Европ, Япон зэрэг улс орон болон бүс нутгийн 200 гаруй төлөөлөгч тус форумд оролцов.
Ли Кэчян БНХАУ-ын эдийн засгийн нээлттэй бодлогын талаар танилцуулахдаа, “Улс орны банк санхүүгийн салбарын нээлтэй байдал нь тус орны хөгжлийн үе шат, эдийн засгийн түвшин, хяналт зохицуулалтын хүчин чадалтай нягт уялдаа холбоотой байдаг. Бид банк санхүүгийн тогтвортой байдлыг батлахын зэрэгцээ банк санхүүгийн нээлтэй үйлчилгээг эрхэмлэнэ” гэжээ. Харин татварын хөнгөлөлтийн талаар хэлсэн үгэндээ “Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс Хятадын татвар тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Энэ нь Хятад улсын эдийн засаг тогтвортой хөгжиж байгаагийн илрэл юм. Энэ оны эхний хагас жилд аж үйлдвэрийн орлого 15 хувиар нэмэгдсэн бөгөөд зах зээлийн гол үзүүлэлтүүд үргэлжлэн нэмэгдсээр байна. Үүнийг даган татварын орлого нэмэгдсэн. Дараагийн алхам бол олон салбарыг хамарсан татварын хөнгөлөлт бөгөөд, нийгмийн даатгалын шимтгэлийг багасган, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хөнгөвчлөхийг зорилтоо болгоно. Хувь хүний орлогын албан татварыг эрс багасгаж, суугуул ардын худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ. Засгийн газар санхүүгийн хатуу дэглэм мөрдөж, аж ахуйн нэгж бизнес эрэглэгчдийг хүнд хэцүү байдалд оруулахгүй, иргэдийн аз жаргалтай амьдралын төлөө чадах бүхнээ хийнэ” гэлээ.
Тэрбээр мөн инноваци болон бизнес эрхлэлтийн тухайд онцлохдоо “Инновацийн хөгжилд хүн бүхний оюуны оролцоо чухал. Бид төв голч, эрх тэгш орчныг бий болгон бүтээлч хөдөлмөрийг дэмжинэ. Хүн болгонд бүтээлчээр өрсөлдөх орон зайг бий болгох бөгөөд аж ахуй нэгжид чөлөөт боломж олгоно. Мөн гадаадын аж ахуйн мэргэжилтнүүд Хятад улсын хөгжилд хувь нэмрээ оруулахыг дэмжинэ. Шинэ эдийн засгийг хөгжүүлэхэд оюуны өмчийг хамгаалах асуудал маш чухал. Хятад улс оюуны өмчийн хамгаалалтад онцгой анхаарал хандуулна” хэмээн ярьжээ.
Дэлхийн худалдааны тогтолцооны шинэчлэлийн талаар тэмдэглэхдээ, “Өнөөдрийн байдлаар худалдааны хамгаалах үзэл газар авч байна. Дэлхийн худалдааны байгууллагын зарчим болсон олон талт худалдааны дүрмийг баримтлах нь гишүүн орон бүрийн хамтын чармайлт байх ёстой. Дэлхийн худалдааны байгууллага дүрэмдээ өөрчлөлт оруулсан ч чөлөөт худалдааны зарчим бол үндсэн ойлголт юм. Харин өөрчлөлтөөр халхавч хийж нэг улс орны ашиг сонирхолд нийцүүлж үл болно. Олон улсын эдийн засгийн чухал том асуудлуудыг нийтээрээ зөвшилцөх нь хамгийн зөв шийдэл” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ