Авлигатай тэмцэх газраас яам, агентлагуудад хийсэн шалгалтын дүн мэдээг танилцууллаа.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн хийсэн дараах мэдээллээр илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг орон нутгийн Гаалийн газрын даргаар томилсон, албан тушаалтнууд хүүхдээ гадаадын сургуульд сургах эрх олгосон, Хүнс хөдөө аж ахуй яамнаас зарласан тендерт нэг л компани арван жилийн турш ялж, ажил авсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг Гаалийн даргаар томилжээ
Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлжээ. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сүүлийн 1 жилийн хугацаанд (2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хооронд) 98 хүнийг шинээр томилсон байв. Ийнхүү томилохдоо орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Орхон аймгийн гаалийн газрын даргаар томилсон. Мөн Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Сакейн Хавалын ХАСУМ-ийг хянаад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэж үзэж энэ тухай мэдэгдсээр байтал Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчин, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/484 дугаар тушаалаар С.Хавалыг Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилсон байна.
АЛБАН ТУШААЛТНУУД ХҮҮХДЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ГАДААДАД СУРГАДАГ
Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг бөгөөд 2016 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна. Үүнээс мэргэжлийн сургалтад 25, баклаврын сургалтад 56, магистрын сургалтад 20, докторантурт 6 хүн суралцаж байна.
Харин гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан байна.
ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаад улсад суралцан төгсөж ирснээс 39 нь ажилд ороогүй гадаад улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 нь хүний нөөцийн бүртгэлд орсон буюу ажилд орж чадаагүй байна.
Мөн 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын есөн хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тус газарт хэрэгжихгүй өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байна.
2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцахаар явсан байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус, ил тод бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй байна. Дээрх оюутнуудаас Б.Түвшинбат, Ж.Отгонбаяр, Б.Бадрал, Б.Гангэрэл, Ч.Лхагвасүрэн, Ч.Батсайхан нарын зургаан хүн тус газарт ажиллаж байгаад мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа бол бусад 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна.
Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна. Иймд ИНЕГ –ын Хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, гадаадад оюутнуудыг тэтгэлэгт суралцуулах талаар тусгайлсан журмыг боловсруулж мөрдөх шаардлагатай гэж үзэж байна.
НЭГ ТӨРЛИЙН ТЕНДЕР 10 ЖИЛ ДАРААЛАН ЗАРЛАГДАЖ, НЭГ КОМПАНИ 10 ЖИЛ ЯЛЖЭЭ
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зарлагдаж буй зарим тендерийн нэр өөрчлөгддөггүй жил бүр давтан зарлагддаг. Тухайлбал, микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд нэг компани дагнан шалгарч ажлыг гүйцэтгэсэн байдаг. Ажлын үр дүн илт мэдэгдэхгүй, харагдахгүй ажлууд тендерээр хийх нь түгээмэл байна. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүн ямар байгаа талаар дүгнэн хянаж үздэггүй байна.
НЭГДҮГЭЭР СУРГУУЛЬД 41 ХҮҮХЭД АВАХ ЦОХОЛТЫГ ЯАМНЫ АЛБАН ТУШААЛТНУУД ХИЙСЭН БАЙНА
АТГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоон дээр тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн биелэлттэй танилцахаар Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн явц байдалтай газар дээр нь танилцлаа. Төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас хамаараад элсэлтийн бүртгэл нь хамран сургах тойргийн маргаан болон бусад гомдол, мэдээлэл ихтэй байсан. Тухайн сургуулийн хамран сурах тойрогт харьяалагдах өрхийн бүртгэл дээр хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрсэн байна. Мөн зарим сургуулиудад дээд шатны байгууллагын цохолттой хүүхэд элсүүлэх үзэгдэл байна. Жишээ нь улсын тэргүүний Нэгдүгээр сургууль энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй 6 бүлэг хичээллэхээс БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан. Мөн Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна. Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана.
Холбоотой мэдээ