Жүдо бөхийн 2018 оны ДАШТ-ний эрэгтэй 90 кг-н жинд Гүрж гаралтай Испани залуу Н.Шеразадишвили түрүүллээ. Ингэснээр Н.Шеразадишвили Испани улсын түүхэнд жүдо бөхийн аварга болсон анхны эрэгтэй тамирчин болж байна. Испани улс жүдо бөхийн төрөлд алтан медалийг эмэгтэй төрөлд М.Бласко 1991 онд, И.Фернандес 1999 онд тус тус аваргын алтан медалийг хүртэж байсан бол эрэгтэй төрөлд хамгийн сүүлд 2009 онд Роттердамын ДАШТ-ний эрэгтэй 66 кг-н жинд С.Уриарте манай Х.Цагаанбаатар аваргатай финалдаж мөнгөн медаль хүртэж байсан. Тэр цагаас хойш 9 жилийн дараа Испани улсаас жүдо бөхийн дэлхийн аваргын эрэгтэй төрөлд Н.Шеразадишвили финалд шалгарч анхны алтан медалийг авлаа. Ийнхүү Испани улс жүдо бөхийн төрөлд 3 дахь, анхны эрэгтэй аваргатай болж байна.
Энэ жинд медалийн таамагт яригдах Гвак Дон-хан, А.Куколь, У.Маргиани, Х.Халмурзаев, Б.Гвиниашвили, К.Тот нар шилдгүүд медальгүй хоцорсон бол медаль хүртэгсэд бүгд анхны медалиа Бакугийн татамигаас зүүсэн. Энэ жинд барилдсан манай бөх Г.Алтанбагана хэсэгтээ Японы К.Нагасавад хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.
- Алт: Испани Н.Шеразадишвили
- Мөнгө: Куба И.Силва
- Хүрэл: Япон К.Нагасава, Францын А.Клергет
Эмэгтэй 70 кг-н жинд Чикуру Арай түрүүлж Бакугий татамигаас Япончуудын 5 дахь алтан медалийг авав. Энэ жинд Японоос барилдсан өнгөрсөн оны дэлхийн аварга Ч.Арай, Ё.Оно нар хоюулаа медалийн тавцан дээр гарсан. Тэгвэл манай жүдочин Ц.Наранжаргал хэсэгтээ Нидерландын бөхөд хожигдож үзэгчдийн суудал руу шилжсэн.
- Алт: Япон Ч.Арай
- Мөнгө: Франц М.Гай
- Хүрэл: Колумби Ю.Алвер, Япон Ё.Оно
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ