"Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг прокурорт шилжүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

"Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг прокурорт шилжүүлсэн"

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцлоо. 

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг урьд шөнө баривчлан шалгаж эхэлжээ. Энэ асуудалд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог дараах хариулт өглөө.

Тэрбээр “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татсан байсан. Үүнтэй холбоотойгоор Ч.Ганзоригийг саатуулан шалгаж байна. Прокуророос өнөөдөр Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьж, шүүхээр шийдүүлнэ. Энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байна. Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, н.Мөнхжаргал, н.Амарбат, н.Галбадрах нарын таван хүнийг шалгаж байна" гэв.

-“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзоригийг хорьсон асуудалд хариулт өгөхгүй юу?

-“Жаст” групп Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Энэ асуудалд тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд холбогдолтой гэх асуудалд мөрдөн байцаалтын хэрэг нээгдэж, шалгагдаж байгаа. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Ганзоригийг өнөөдөр прокуророос шүүхэд цагдан хорих санал тавьсныг шийдвэрлэнэ. Үүний дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорьж, шалгаж байна.

-Өнгөрсөн сараас эхлээд цагдаагийн дарга нарыг цагдан хорьж байгаа гэсэн асуудал яригдах боллоо?

-Цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийн тухайд цагдаагийн байгууллага ШШҮХ-ийн шинжээч нар худал дүгнэлт санаатай гаргасан гэсэн асуудлаар холбогдон шалгагдаж байсан шинжээч нарыг авлига хээл хахуулийн шинж чанартай асуудал тогтоогдож байгаа тул хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар ШШҮХ-ийн зохих шинжээч нарыг авлигын хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шалгаж байгаа.

-Ц.Нямдорж сайдтай холбоотой асуудлыг АТГ яагаад шалгадаггүй мухарладаг юм бэ. Ц.Нямдорж сайд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхний байрыг бариулаад түүнд нь ах дүүгээ оруулсан гэдэг зүйл яригддаг?

-Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалтаас Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулахаар хандсан. Үүнд дээр хэрэг бүртгэлт нээж, зохих шалгах ажиллагааг явуулсан. Дээр дурдагдсан бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгасан. Энэ асуудалд ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурор зарим нэг зүйлийг тодруулна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Төсвийн хөрөнгөөр 21 ширхэг тээврийн хэрэгслийг өндөр үнээр буюу 2.1 тэрбум төгрөгөөр худалдан авахад нөлөөлсөн гэгдэх Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Бадралын хэрэг юу болсон бэ?

-ОБЕГ-ын дарга Т.Бадралтай холбоотой асуудал мөрдөн байцаах шатанд явж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Ч.Ганзоригийн хэрэг дээр хэчнээн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм бэ. Өөр хүмүүсийг баривчилсан уу?

-Эрүүгийн хэрэг дээр тодорхой хүмүүсийн мэдүүлсэн мэдүүлгийг дэлгэрэнгүй нийтэд зарлах хуулиар хориотой. Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэртэй хамааруулж саатуулсан асуудалд байхгүй. Түүнийг “Жаст”-ын хэрэг асуудалд холбогдуулан шалгаж байгаа. Нийтдээ энэ хэрэгт таван хүн холбогдон шалгаж байна.

-Гурван сая ам доллар хураагдсан гэсэн асуудал яригдлаа?

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Г.Алтан-Очир гэх хүнийг шалгаж байгаа нь үнэн. Энэ хүнтэй холбоотойгоор цагдаагийн өөр дарга нарыг шүүгчийн захирамжаар цагдан хорьж байгаа асуудал байхгүй.

-Экс ерөнхий сайд нарын асуудалд шинжээчийн дүгнэлт яригдаж байна шүү дээ. Сүр дуулиантай баривчилгаа хийгээд сураг алдардаг үзэгдэл бий болчихлоо?

-Сонин хэвлэлээр өчигдрөөс эхлээд ерөнхий сайд нартай холбогдолтой хэргийн талаарх дүгнэлт гарсан гэх мэдээлэл бичигдэх боллоо. Тус хэлтэст шалгагдаж байгаа олон улсын гэрээтэй холбоотой асуудалд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилдэг. Хууль тогтоомжийн хүрээнд бид нар аль болох шийдвэрлэхээр ажиллаж байгааг энэ дашрамд хэлье. Ерөнхий сайд нарын холбогдсон хэрэгт олон төрлийн шинжилгээ хийгдэнэ. Тухайн асуудлыг үзэж харах, шинжлэх зүйл асар их бий. Албан ёсоор шинжилгээний дүгнэлт ирээгүй. Ямар асуудлаар дүгнэлт гаргаж тавьсныг бид сайн хэлж мэдэхгүй. Гэм буруутай эсэхийг прокурорт шилжүүлнэ. Хууль эрх зүйн зохицуулалтын журам нь тийм.

-60 тэрбумын асуудал юу болж байна вэ?

-Та бүхний мэдэж байгаагаар прокурор хэргийг хаасан. Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг дагуу дээд шатны прокурор хэргийг сэргээсэн. Ингээд гурван байгууллагын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг даалгасан. Хэрэг асуудлыг сэргээх, мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь прокурорын эрхийн асуудал. Одоогоор тагнуулын байгууллага дээр голлон төвлөрч, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөн прокурорын хяналтад шалгагдаад явж байгаа юм.

АТГ-аас сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал хийж байна

Posted by News.mn on Monday, September 24, 2018

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж